“Музейн захирлаар ажиллаад арав дахь жилтэйгээ золгож байгаа миний хувьд шинэ байраа хурдан бариулж, ашиглалтад оруулахын тулд юу ч хийхэд бэлэн. Байж болох бүх аргыг хайж, боломжтойг нь авч хэрэгжүүлэхийн тулд хэл, хөл хүрэх газраа явж байна” хэмээн Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар аргаа барж сууна. Түүнтэй ярилцлаа.
-Байгалийн түүхийн музейн байрыг нураах шийдвэр гарснаас хойш үйл ажиллагаа нь зогсоод хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Гэтэл энэ оны төсөвт байрыг тань нураах мөнгийг яагаад суулгаагүй юм бол. Хуучин байраа нураах болон шинэ барилгын зураг төсөл тань бэлэн болоогүй байсан юм уу?
-Манай музейн хувьд бүх зүйл мөнгөнөөс болоод гацаад байна. Барилга буулгахад айхтар зураг төсөл шаардахгүй шүү дээ. 990 орчим сая төгрөг байхад л барилгыг маань буулгана гэж төсөвлөсөн. Энэ мөнгийг Байгалийн түүхийн музейн шинэ барилга барихад шаардлагатай 24 тэрбум төгрөгийн төс өвт багтаагаад оруулчихсан байгаа. Манай шинэ барилгын зураг төсөл, газрын асуудал, цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны систем, холбоогоор хангах гээд бүх зүйл нь бэлэн. Тусгаар тогтнолын ордноос эхлээд сүүлийн үеийн шилдэг зураг төс өлтэй барилгуудын зургийг хийсэн “Балдас” гэдэг компани бидэнтэй хамтарч ажилласан. Мөн “Музейн хуучин барилгыг буулгаад, буурин дээр нь шинэ байр барина” гэсэн Нийслэлийн Засаг даргын захирамж гарчихсан. Барилга барихад шаардлагатай үндсэн зөвшөөрлүүдийг олгодог газрууд хүртэл “90 жилийн түүхтэй төв музейнхээ үүдийг барьчихаж болохгүй” гээд бидэнд маш хурдан гаргаж өгсөн. Хуучин ССАЖЯ-ны удирдлагууд ч манай байрыг нураалгаж, шинийг нь бариулах гэж чадлынхаа хэрээр зүтгэсэн. Би өөрөө УИХ-ын нэр бүхий арваад гишүүнд хандаж, албан захидал хүргүүллээ. Тэгээд тэгээд хүчирсэнгүй. Саяхан би нөгөө хүмүүстэйгээ дахиад уулзлаа. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт болон Ё.Отгонбаяр тэргүүтэй гишүүд “Энэ жил улс орны эдийн засаг үнэхээр хүнд байна. Тиймээс танай музейн барилгын асуудал 2015 онд лав худлаа болох нь. Гэхдээ бид 2016 оны сонгуулийн “өвчин” эхлэхээс өмнө асуудлыг ямар ч гэсэн дахиад тавих болно” гэсэн. Хэдхэн хоногийн өмнө бас Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт албан захидал бичлээ.
-Эдийн засаг, бас дахин эдийн засаг гэсэн төрийн түшээдэд өв соёл, шинжлэх ухааны салбар хамгийн үр ашиггүй хэмээн “ад үзэгдээд” байх шиг. Байгалийн түүхийн музейн барилгыг хурдан ашиглалтад оруулахын ач холбогдлыг Та тэдэнд хэлж өгөхгүй юү?
-Энэ бол ямар ч үр ашиггүй зүйл биш шүү дээ. Байгалийн түүхийн музейгээр хүүхдүүд, жуулчид хамгийн их үйлчлүүлдэг. Тэр утгаараа манайх Монголдоо хамгийн их орлоготой музей. Хотод байгаа дунд зэргийн 5-6 музейн бүтэн жилийн орлогыг манайх дангаараа олдог. Шинэ байрандаа орчихвол нэг жилд олдог 120 гаруй сая төгрөг маань хамгийн багадаа л гэхэд гурав дахин нэмэгдэнэ. Тэгээд ч зөвхөн музейн үзмэр үзсэн хүмүүсийн тоогоор орлого хязгаарлагдахгүй. Шинээр барих долоон давхар байранд маань олон үндэстний хоолны газар, 250 хүний суудалтай 3D кино театр зэрэг үйлчилгээний газрууд байх юм. Кино театрын танхимд урлаг соёлын нэгдсэн арга хэмжээ, хурал зөвл өлгөөн зохион байгуулсан ч болно. Эндээс мөнгө орж ирнэ. Бас 21 аймгийн музейн байгалийн түүхийн үзмэрүүдийг сэргээн засах, шинээр дэглэх, чихмэл үүдийг нь хийж өгч нийлүүлэх нэгдсэн лаборатори энд байгуулахаар төлөвлөсөн. Тэд мэдээж энэ ажлыг ямар ач холбогдолтой, чухал гэдгийг мэдэх учраас манайхнаар юмаа үнэгүй хийлгэхгүй. Энэ бүх мөнгө улсын төсөвт л орно шүү дээ. Одоо сонсоход 24 тэрбум төгрөг гэдэг их мөнгө юм шиг боловч тэр хэрээрээ ач холбогдол, үр өгөөж нь их гэдгийг хүмүүс ойлгоосой. Магадгүй ийм хэмжээний урлаг соёлын томоохон цогцолборыг манайх ойрын 50-60 жилд барьж чадахгүй учраас нэгэнт зүтгэсэн дээрээ олигтойхон юм хийчихье гэж бодсон юм. Гэтэл бидний үгийг ойшоохгүй байгаа нь харамсалтай. Улс орны бэл бэнчин хүрэхгүй байгаа юм бол манай барилгын салбарын томоохон компаниуд үндэсний музейнхээ барилгыг бариад өгчихөөсэй гэж бодох юм. “Хурд” групп, “Алтай констракшн”, “MCS” тэргүүтэй үндэсний хэмжээний том корпорацууд санаачилга гарган Засгийн газартай байгуулаад түншлэлийн гэрээгээр Байгалийн түүхийн музейн байрыг барьчихаасай гэж танай сониноор дамжуулан хүсмээр байна. Бүр муугаар ярихад байрны маань долдугаар давхар нь оффисын зориулалттай учраас тэр барилгын компани улсаас мөнгөө авч дуустлаа өөрсдөө тэнд байрлаж ч болно. Гэтэл манай барилгын компаниуд бүгд л орон сууцны барилга бариад байдаг. Үнэндээ тэр зах зээл нь хэдийнэ ханачихсан. Үүнийхээ оронд ганц музейн байр барих нь тэдний хувьд ядаж цөхөөд байх юм биш шүү дээ. Харин үүний хариуд тэдэнд асар их нэр хүнд ирнэ гэдгийг би амлаж чадна. Яагаад гэвэл 16 мянган ам метр талбайд Байгалийн түүхийн дагнасан музей байгуулсан улс Азид Монголоос өөр байхгүй болох юм. 2007 онд Шанхайд байгуулсан Шинжлэх ухаан технологийн музей өнөөдөр хэмжээгээрээ дэлхийд эхний тавд ордог. Өдөрт 11 мянган хүн үйлчлүүлдэг тус музейн танхимын 20 хувьд палеонтологийн, 30 орчим хувьд нь байгалийн түүхийн үзмэр байх жишээтэй.
-Байгалийн түүхийн музейн барилгыг нураах шийдвэр гаргасан цагаас эхлээд л газрыг нь булаах нь гэдэг хардлага дагасан. Ер нь танай музейн өмчид хэдий хэмжээний газар байдаг юм бэ. Тэр хэмжээ одоо ч тоо ёсоороо байдаг уу?
-Шулуухан хэлэхэд, газраа алдах вий гэж эмээсэндээ л би шинэ барилгын зураг төслөө маш хурдан зуруулсан. Тэгж шаргуу хөөцөлдсөний дүнд ч 400 сая төгрөгөөр зураг төслөө хийлгэсэн. Улсаас тийм хэмжээний мөнгө гаргуулж, гадаадын олон орны музейн барилгаас үлгэр дуурайл аван байж хийлгэсэн ажлаа одоо устгуулвал баларна биз дээ. Тиймээс олон нийтийн хэрэгслийн анхаарал, хараа хяналтад байнга байлгахыг хичээж байна. Манай музейн өмчид 16 мянган ам метр газар байдаг. Энэ газраас 190 ам метрийг алдсан байдаг юм билээ. 1998 онд газрын наймаа ид цэцэглэж байх үед музейн ажилтан эмэгтэй хашаан доторх түлээний амбаарыг нь хувьчилж аваад, бусдад дамлан зарсан байдаг. Нэгэнт хувь хүний өмч болсон учраас тэр жаахан газрыг тойруулаад бид зураг төслөө хийлгэсэн.
-Танай ажилтнууд ингэхэд одоо хаана, юу хийцгээж байна вэ?
-Энэ улсын соёлын салбар харалган, бүтэлгүй, алсын бодолгүй бүлэг хүмүүсийн цаг зуурын золиос бүү болоосой гэж боддог. Арван мянга гаруй хүн хална гэсэн дүйвээнээр он гарсаар манай музейн ажилтнуудын тал хувь нь сул зогсолтод хамрагдах болчихлоо. Манайх нийтдээ 42 ажилтантай байснаас одоо музейн үзмэрийг харгалзан, цэвэрлэж, тордож байдаг бүх хүн ажилгүй боллоо. Одоо энд үлдсэн 20-иод хүнээс дөрөв нь харуул, жижүүрүүд. Хөдөлмөрийн хуулийнхаа дагуу харуул, жижүүрүүд дөрөв байх ёстой юм. Тэгээд үлдсэн хэдхэн хүн нь маш их ачаалалтай ажиллах болоод байна. Шинэ барилга маань ашиглалтад ороход гурав дахин том талбайтай болох учраас үзмэрийн тоогоо гурав дахин нэмэх хэрэгтэй болно биз дээ. Мөн одоо байгаа үзмэрийнхээ дор хаяж 30 хувийг шинэчлэх шаардлага байна. Тиймээс барилгын ажлаа хүлээж байх хоорондоо бид хөдөө орон нутгаар хайгуулаар явж, судалгаа шинжилгээ хийх, чихмэл хийх амьтдаа агнах гээд урьд урьдынхаас илүү хөрөнгө, хүчээр ажиллах хэрэгтэй болчихлоо. Наад зах нь дэлхийн жишгээр шинэ музейдээ бид Монголынхоо есөн гайхамшгийг макетаар үзүүлэх гэж төлөвлөөд байсан юм. Жишээ нь, Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн бүтээн байгуулалтыг хүмүүст бодит юм шиг үзүүлэхийн тулд манайхан тэнд очиж судалгаа хийх хэрэгтэй байна. Гэтэл үүнийг маань Сангийн яамныхан ойлгохгүй, бүх төсвийг хасаад “тана, хэмнэ” гээд л байх юм. Өнгөрсөн хугацаанд бид тэдний төсөөлж байгаа шиг гараа хумхиад зүгээр суугаагүй. Арван мянга гаруй үзмэрээ тоолж, баглаж, савлан зөөсөөр оны өмнөхөн л дууслаа. Бас нэлээд хэсэг нь яамны ажилд дайчлагдлаа. Мөн цөөнгүй ажилтнууд маань Гандантэгчэнлин хийдийн бурхдыг бүртгэх, коджуулах нөр их ажилд дайчлагдаад одоо хэр нь дуусаагүй байна.
-Үлэг гүрвэлийн музей байгуулахаар танайд байдаг палеонтологийн үзмэрүүдийг тийш нь шилжүүлэх болов уу. Эсвэл хоёр талд адилхан динозаврын яс үзүүлээд байх юм уу?
-Дан палеонтологийн үзмэр буюу динозаврын араг ясаар музей байгуулна гэж зүтгэхээсээ өмнө Оюунгэрэл сайд хэрэв надаас асуусан бол би байр сууриа хэлэх л байсан. Дэлхийн жишгээр бол палеонтологийн үзмэрүүд хаана байдаг вэ гэхээр Байгалийн түүхийн музейнхээ 20-30 хувийг л эзэлдэг. Палеонтологийн олдворууд дангаараа музей болж байсан түүх хэзээ ч үгүй. Гэтэл манай сайд надаас битгий хэл палеонтологичдоосоо ч асуулг үй ийм зүйл хийсэн. Монголд ганц байдаг Байгалийн түүхийн музей маань ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнтэй сүүлийн 50 гаруй жилийн турш хамтран эвтэй найртай ажиллаж ирсэн. Цаашид ч тэгнэ гэдэгт би итгэдэг. Палеонтологийн хүрээлэнгийнхэн өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр олж, судалж, боловсруулдаг динозаврын араг яс, өндөгнүүдээсээ хамгийн сонирхолтойг нь манай музейд тавьж хүм үүст үзүүлдэг. Тэгснийхээ төлөө танай орлогоос тэдэн хувийг авна гэж хэл ам гаргаж байсан удаагүй. Энэ зарчмыг шинээр байгуулах Байгалийн түүхий музейдээ ч хэвээр нь уламжлан ажиллах болно гэдгээ би Палеонтологийн хүрээлэнгийн удирдлагуудтай яриад тохирчихсон байгаа. Тиймээс музей маань хэзээ ашиглалтад орно, тэр үед нь бид бараг 3000 ам метр талбайд палеонтологийн үзмэрийн танхим нээж, одоо байгаа тарбозавраа байршуулахаас гадна дэлхийн шинжлэх ухаанд хараахан танигдаагүй шинэ олдворуудыг нэмж үзүүлье гэж төлөвлөсөн. Миний бодлоор Лениний музей бол тийм ч том барилга биш. Түүнийг дүүргэх хэмжээний үзмэрүүд манай музейн нэг танхимд байрлах боломжтой. Гэтэл Лениний музейг нээгээд Палеонтологийн үзмэр дэлгэе гэхнээ тэдэнд ганц ширхэг яс ч байхгүй учраас мөн л Палеонтологийн хүрээлэнгийнхнийг гуйна шүү дээ. Тэгсэн хэрнээ тэдэнтэйгээ хэл амаа ололцсон, ярилцсан юм огт байхгүй гэдгийг би хүмүүсээс сонссон. Ямар сайндаа л “Манай үзмэрүүдийг булаагаад авна гэж бодож байгаа юм байлгүй дээ” гэх вэ дээ. Лениний музейн байрны зориулалтын талаар өдийг хүртэл надаас нэг ч сэтгүүлч асуусангүй. Уг нь бол энэ байрыг социализмын үед нэг хүнийг тахин шүтэхэд зориулсан барилга гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Үнэхээр ч Лениний музейн барилгын дотоод засаг чимэглэл энэ тэрийг нь харж байхад явж явж ганц палеонтологийн үзмэрт л хамгийн тохиромжгүй юм билээ. Лениний музейд түүхэн янз бүрийн үзмэрүүд, уран зургийн галерей, байгалийн түүхийн музейн олдворууд байх боломжтой. Харин дан ганц палеонтологийн үзмэрүүдийн музей болгоход үнэхээр зохимжгүй юм байна лээ.
-Сайд асан Ц.Оюунгэрэл тэгвэл “Энд үлэг гүрвэлийн музей л ороход хамгийн тохиромжтой барилга” гэж зүтгэсээр байгаад ш үүхээр заргаа авсан шүү дээ. Одоо тэнд нь хэн, ямар үйл ажиллагаа явуулах юм бол?
-Мэдэхгүй. Учир мэдэх хүмүүсээс нь лавлаж асуугаагүй учраас өөрсдөө л тэгж дүгнэсэн юм болов уу даа. Хэрэв надаас асуусан бол хэлээд л өгөх байсан. Надаас асуугаагүй байхад би шинэ томилогдсон хүнийг ажил хийлгэхгүй шүүмжлээд, орилоод байх нь утгагүй гэж бодоод харзнаж байсан юм. Гэтэл тэд асуудалд арай л хөнгөн хуумгай ханджээ гэдэг нь одооноос мэдрэгдэж байна. Орох оронгүй хэрнээ Үлэг гүрвэлийн музей байгууллаа гэж сүржигнээд 50-60 хүн ажилд авч, улсын төсвийн мөнгийг үрсэн. Гэтэл одоо нөгөөдүүлийнхээ ихэнхийг нь халчихсан байх жишээтэй.
Л.ГАНЧИМЭГ