Монгол Улсын СГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт, Дүрслэх урлагийн дээд сургуулийн монументаль уран зургийн багш, зураач Ц.Нарангэрэлийн “Намрын хонгор салхи” нэртэй бие даасан үзэсгэлэнгийн нээлт маргааш МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд болох юм.
Үзэсгэлэнд зураачийн сүүлийн хоёр жилд шинээр бүтээсэн 70 гаруй тосон будгийн бүтээл, судалбар зургийг дэлгэх юм. Бүтээлүүдийн ихэнх нь байгалийн сэдэв голлосон ба Монгол орны байгалийн үзэмжийг баялаг өнгөөр илэрхийлэн гаргаснаас гадна зураачийн Европын орноор аялан тэмдэглэсэн шинэлэг бүтээлүүдийг дэлгэж буйгаараа онцлогтой. Үзэсгэлэн энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Дашрамд дурдахад, тэрээр олон шавь нарыг төрүүлэн гаргаж Монголын дүрслэх урлагт өөрийн хувь нэмрээ оруулан, гадаадын олон оронд Монголынхоо урлагийг сурталчилжээ. Түүний бүтээлүүд Уран зургийн галерей, уран зураг цуглуулагч нарын хувийн галерейд олны хүртээл болсоор байна.