Английн ханхүү Эндрю насанд хүрээгүй эмэгтэйтэй эр, эмийн харилцаатай байсан байж магадгүй гэх Америкийн хэвлэлд гарсан мэдээллийг Букингемийн ордон няцаав. Флорида муж улсын шүүхэд нэрээ нууцалсан эмэгтэйн өгсөн баримтад Эндрюгийн нэр орсон байжээ. Санх үүч Жеффри Эпстинтэй холбогдуулан хэдэн жил хийж буй мөрдөн шалгах ажиллагаатай уг баримт холбоотой аж. 1999-2002 оны хооронд уг эмэгтэйг нас биед хүрээгүй байхад нь Эндрютэй өвөр түрийдээ орохыг Эпстин шаардаж байсан гэж тэр бүсгүй нотолдог гэнэ. “Иргэний нэхэмжлэлээр удаан хугацаанд мөрдөн шалгаж буй энэ хэрэгт ханхүү ямар ч хамаагүй. Насанд хүрээгүй охидтой орооцолдсон гэх аливаа хардлага сэрдлэг бодит байдалд нийцэхгүй” гэж хатан хааны гэр бүлийн хэвлэлийн албаны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Насанд хүрээгүй эмэгтэйг албадан биеэ үнэлүүлсэн гэх хэрэгт Америкийн бизнесмен Жеффри Эпстинийг 18 сар шоронд хорьсон бөгөөд ханхүү Эндрю ч түүнтэй нөхөрлөж байсныхаа төлөө 2011 онд уучлалт хүсэхэд хүрсэн байна. Нэрээ нууцалсан эмэгтэй өөрийг нь Лондон, Нью-Йоркод болон Эпстиний эзэмшилд байдаг арал дээр гурван удаа ханхүүтэй хүчээр энгэр зөрүүлүүлсэн гэж хэлээд байдаг аж.
Р.ЖАРГАЛАНТ