Шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн монголчууд бэлгэшээдэг билээ.
Тиймээс шинэ оны өглөө нар харах ёслол, аяллыг МЗХ-оос жил бүр зохион байгуулдаг. Өнгөрсөн жил Төмөр замын аялал жуулчлалын товчоотой хамтран зохион байгуулж байсан бол энэ жилийн хувьд Багахангай дүүрэг, Багахангай дүүргийн залуучуудын холбоо, Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн төв хамтран Хангай зөрлөгт оны анхны нар харах ёслолыг 2015 оны нэгдүгээр сарын 1-нд зохион байгуулах гэж байна.
Энэ талаар МЗХ-ны аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга Э.Хишигбаяраас тодруулахад, “Нар харах ёслол 10 гаруй жил уламжлал болон зохиогдож байна. Дундаа хэдэн жил завсардсан удаатай ч сүүлийн гурван жил тасралтгүй үргэлжилж байна. Энэ жилийн онцлог нь өглөөний 7.30 цагаас 13 цаг хүртэл үргэлжлэх юм. Мөн Багахангай дүүрэгтэй хамтарч байгаа тул Хангай зөрлөгт тайз засч, урлагийн номер үзүүлэн, тэндээ гэр барин нар мандах үед уухайлан цайныхаа дээжийг өргөн нэг өдрийн цэвэр агаарт хөгжилтэй өнгөрөөх юм. Мөн аяллын хөтөлбөрт галын наадам, чөлөөт үзүүлбэр, төрөл бүрийн хөгжөөнт тоглоом зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд багтаж байгаа” гэж ярилаа.
Оны анхны нар харсны дараа нийт аялагчдын дунд ГОЁМСОГ ЦАСНЫ БАЯРЫГ зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг аяллын үнэ нь 25,000 төгрөг бөгөөд үүнд унаа тээвэр, өглөөний цай, мандат, тэмцээн уралдаан, халуун аарц чацаргана, аяллын бичлэг CD, хөтөч гэх мэт бусад зардлууд бүгд багтсан байна.
М.Болорцэцэг