Олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчин болон орон нутгийн хөгжилд урлагийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын урлагийн зөвлөлөөс Швейцарийн Уулархаг нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих сантай хамтран нэгэн хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Мэргэжлийн гэрэл зурагчдын дунд зарлаж буй “SM Art” нэртэй энэхүү хөтөлбөрт шалгарснаар Швейцарийн Белвал тосгоны гайхамшигт урланд хоёр сарын турш уран бүтээл туурвих аж. 28-45 насны, ажлын дадлага туршлагатай мэргэжлийн гэрэл зурагчид хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх шаардлагатай юм байна. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй гэрэл зурагчид нэгдүгээр сарын 13-ны дотор англи хэлээр бүрдүүлсэн холбогдох материалаа өргөдлийн хамт Монголын урлагийн зөвлөлд авчирч бүртгүүлэх ёстой гэнэ. Швейцарийн Уулархаг нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих сангийн Сонгон шалгаруулах хороо уран бүтээлчийг сонгож, хоёрдугаар сарын 1-нд нийтэд зарлах аж. Шалгарсан уран бүтээлчийг ирэх оны гурваас тавдугаар сарын хооронд Швейцарийн Белвал тосгонд амьдарч уран бүтээл туурвих болон ирж, очих бүх зардлыг дээрх сан хариуцна.