Аман өвийг хамгаалахаар Соёлын өвийн төвөөс “Монгол домгийн чуулган” аян эхлүүлжээ. Ард түмний ой тойнд үлдсэн ардын домгийг улс орны хэмжээнд цуглуулж, соёлын өвийн нэгдсэн мэдээллийн санд оруулан, монголчуудын домгийн сэтгэлгээний уламжлалд судалгаа хийж, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэх, нийтийн хүртээл болгох, хойч үедээ өвлүүлэх, ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрийн агуулгад багтаах зорилгоор ирэх оны арваннэгдүгээр сар хүртэл уг аянг зохион байгуулах аж. Өмнө нь нийтэд танигдсан боловч өөр хувилбартай, эсвэл бүрэн бүтэн, утга төгөлдөр болгосон, угсаатны бүлгийн болон орон нутгийн өвөрмөц онцлогтой, ямар нэг хөгжмийн зэмсэг ашиглан илэрхийлсэн зэргийг харгалзан монгол домгуудаа бүртгэх юм байна. Дээрх шалгуурт нийцсэн домгуудыг ирүүлэхийг Соёлын өвийн төвийнхөн уриаллаа.