Хөгжмийн зохиолч, их хуурч Д.Ариунболдтой ярилцлаа. ҮДБЭЧ-д 20 жил ажилласан туршлагатай их хуурч, “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч тэрбээр энэ оноос эхлэн СУИС-д багшлах болсон билээ. “Хөсөгтөн” хамтлагийнхан BBC-гийн тайзнаа тоглож, NHK телевизийн нэвтрүүлгээр гарч, олон улсын уралдаанд тэргүүлэн эх орныхоо нэрийг алдаршуулж яваа. Тэр дундаа энэ хамтлагийн тоглодог ихэнх уран бүтээл Д.Ариунболдын ур ухаанаар бүтсэн гэдгийг онцлох нь зүй. Олон хоолойгоор хоршин хөөмийлөх шинэ хэлбэрийг бий болгож чадсан нь түүний нэгэн гавьяа. Хөгжмийн урлаг, монгол хөөмийн урлагт хувь нэмрээ оруулж, сурган хүмүүжүүлэх ажилд оролцохын зэрэгцээ тэрбээр мөн тоглолт найруулж, зохион байгуулах үүрэг сайн гүйцэтгэдэг.
Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын санаачлан зохион байгуулах болсон “Монгол” тоглолтын туслах найруулагчаар Д.Ариунболд ажилладаг юм.
-2014 оны төгсгөл 2015 оны босгон дээр уншигчдын гарт хүрч байгаа энэ дугаарын зочноор таныг урьсан учраас өнгөрсөн жилийн тань ажил бүтээлийн тухай асуумаар байна. Уран бүтээлийн ургац арвин байв уу?
-Сүүлийн 4-5 жилийн турш би зөвхөн “Хөсөгтөн” хамтлагийнхаа тухай л ярьж, ярилцлага өгч явлаа. Харин өнгөрсөн жилээс хувийнхаа уран бүтээлд түлхүү анхаарлаа. Улиран одож байгаа 2014 онд би ятга, симфони найрал хөгжимд зориулсан концертоо бичиж, Үндэсний их баяр наадмын концертийг зохион байгуулахад оролцож, уран сайхны удирдагч, хөгжмийн зохиолчоор ажилласан. Бөхчүүд Төрийн наадамдаа зодоглож, уяачид хурдан хүлгийнхээ тоосыг өргүүлдэг бол хөгжмийн зохиолч хүн ч гэсэн уран бүтээлээ толилуулахыг хүсдэг. Тэгэхээр энэ нь их том хувь тохиол гэж бодож байгаа.
-Таныг хөгжимчин, хөгжмийн зохиолчоос гадна зохион байгуулагч, найруулагчийн дүр төрхөөр илүү мэддэг болоод байгаа.
-Аливаа тоглолт, үйл ажиллагаанд уран бүтээлчдээ хариуцсан нэг хүн заавал ажилладаг. Уран сайхны удирдагч, эсвэл хөгжмийн зохиолчид л энэ үүргийг гүйцэтгэдэг. Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам ахын багт ажиллаж байгаадаа баяртай байгаа. Уран бүтээлч хүний жаргал зовлонг мэддэг хүнтэй ажиллаж, тэдэнтэйгээ аз жаргалтай үед нь хамт байж, хэцүү бэрхшээлийг хамт даван туулах сайхан. Бас зохион байгуулалт, найруулгын ажилд ч би сонирхолтой. Энэ нь оюун санаа болон найз нөхдийн хүрээгээ тэлэх сайхан боломж юм.
-СУИС-ийг их хуурч мэргэжлээр жилд хэдэн хүүхэд төгсдөг вэ?
-Надад анх 9-10 хүүхэд өгсөн ч зарим нь жилийн чөлөө аваад одоо зургаан хүүхэдтэй ажиллаж байна.
-Их хуурчдын эрэлт хэр байна вэ?
-Оркестрын суурь өнгийг гаргадаг учраас энэ хөгжим чуулга, найрал болгонд байгаа. Саяхныг хүртэл ДБЭТ, Улсын филармони, ҮДБЭЧ-д ганцхан контрбасс зогсдог л байлаа. Одоо харьцангуй олшроод байна. Гэхдээ манай хөгжмийг шилжилтийн насан дээрээ яваа хүүхдүүд ойлгоход жаахан хэцүү байдаг л даа. Тиймээс сургахад амаргүй.
-Та “Хөсөгтөн” хамтлагаасаа гарчихсан юм уу. Өнгөрсөн зун яагаад уралдаанд явахад нь хамт яваагүй юм бэ?
-Хамтлагтаа байгаа. Наадмын концерттой давхацсан учраас яваагүй. Манайхан одоо ҮДБЭЧ-даа ажиллаж байгаа.
-Та хэдэн жил хөөмийлж байгаа вэ?
-1997 оноос хөөмийлж сурсан.
-Хэнээр заалгав?
-Намайг 1993 онд ҮДБЭЧ-д ажилд ороход Монголын алдартай хөөмийч Базарваань, Зулсар нар тэнд ажиллаж байлаа. Хөөмийч Зулсар манай хоёрын гэр ойрхон болохоор дотно нөхөрлөсөн. Хөөмийч найзтай хүн эхлээд шоолж байгаад дараа нь оролдож, тэгээд жаахан дуугараад ирэхээр нь урамшиж хөөмийлөх гэж үздэг юм билээ. Ямар нэг техник тоног төхөөрөмж шаарддаггүй учраас хаана ч хөөмийлж давтаж болдог. Ингэсээр л сурсан даа. 1998 онд надад “Хөх Монгол” хамтлагтай баруун Европоор аялан тоглох боломж олдсон юм. Тэр үед би анх удаа их хуурч, хөөмийч хэмээн зарлуулж явсан.
-Ингээд сонсохоор л хөөмийч гэж мэргэжил баймгүй, харин хэн нэгэн хөгжимчний сонирхлоороо сурдаг зүйл болчихсон шиг санагдах юм. Миний мэддэг ихэнх хөөмийчдийн анхны мэргэжил нь морин хуурч байх жишээтэй. Хавсарга мэргэжил шиг л болчихож. Гэтэл ЮНЕСКО-д бүртгүүлсэн өв соёлын маань нэг нь хөөмий байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Яг үнэн. Би ч бас энэ асуудалд сэтгэл эмзэглэдэг. СУИС энэ жил хөөмийг системтэйгээр сургаж эхэлсний 10 жилийн ойг тэмдэглэлээ. Гэтэл 10 жилийн хугацаанд энэ мэргэжлээр сургууль төгссөн хөөмийчид нь аль мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байна вэ гээд харахад л харуусал төрдөг юм. Нэг л хөөмийч ҮДБЭЧ-д ажиллаж байна. СУИС нь төвийн болон орон нутгийн театр чуулгыг боловсон хүчнээр хангах зорилготой. Жүжигчин, бүжигчин, хөгжимчид нь мэргэжлээрээ ажиллаад байгаа ч хөөмийчид л хаягдаад байгаа юм. Учир нь ХБК, СУИС-ийг дүүргэсэн авьяаслаг хөгжимчид хөөмийлж сурчихдаг. Мэргэжлийн хүмүүс болохоор мэдрэмж сайтай, бүтээлч сэтгэлгээтэй байдаг учраас хөөмийч мэргэжил эзэмшсэн хүнээс илүү байна. Нэгэнт ийм байгаа болохоор энэ сургуулийн хөөмийний ангийн сургалтыг арай өөр түвшинд гаргаж ирэх хэрэгтэй.
-Тухайлбал?
-Хос мэргэжилтэй уран бүтээлчтэй өрсөлдөхүйц хөөмийчийг бэлтгэхгүй бол энэ хүүхдүүд эх, эцгээсээ мөнгө авч, олон жил сургуульд сурчихаад “лааз өшиглөж” явна. СУИС болон яамны хэмжээнд энэ асуудлыг ярьж бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Ойн баяр болохоор манайхан нэгнээ магтаж, сайхан түүх л ярьдаг. Гэтэл энэ үеэр болохгүй байгаа бодит байдлаа ярих хэрэгтэй байсан. Би хөөмийчдийнхөө жаргал зовлонг зах зухаас нь мэдэхийн хувьд, бас ч гэж хөгжилд нь бага ч гэсэн хувь нэмэр оруулахын тулд ажиллаж байсны хувьд эмзэглэж явдаг зүйлээ ярьж байгаа юм шүү.
-Тийм л юм бол хөөмийчний анги хэрэггүй болж хаагдах юм биш үү?
-Хэрэв энэ байдлыг өөрчлөхгүй бол хүссэн хүсээгүй ийм зүйл яригдана. Энэ мэргэжлийн ангийг хаахыг би дэмжихгүй байна. Заавал байх ёстой анги. Байлгахдаа зөв бодлоготой, өөр түвшинд байлгамаар байна.
-Таны мэдэх шилдэг хөөмийчид их сургуулийн боловсролтой юу, эсвэл шавь сургалтаар сурч мэдсэн байна уу?
-Тухайн үед хөөмийг тусгай зүйл, хөөмийлдөг хүнийг тусгай хүмүүс л гэж ойлгодог байлаа. Урлаг зах зээл, эдийн засгийн эргэлтэд ороод эхлэхээр Ховдын Чандманийнхан хөөмийлдөг гэсэн ойлголт устаж, хүмүүс оролдсоор хүссэн хүсээгүй өрсөлдөөн бий болж, хөөмийн урын сан баяжиж зөв голдирлоороо хөгжсөн.
-Одоо хөөмийчдийн ур чадвар дээхнэ үеийнхнээ гүйцэж байгаа юу, эсвэл муу байна уу?
-Хүрэлгүй яах вэ. Сайн байгаа. Шинэцог, Цогтгэрэл гээд хэчнээн сайн хөөмийчид байгаа билээ.
-Уртын дууг хөгжлийнхөө оргилд хүрч, сонгодог хэлбэрээ олсон гэдэг юм билээ. Хөөмийг цаашид хөгжүүлэх боломж бий юү?
-Хөгжинө. Өрнийн соёлыг, монгол соёлтой хоршуулан уран бүтээлчид хөгжүүлж байна. Дэлхийн дуу бичлэгийн том компаниуд компьютерийн программд хөөмийг оруулчихсан байна. Одоо зөв голдирол дээрээ байгаа ч хойшид бодлогоо зөв тодорхойлох нь чухал. Өвөрмонголчууд биднээс хөөмийг сурсан ч илүү сайн хөгжүүлж байна. Урын сантай, бодлоготой болох хэрэгтэй. СУИС-ийн оюутнуудын тоглох түвшний репартуар байх хэрэгтэй. Үүнд би ч буруутай байх. Хөөмий мэддэг хөгжмийн зохиолчийн хувьд ярихаас илүүтэй хийх ёстой. 2002 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав “Чингис хаан” дуурь тавихдаа хөөмийг оруулсан. Мэргэжлийн симфони оркестртой хөөмий эгшиглэсэн нь бас л шинэ түвшинд гарсны илэрхийлэл. Ардын дуу хөөмийлдөг байсан бол өдгөө дуурийн хэмжээнд очсон байна.
-Бодлого болон санхүүгийн дэмжлэгийн тухай ярихаар харьяалах яам үгүйлэгддэг байх. Саяхан ССАЖЯ татан буугдчихлаа. Танд харамсалтай байна уу?
-Яамтай болоод дэвшил гарсан уу гэхээр мэдрэгдсэн зүйл алга. Биднээс илүү азтай нь Батаар л байсан даа. Түүнтэй ижил хэмжээнд соёлын бодлогыг ярьсан бол үр дүн гарах байлаа. Уг нь эцэг эхтэй байна гэдэг сайхан шүү дээ. За даа, тэгээд бас муу яамтай байснаас сайн газартай байсан нь дээр дээ.
-Яам, тамгын газар болон харьяалах төрийн байгууллагадаа хандаж энэ шүүмжлэлээ хэлж, шаардлагатай байгаа дэмжлэгээ албан ёсоор хүсэж болдоггүй юм уу?
-Бид тэгээд хөөцөлдөөд явж чаддаггүй. Урлагийнхан даруухан. Аливаа зүйлийг болохгүй байсан ч болгоно гэж хичээж эергээр хардаг нь урлагийн хүмүүжил. ҮДБЭЧ-ын уран бүтээлчид маргааш ямар ажил хийхээ мэдэхгүй явах нь энүүхэнд. Их хэцүү. Хаа сайгүй, шинэ жил тэмдэглэж байгаа энэ өдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд шинэ уран бүтээлийнхээ нээлтийг хийдэг газар ҮДБЭЧ-аас өөр байхгүй. Энэ бол бодлогын алдаа. Цагаан сарын үеэр тогловол илүү олон хүн үзмээр санагдах юм. 1911 оны тэр нэгэн өдрийн түүх, өнөөдрийн хүмүүсийн амьдралын хэв маяг хоорондоо ялгаатай учраас энэ бодит нөхцөл байдлыг ухамсарлаж л ажлаа төлөвлөх ёстой. Манайхан тоглолтынхоо нээлтэд дарга нарыг урьчихаад үзэгч дүүрэх эсэхийг тоодоггүй нь буруу. Олон хүнд хүргэх нь л чухал шүү дээ.
-Та өмнө нь энэ чуулгад ажилладаг байхдаа яагаад ийм зүйл ярьдаггүй байсан юм бэ?
-Гарчихсан хойноо ингэж ярьж байгаа юм биш. Энэ бугшмал зүйл удаан үргэлжилж байгаа. Энэ байгууллагад боловсролтой, мэдлэгтэй, сэтгэлтэй удирдлага хэрэгтэй. Боловсролыг зөвхөн дипломоор хэмждэггүй. Бас удирдана гэдэг дарангуйлахын нэр биш. Түүнээс биш манай чуулгын тайз, гэрэлтүүлгийн ажилчид, уран бүтээлчид, дуучид, хөгжимчид цөмөөрөө мэргэжлийн өндөр түвшний хүмүүс. 200-гаад хүнтэй ийм том айлыг томоор сэтгэдэг хүн удирдах хэрэгтэй байгаа юм.
Салбарынхаа, мэргэжлийнхээ, мэддэг зүйлийнхээ алдаа дутагдлыг олж харж, шүүмжилж чадаж байгаа нь нэг сайн тал юм. Зөв шүүмжлэл сайн эм болдог гэдэг. Гэхдээ тэр шүүмжлээд л суухгүй. Ирэх онд симфони сюитээ дуусгаж “Алтан намар”-т өрсөлдүүлнэ. Бас Монголын анхны үндэсний үлээвэр хөгжмийн чуулгад зориулсан зохиолоо дуусгана. Он гаруут “Монгол” тоглолтынхоо бэлтгэл ажлыг эхлүүлнэ. Эдийн засаг хямралтай байгаа ч уран бүтээлчид ашиг биш өгөөжийг нь харж бүтээн туурвисаар байх болно гэсэн.
Ж.СОЛОНГО