Аливаа улс орны зэвсэгт хүчин болон цэргийн дээд хэргэм цол нь маршал байдаг. Энэ үг эртний герман хэлний marascaih гэдэг үгнээс гаралтай бөгөөд агтчин хэмээх утга илэрхийлдэг байжээ. XVI зуунд анх Францад энэ нэршлийг цэргийн дээд хэргэм цол болгон ашиглаж, XIX зуунаас хойш Испани, Турк, Итали, Япон болон бусад улсад түгжээ. 1936 оны хоёрдугаар сарын 21-нд Улсын Бага Хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Х.Чойбалсан, Бүх цэргийн жанжин, Цэргийн явдлын яамны сайд Г.Дэмид нарт анх удаа маршал цол олгосноор, энэ үг монголчуудын танил болжээ. Дараа нь 1979 онд Халх голын дайнд ялсны 40 жилийн ойгоор Ю.Цэдэнбалд БНМАУ-ын маршал цол олгожээ.
Маршалд зориулсан ёслолын сэлмийг 1944 онд ЗХУ-д захиалгаар хийлгэсэн аж. Монгол цэргийн музейд байдаг энэ үзмэр хүмүүсийн анхаарлыг багагүй татдаг аж. Эрдэнийн чулуу болон үнэт металлаар чимэглэсэн энэ сэлэмний хуйг 583 сорьцтой алтаар бүрж чимэглэжээ. Тэгэхдээ алхан болон угалзан хээгээр чимэглэж, үзүүр хэсгийг нь бүрж, товойлгосон байна. Хоёр талынх нь өлзий хээг алтаар үйлджээ. Сэлэмний бариулын урд хэсгийг 583 сорьцтой алтаар бүрж, дээр нь БНМАУ-ын сүлд, эрдэнийн чулуу шигтгэсэн байна. Энэ хуйтай сэлэм нийт 137 ширхэг эрдэнийн чулуун шигтгээтэй. Үүнд бадмаараг 46, маргад 81, доржпалам дөрөв орсон бөгөөд үлдсэн нь бусад төрлийн эрдэнийн чулуу аж. Мөн хуй нь хоёр ширхэг алтан гархитай. Маршалын ёслолын сэлэм 96 см, хуй нь 90 см урттай. Нийт жин нь 1.7 кг юм.
Ж.СОЛОНГО