“ОХУ-ын Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд докторантурт сурч байхдаа номын санд 09.00 цагаас эхлээд орой хаатал нь сууна. Номоо хураалгахдаа өндийж харахад С.Дашдондог бас сууж байдагсан” хэмээн Төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюун театр судлаач С.Даншдондогийн тухай дурссан байдаг. Хөгжимт драмын театрын дарга, уран сайхны удирдагч, ДБЭТ-ын дарга, УДЭТ-ын уран сайхны удирдагч, УБИС-ийн Кино драмын тэнхимийн эрхлэгч тэргүүтэй олон алба хашиж байсан түүнийг Монголын театр судлалын түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг. Түүний охин Батсайхан аавынхаа мэргэжлийг өвлөн, Ленинградын Театр, хөгжим, кино урлагийн дээд сургуулийн театр судлалын ангид сурч, Сорбоны их сургуульд дэд докторын зэрэг хамгаалж, өдгөө СУИС-д багшилдаг аж. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Таны аав гадаадад мэргэжил эзэмшсэн Монголын анхны дээд боловсролтой театр судлаачаас гадна энэ чиглэлийн ангийг анх нээсэн гэдэг. Анхны гэсэн тодотголтой өөр юу хийж, бүтээсэн бол?
-Аав минь 1942 онд Урлагийн дунд сургууль төгсөөд Улсын төв театрт дагалдан хөгжимчнөөр 1950 он хүртэл ажилласан. Б.Дамдинсүрэн, Д.Лувсаншарав, Ж.Чулуун гээд бүгд ардын хөгжим тоглодог байгаад сүүлд Буриад багш нараар симфони хөгжим заалгасан гэдэг. Тэр үед аав хуучир хөгжимчин байгаад анхны тромбон хөгжимчдийн нэг болсон юм билээ. Түүнийг Орос руу хөгжмийн найруулагч болгохоор явуулсан ч тэр жил сурах ёстой ангид нь элсэлт аваагүй. Тэгээд хувь заяагаараа театр судлалын ангид элсэж, шүүмж судлаач болох эхлэлээ тавьсан. Түүнийг анхны дуурь, балет судлаач гэж болно. Ааваас өмнө театр судлал байхгүй биш байсан. Ш.Аюуш, С.Буяннэмэх, Н.Ядамсүрэн тэргүүтэй зохиолчид жүжиг, театрын тухай бичиж, үечилж байсан. Б.Ренчин гуай анх дуурь, балетуудыг шүүмжилж байлаа. Гэхдээ тэд утга зохиол талаас нь бичдэг, энэ чиглэлээр тууштай бүтээл хийгээгүй. Аав 1960 онд сургуулиа төгсөж ирснээс хойш 1921-1990-ээд он хүртэлх Монголын театрын урлагийг судалж, түүх, онол аргазүйн шүүмж, хөргийн 200 гаруй өгүүлэл бичиж, 10 гаруй ном хэвлүүлжээ. Бас уран бүтээлчдийн амилуулсан дүрд дэлгэрэнгүй задаргаа хийж, ганц хүний намтар судлалын үндсийг тавьсан гэж болно.
-Уран бүтээлийн ийм олзтой, бас урлагийн томоохон байгууллагуудад удирдах албан тушаал хашиж байсан хэрнээ яагаад гавьяа цолгүй юм бэ?
-Тэр их түвэгтэй асуудал. Ер нь шүүмжийг “Аа сайхан бичжээ” гэж хэн ч баярлаж хүлээж авдаггүй. Уран бүтээлчдийн тухай магтаж бичлээ гэхэд тэд л мандаад байдгаас биш, судлаачид нь ард хоцорчихдог. Нөгөөдүүл нь ч баярлалаа гэж хэлдэггүй. Тэр үед Дашдондог гэдэг хүн дайсан байлаа шүү дээ. Яагаад гэвэл манай хүн их шударга, үнэнийг нь хэлчихдэг учраас хүмүүсийн дургүйг их хүргэнэ. Архи уудаггүй байсан болохоор найз нөхөд цөөнтэй. Дээрх шалтгаануудаас болоод ар өврийн хаалга байгаагүй. Өөрөө ч цол, хэргэмийн хойноос хөөцөлддөггүй байсан. Үүнийг хэлж болох, эсэхийг мэдэхгүй юм. Э.Оюун гуайг урлагийнхан бурхан гэж үздэг. Тэр нь зөв өө, гарамгай найруулагч, орчуулагч, жүжгийн зохиолч гэдгийг нь хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ тэр хүнд ч бас дутагдалтай тал бий. Өөрөөсөө дээш хүн гаргах дургүй, аавын өрсөлдөгч байсан учраас дэмждэггүй байсан. Тийм ч учраас УДЭТ-т ажиллаж байсан манай ээжийг ч бас дарна. УДЭТ-т хамт ажиллаж байсан Лха.Долгор нь гавьяат жүжигчин болчихоод байхад ээжид минь гавьяа цол өгөөгүй.
-С.Дашдондог гуай баян айлд зарцлагдаж, хуурай худагт хоригдож, өнчин ядуугийн эрхэнд үхсэн малын сэг хүртэл идэж байсан гэдэг. Хүүхдүүддээ юу гэж сургадаг байв?
-Би нэг ах, гурван эмэгтэй дүүтэй. Аав “Хүнээс юм гуйж болохгүй. Та нар хэнээс ч тусламж авах ёсгүй. Өөрсдийнхөө л амьдралыг авч явах ёстой. Ядуус л хүнд тус дэм болдог. Эмэгтэй гээд тогооны бариул болж болохгүй. Өлгийтэй хүүхдээ тэврээд ч болтугай ажлаа хийж, эрчүүдээс дутахааргүй амьдраарай. Энэ олон найз чинь хуурамч шүү. Хүний мөн чанарыг мэдэхгүй л байна даа” гэж захидаг байсан. Эмэгтэй хүн их унтаж болохгүй гээд өглөө 07.00 цагт сэрээчихдэг. Бага байхаас л театр руу дагуулж явдаг байсан болохоор дууриудын цомнолыг цээжилчихдэг байлаа. “Травиата”, “Фауст” тэргүүтэй олон сайхан дуурийг ари аригаар нь дуулдаг байлаа. Аав ном их хураадаг, манайх арвин номтой айл байсан. Хүүхдүүд бид тэр бүгдээс мэдээлэл авч, уран зураг, сонгодог урлаг сонирхож хүмүүжсэн. Багадаа номноос харж өссөн өнөө бүтээлүүдийг хожим Эрмитаж, Луврын музейд очихдоо хараад “Аав минь биднийг мөн ч сайн хүмүүжүүлж дээ” гэж бодсон. Тиймээс ч, үр хүүхдүүд нь одоо сайн яваа, манайх дөрвөн доктортой. Том дүү Баярсайхан маань Оксфордын их сургуулийг төгссөн, МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш бол Жаргалсайхан Вена хотод цөмийн химич хийдэг. Түүний ажилладаг Цөмийн энергийн агентлаг хэдхэн жилийн өмнө Нобелийн шагнал хүртсэн. Удаах дүү Энхсайхан монгол хүний хромосомыг судалдаг биологийн ухааны доктор.
-Ээж тань анх тоглосон дүрийнхээ нэрийг танд хайрласан гэж дуулсан.
-Э.Оюун гуайн “Гайхамшигт лимбэ” жүжигт Батсайхан гэж эмэгтэйн дүрд ээж анх тоглосон. Өөрөө ч тэр дүрдээ хайртай, их ярьдаг байсан учраас зарим хүн тэгж ойлгосон шиг байсан. Үнэндээ аав, ээж минь намайг төрөхөөс өмнө гурван хүүгээ алдсан учраас охиддоо эрэгтэй нэр өгдөг байсан.
-Ээжийнхээ тухай дурсана уу?
-Миний ээж И.Батжаргал 1950-иад оны үед Хөгжимт драмын театрын ачааны хүндийг үүрсэн уран бүтээлчдийн нэг. Бас эрэгтэй хүүхдийн дүрд тоглосон анхны эмэгтэй жүжигчдийн нэг. Дээр хэлсэнчлэн ээж хэлмэгдэж байсан учир театраас тэр бүр кинонд тоглуулдаггүй байсан юм билээ. Тийм ч учраас “Хонины найр”, “Тань руу нүүж явна” зэрэг киноны жижиг хэсэгт л тоглосон. Уг нь “Өнөр бүл” кинонд Алтан-Өлзий гуайн ээжийн дүрд тоглуулах гэсэн боловч УДЭТ-ын удирдлагууд зөвшөөрөөгүй гэсэн. “Өндөр ээж” киноны ээжийн дүрд тоглуулах гэсэн боловч үхэл хагацалтай дүрд тоглох дургүй учир өөрөө татгалзсан юм билээ. “Цогт тайж” кинонд ээж олны хэсэгт оролцсон юм. Арслан тайжийн дүрд тоглохдоо толгойгоо авахуулж дүрслэгдсэн Цэрэндэндэв гуай удалгүй өөд болсон нь тэр дүрээс татгалзахад нөлөөлсөн юм билээ. Үхэж үрэгдсэн дүрд тогловол өөрийг нь зовлон дайрдаг гэх яриа тэр үед жүжигчдийн дунд байсан гэдэг.
-СУИС-иас өнгөрсөн сард театрын шүүмж судлалын улсын анхдугаар уралдаан зохион байгуулсан. Уралдаанд ирүүлсэн шүүмжүүдийн тухай бодлоо хуваалцана уу?
-Миний бодлоор эхний гурван байрт шалгарсан өгүүллүүд театр судлалынх гэхээсээ илүү утга зохиолын шүүмж байсан. Жүжгийн зохиолыг задлан шинжлэх нь утга зохиолдоо, яаж тайзны бүтээл болгох вэ гэдэг нь театрын шүүмждээ хамаарна. Театр судлалын талаар яригддаггүй учраас хүмүүс мэдэхгүй байна. Дөрвөн жилийн өмнө манай сургуульд театрын шүүмж судлалын анги нээгдэж энэ жил 13 хүүхэд төгсөх гэж байна. Тэд л театр судлалыг хөгжүүлэх ёстой. Гэхдээ тэдэнд ажиллах талбар байхгүй, шүүмжүүдээ нийтлүүлье гэхээр заавал сонин хэвлэлийнхнээс гуйх шаардлагатай болдог. “Утга зохиол урлаг” сонин зөвхөн зохиол, яруу найргаараа дагнаж бичдэг. Ингээд бодохоор театр судлал гэдэг шоовдорлогдчихоод байна. Театр судлаачид олширч байж хүмүүст олон талаас ойлгуулж энэ чиглэл хөгжинө. Хоёрдугаарт, энэ төгсөгчдөө гадаадад мэргэжил дээшлүүлэх шаардлагатай байна. Юм үзэж, нүд тайлсан улс Монголынхоо театрын юу нь болж, бүтэхгүй байгааг илүү бодитоор шүүн тунгаана.
-Тэгвэл балет, дуурийн судлал шүүмжийг хэрхэн хөгжүүлэх вэ?
-Хөгжмийн зохиолын талаарх судлал, шүүмжийн бүтээлүүд бичдэг ч дуурь, балетийн найруулгын уран чадварыг судлах хүмүүс ховор байна. Аавын бичсэн дуурь, балетийн шүүмж үүдээс хойш энэ чиглэлийн судлал тасарсан гэж хэлж болно. Болдог бол Хөгжим бүжгийн коллежийн төгсөгчдөөс дуурь, балетийн судлалаар мэргэшүүлмээр байна. Даанч, энэ чиглэлийнхэн хөгжмөө тоглож, бүжиглэхээ анхаарч, судлах, бичих сонирхолтой нь ховор. УДЭТ-ынхан уран бүтээлчдийнхээ мэндэлсний 70-110 жилийн ойг тэмдэглэж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг. Тэгтэл ДБЭТ-ын ахмад уран бүтээлчдийн талаар эрдэм шинжилгээний судалгаа хийж, судлаачдыг идэвхжүүлдэггүй. Олон дуурийн гол дүрд тоглосон жүжигчид тэтгэвэртээ гараад л мартагддаг. Монголын хөгжмийн зохиолчдын холбооныхон ч үүнд анхаарч, дуурь судлалаа хөгж үүлэх хэрэгтэй. Уг нь ХБК-ийн эрдэм, цолтой багш нарыг уриалж шүүмж, судлалын бүтээлүүд бичүүлж болмоор санагдана.
-Таны бодлоор УДЭТ академик чанараа хадгалж чадаж байна уу?
-Хэцүүхэн л байна. Уранчимэг, Ганцэцэг тэрг үүтэй жүжигчид УДЭТ-аас уван цуван гараад байх юм. Уг нь урын сангийн бодлогоороо театрынхан “Манайх таван жилийн дараа ийм, 10, 20 жилийн дараа тийм байна” гэж төлөвлөх ёстой. Шинэхэн жүжигчнийг 10 жилийн дараа тийм жүжигт тоглуулна гэж хөгжүүлэх талаас нь одооноос бодох хэрэгтэй. Тэр хүүхдүүдээ туршлагатай жүжигчдийн дэргэд өсгөж, дэвжүүлэх хэрэгтэй. Гэтэл алтан үеийнхэнтэй тоглож, тэдний хажууд дэвжсэн жүжигчдээс өдгөө Мэндбаяр, Цэрэндагва, Мягмарнаран Дамдин зэрэг хуруу дарам цөөх өн нь үлдлээ. Овоо туршлагажиж байсан жүжигчид нь театраас гарчихаар залгамж холбоогүй болж, туршлагагүй муу сайн хүүхдүүд жүжгийн чанарт нөлөөлнө. Тухайлбал, “Тэнгэрийн хүү”-д Уранчимэг дутагдаж л харагддаг. Авьяастай, туршлагатай жүжигчдээ театраас гаргах ёсгүй ч, хүссэн хэмжээнийх нь цалинг өгч чадахгүй учир яалтай билээ. Тэгэхээр энд ганц театрын биш, төрийн бодлого дутагдаж байгаа хэрэг. Зарим уран бүтээлч жүжигт тоглохгүй байгаа ч цалин авдаг. Түүний оронд чадаж байгаа, ихийг хийж байгаад нь ахиу мөнгө өгөх хэрэгтэй. Миний бодлоор УДЭТ одоо гэрээний системд шилжих цаг болсон. Гадаадын олон театрын хэрэгжүүлдэг гэрээт системийг зах зээл өөрийн эрхгүй шаардаад эхэлсэн. Зохиолчдод мөнгө төлөх шаардлагагүй учраас манайхан орчуулгын жүжгийг түлхүү тавьдаг. Уг нь манайд жүжгийн зохиолчид байхгүй биш байгаа. Жүжгийн зохиолчдыг театр л төрүүлнэ. Зохиолчдод театрын зүгээс их хэмжээний мөнгө өгөх боломжгүй байгаа болохоор энэ асуудалд дахиад л төрийн бодлого хэрэгтэйг дурдах болж байна.
-Та театрын шүүмж судлаачийн хувьд юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Хүмүүс намайг зэрэг, цол дээшлүүлэх ажлаа хийгээч гэдэг. Энэ чиглэлээр суралцдаг оюутнуудаа гарын авлагатай болгох асуудал түүнээс илүү чухал байна. Тэгэхээр 70 орчим шүүмжээ, орчуулгын хэдэн жүжгээ ном болгоё. Бас Д.Намдаг гуайн театрын бүтээлүүдийн тухай судалснаа дахин хэвлүүлнэ. Манай сургуулиас “Монголын театрын түүх” хэмээх томоохон төсөл эхлүүллээ. Монголд театр хэдийд үүссэн, хөгжлийн ямар шат туулсан, өдгөө хаана яваа талаар судалж байна. “Өрнөдийн театрын хураангуй түүх” номоо баяжуулж хэвлүүлэх гээд ажил их бий.
Б.ДӨЛГӨӨН