Бага насны зарим дурсамж бүүр түүрхэн санагдах хэрнээ, зарим нь өчигдөр болсон мэт сэтгэлд тодрох нь бий. Гэхдээ энэ нь цаг хугацааны хол ойроос хамаардаггүй бололтой. Манай сонины “Миний бага нас” буланд зочилсон эрхмүүд шинэ жилийн баяртай хамт сэнгэнэх жүржийн үнэр, инээд наргиантай хослох ангийн андуудынхаа тухай дурсахдаа аль болох алсыг чиглэн, эртний дурсамжаа хуваалцдаг. Энэ удаа УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар, ҮДБЭЧ-ын уран нугараач О.Цэцэглэн нарын бага насны дурсамжаар аяллаа. Бас багын төрхөө гээгээгүй олны танил эрхмүүдийн зургийг нийтэлж уншигчдаараа нэрлүүлэхийг зорилоо. Та бүхэн манай тааврын хариултыг bichita@ mongolnews.mn хаягаар илгээгээрэй. Бүх хүнийг зөв нэрлэсэн эхний уншигчид гэнэтийн бэлэг барихаас гадна дараагийн удаа эдгээр алдартны бага насны дурсамжийг хүргэх болно.
ҮЙМЭЭНИЙ ЭЗЭН
Уран нугараач О.Цэцэглэн авьяас , чадвараараа эх орныхоо нэрийг гаднын улс оронд гаргаж, сурталчилж яваа нэгэн. Тэрбээр уран нугаралтдаа маш их хайртай, дуртай гэсэн. Өдгөө 16 дахь жилдээ нугарч байгаа ч түүний амжилт буураагүй л байгаа. Өнгөрсөн онд ОХУ-д болсон “IDOL 2014” уралдаанд тэрбээр уран нугараач Г.Нямгэрэлийн хамт амжилттай оролцоод ирсэн. О.Цэцэглэн бүр хоёр, гурван настай байх үеийнхээ тухай ч санадаг гэсэн. Тэр ч бүү хэл жаахан охин байхдаа аавыгаа гэртээ ирсэн зочдыг үдэж байх хооронд ширээн дээр үлдсэн архины шавхруу ууж байснаа ч мартаагүй явна лээ. Бас нэг насны зөрүүтэй ахтайгаа нийлээд том тогоонд чанасан мах, төмс гаргаж идээд сууж байснаа ч тод санадаг аж. Тэр үед ах нь дөрөв, өөрөө гурван настай байсан аж. Багын адтай, авхаалжтай байсан энэ охин таван настай байхдаа зурагтаар уран нугаралт үзжээ. Хоёр бүсгүй үегүй мэт нугарахыг хараад тэднийг дуурайн нугарч эхэлжээ. Ээж нь охиныхоо авьяасыг хөгжүүлэхээр Улсын цирк рүү очсон ч нас нь бага учраас авсангүй. Ингэж явсаар найман настайдаа анхны багштайгаа учирч, түүнээс хойш нугарч байгаа аж. Бага байхаасаа зураач, балетийн жүжигчин, дуучин, циркийн жүжигчин болох мөрөөдөлтэй байсан тэрбээр өдгөө гурав дахь мэргэжлээ эзэмшихээр суралцаж буй. Анхны мэргэжил нь уран нугараач, дараа нь нягтлан бодогч болж, одоо загвар зохион бүтээгч болохоор сурч буй. Гэхдээ тэр уран нугарахаа болихгүй гэсэн. Биеийнхээ чадал, авьяасынхаа хязгаарт хүртэл анхны мэргэжилдээ үнэнч байх хүсэлтэй аж.
Та тэднийг таних уу
“ЛЕНИНИЙ ЗААСАН ЗАМААР УРАГШАА”
УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар таван настай байхдаа анх уншиж сурчээ. Яармагт байдаг ахындаа зочлохоор автобусанд сууж явахдаа одоогийн “Мишээл экспо” орчимд байсан “Лениний заасан замаар урагшаа” гэсэн бичгийг анх удаа үсэг холбон уншсан гэдэг. Түүнд үсэг заасан багш нь хажуу айлынх нь эгч Оюунаа. Айлын ганц хүү болохоор хань татан хажуу айлдаа орж тоглох дуртай байжээ. Тэр үед Оюунаа эгч нь сургуульд орж, үсэг үзэж, хичээлээ давтаж суухад Амгаа хажуугаас нь сурсан байгаа юм. Жаахан байхдаа тэрбээр улаан таван хошуутай, шовгор оройтой саарал малгайндаа жигтэйхэн хайртай байжээ. Бас таван хошуун аралтай цэрэг бүснээс салдаггүй байсан гэнэ. Багын мярайлаг байсан болохоор түүнийг найзууд нь “Банданов” гэж хочилдог байв. Гэхдээ ингэж дуудсан хүүхдийг зодохоос ч буцахгүй уурладаг байсан тухайгаа тэрбээр инээмсэглэн ярьсан юм. Одоо бол түүнд хүүхэд насны бүх дурсамж нь сайхан санагддаг. Хэрэв эргээд хүүхэд болох боломж тохиовол 15 настай байсан үе рүүгээ буцна гэсэн.
Бага тойргийн найзууд, ангийн андуудтайгаа нийлж банзан гитар тоглож явсан тэр үе нь түүнд үнэтэй. Ариунсанаа, Амарсанаа, Ариунболд, Жавхлан, Ган-Эрдэнэ, Сэргэлэн нарын зургаан багын найзтайгаа одоо ч Амгаа дотно нөхөрлөдөг. “Драм дөрөв” хамтлагтай дуулсан олон дууг энэ найзуудтайгаа л дуулж явсан гэдэг. Амгаланбаатар хотод төрж Амгаланбаатар нэртэй болсон энэ хүү таван настайдаа бага тойрогт нүүж ирээд, тавдугаар сургуулийг дүүргэж, дараа нь СУИС-д элссэн юм билээ. Наймдугаар ангид байхдаа ирээдүйн мэргэжлээ сонгож, өдий хүртэл үзэгч түмнээ уран бүтээлээрээ баярлуулж яваа нь түүний амжилт.