Оюунчимэгийн Хүрэлбаатар хэмээх энэ залууг саяхныг хүртэл цэрэг, эх орны сэдэвтэй дуу дуулдаг ЦДБЭЧ-аар овоглосон уран бүтээлч хэмээн хардаг байлаа. Гурван жилийн өмнө монголчуудын хүртээл болсон дэлхийн алдарт “Аида” дуурийн Рамфисийн дүрээр тайзнаа гарч ирэхэд нь түүнтэй дахин шинээр танилцах боломж тохиосон юм. Тэрбээр энэ дуурьт дуулснаар ДБЭТ-т “урваж”, өдгөө Ж.Вердийн “Риголетто” дуурийн Монтероне, Ж.Пуччинийн “Богема” дуурийн Коллен, “Тоска” дуурийн Чезарь Анжелотти, З.Бизегийн “Кармен” дуурийн Цунига, Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Мэнлиг эцэг зэрэг дүрийг энэ тайзнаа бүтээгээд байна. 2010 онд тэрбээр олон улсын анхны уралдаанаасаа шагнал хүртэж байв. Ким Базарсадаевын нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны гран при хүртчихээд энэ тухайгаа олон нийтэд танилцуулалгүй өнгөрсөн гэдэг. Магадгүй түүний даруу занг үүнээс таньж болох юм. Хоёр жилийн өмнө тэрбээр ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит уралдааны тэргүүн, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын нэрэмжит уралдааны дэд байрын шагнал хүртэж амжилтаа ахиулсаар л яваа. Хамгийн сүүлд М.И.Глинкийн нэрэмжит уралдааны дэд байрт шалгарч, монголчуудаа дахин нэг баярлууллаа. Түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.
-М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XXV уралдаанд та маш амжилттай оролцлоо. Монголчууд энэ уралдаанд хэдэн жилийн өмнөөс оролцдог болсон бэ. Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Г.Ариунбаатар болон А.Сайнбаяр, Ч.Энхтайван нарын амжилтыг л бид мэднэ. Түүнээс өмнө монголчууд энэ уралдаанд хүч үзэж байсан уу?
-XX уралдаанаас эхлэн монголчууд авьяасаа сорих болсон юм билээ. П.Ганбат агсны буухиалснаар л амжилт үргэлжилсэн гэж хэлж болно. Энэ удаа тэгш ой тохиосон учраас олон дуучин өрсөлдсөн. Эхний шатны шалгаруулалтад 280 дуучин оролцсон байсан.
-Жирийн үед хэдэн дуучин оролцдог юм бол?
-100 гаруй дуучин өрсөлддөг юм байна гэж ойлгосон.
-Өмнө нь тенор, сопран, баритон хоолойтнууд амжилт гаргаж байжээ. Харин та басс хоолойтой. Тэгэхээр бас өөр сонсогдож байна шүү.
-Хамгийн бүдүүн хоолойтой нь гэсэн үг. Бүх л төрөлдөө өрсөлдөөнтэй шүү дээ. Ер нь сүүлийн үед баргил хоолойтнууд ховор болсон. Оросын басс хоолойтнуудын олонх нь гадаадын театрт урилгаар ажилладаг болсон юм билээ.
-Хамгийн сүүлчийн шатны шалгаруулалтад таван монгол дуучин үлдсэнийг дуулаад та бүхнээр их бахархлаа. Олуулаа явжээ дээ?
-Хоёрдугаар шатанд шалгарсан 50 дуучны 14 нь Монголынх байсан. Дараа нь шилдэг 15 дуучдын дунд зургаа нь монгол байлаа. Манай театрын гоцлооч Э.Гомбо-Очир, Б.Батжаргал, Б.Энхнаран нарын дуучин эндээс очсон. ОХУ-д суралцаж байгаа Ч.Бадрал маань бас бидэнтэй нэгдэн, эх орныхоо нэрийг гаргалаа. Нэг улсаас ийм олон дуучин оролцож, амжилттай явах нь ховор учраас оросууд шагшин магтаж байсан. Солонгос, Казахстан, Якут, Тува гээд олон орны дуучид оролцсон.
-Саяхан манайхан Их театрт “Монголын алтан хоолойтнууд” тоглолт хийсэн. Мөн ОХУ-д болж байгаа уралдаанд байнга амжилт гаргаж байгаа учраас хүлээн зөвшөөрөгдсөн байх аа.
-Тийм ээ. Хүлээн зөвшөөрч байна. Байгалийн өгөгдөл сайтай, өргөн дуугаралттай, сонсголонтой хоолойтой гэх мэтээр дүгнэж байна. Багш нар маань биднийг сайн сургажээ. Би ХБК-ийн дуулаачийн анхны ангийг 2007 онд А.Бүтэд багшийнхаа удирдлаганд төгссөн.
-ЦДБЭЧ-д олон жил ажилласан уу?
-Есөн жил ажилласан. ДБЭТ-ын тайзнаа дуулаад гурван жил болж байна. Энэ театрт ажилласнаасаа хойш олон дуурьт оролцож, АНУ-ын Сан Франциско хотод А.Моцартын “Реквием”-д уригдан дуулсан.
-Мэргэжлийн дуучдын хувьд уралдаанд оролцох нас хязгаартай. Ирэх жил ямар ямар уралдаанд оролцох вэ. Шаргуу дайрах хэрэгтэй байдаг юм шиг ээ?
-Ихэвчлэн 32 насаар хязгаарладаг. Ирэх онд “Байкал”, П.И.Чайковскийн нэрэмжит конкурс, Пласидо Домингогийн уралдаан байгаа. Бэлтгэлдээ одоо шууд орно доо.
-Уучлаарай, та нар уралдаанд оролцох зардлаа хэрхэн олдог вэ. Манай улсын хувьд спортын салбараа сайн дэмждэг ч сонгодог урлагт тэр бүр санаа тавьдаггүй. Уралдаанд оролцох зардал олгодоггүй юу?
-Аливаа улсад Урлаг, спорт нь улсынхаа нүүр царай болдог шүү дээ. Харин монголд сонгодог урлагийн салбарыг сайн дэмждэггүй юм шиг л санагддаг. Бид уралдаанд оролцох зардлаа өөрсдөө гаргадаг. Бас тусалж, дэмждэг байгуллага, хувь хүн бий. Сая энэ уралдаанд оролцоход Монголын төмөр замын хамт олон бидэнд тусалж, өөрсдийнхөө байранд байрлуулсан. Тэдэндээ маш их баярлалаа. М.И.Глинкийн уралдаан Засгийн газрын тогтоолд багтсан байдаг учраас улсаас 24 сая төгрөгийн дэмжлэг авах байх гэж найдаж байна.
-Уралдаанд түрүүлэхээр гадааднын театруудаас ажлын санал ирдэг үү?
-Ирдэг. Өмнө нь Улаан-Үдийн театраас урилга авч байсан. Сая Сибирийн театраас урилга авсан. Гэхдээ одоохондоо эх орондоо байх хүсэлтэй байна. Уралдаанд оролцоод, гаднын улс оронд очиж дуулахаар гадаад хэл сайтар сурах ёстой гэдгээ ухамсарлаж байна. Монголын дуучид чадварлаг хэдий ч хэлний бэрхшээлтэй байнга тулгардаг.
-Монголдоо сургууль төгссөн ч ОХУ-д хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь сайшаалтай. Гэхдээ хойшид манай дуучид Европт мэргэжил дээшлүүлж, сонгодог урлагийн өлгий нутагтай танилцвал илүү сайн байх аа. Манай ганц, хоёр дуучин Италид мэргэжил дээшлүүлсэн байдаг. Та нарт ийм боломж гардаг уу?
-Манай дуучид Италид мэргэжил дээшлүүлдэг гэсэн. Гэхдээ хэзээ ямар дуучин явсныг нь сайн мэдэхгүй юм. Бидний дундаас явахгүй байгаа болохоор өөр мэргэжлийн хүмүүс яваад байдаг юм уу гэж гайхдаг л юм. Байнга сурч, мэдлэг боловсролоо дээшлүүлж байх хэрэгтэй. Магадгүй бидэнд өөр олон оронд мэргэжил дээшлүүлэх боломж байвал дэлхийг ч “эзлэх” байх.
-Танай театрын нөхцөл байдал ямар байна вэ
-Одоогийн болон өмнөх удирдлагуудын хийсэн гэрээ хэлэлцээрийн дагуу уран бүтээлчид гадаадад урилгаар ажиллаж, олон сайхан тоглолт хийж байна. Харьцангуй нээлттэй болсон гэж ойлгож болно. манайхан АНУ, Австри, БНСУ гээд олон улсад очиж ажиллалаа. Театрт одоо сайн найруулагч маш чухал байна.
-Танай театр найруулагчийн орон тоогүй болсон биз дээ?
-Тэрийг нь би сайн мэдэхгүй юм. Гэхдээ манайх бодлогоор найруулагчаа бэлтгэх ёстой байжээ. Залгамж халаа нь тасарчихаад байна шүү дээ. Боловсон хүчнээ бэлтгэхгүй бол ямар ч салбар урагшлахгүй.
-Монголын хамгийн том театрын дуучид амьдралдаа санаа зовохгүй хэмжээний цалинтай бол илүү сайн ажиллах байсан байх даа. Одоогийн нөхцөлд бол “халтуур”-ны хэмээн нэрлэгддэг тоглолт хийж явахаас өөр аргагүй болдог уу?
-Би 500 мянган төгрөгийн цалинтай. Юуг нь нуух вэ. Түүнийгээ хоёр хувааж авдаг. Нэг хэсэг цалингийн асуудал хөндөж, бид дуугарсан. Бага зэрэг нэмэгдээд байгаа нь энэ. Нөхцөл нь сайн бол илүү авьяаслаг дуучид төрнө шүү дээ.
-Одоо та нийтийн дуу дуулж байна уу?
-Би ЦДБЭЧ-д байхдаа бие даасан хоёр тоглолт хийж, нэг цомог гаргасан. Цэргийн сэдэвтэй болон нийтийн дуугаар олондоо танигдсан. Монголчууд дууч ард түмэн. Тийм болохоор нийтийн дуу дууллаа, болих хэрэгтэй гэх зэргээр шүүмжлэх хэрэггүй байх. Одоогоор би сонгодог чиглэлээрээ ажиллах хүсэлтэй байна. Хэд хэдэн дуу хийсэн ч цацах болоогүй. Удахгүй сонгодог тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа.
-Таны төрж өссөн нутаг ус хаана билээ. Дуучны удамтай юу?
-Би Сүхбаатар аймагт төрж өссөн. Ардын жvжигчин Ш.Чимэдцэеэ эгч бид хоёр ойрын хамаатнууд. Миний өвөө нутаг усандаа алдартай хуурч хүн байсан. Ш.Чимэдцэеэ эгчийг урлагийн тайзан дээр анх гаргасан хүн бол миний өвөө. Миний аавын талынхан ч Дарьгангын уртын дууг найр наадамд сайхан дуулчихдаг хүмүүс байсан гэдэг. Дуучин Э.Амартүвшин манай аавын нутаг юм билээ.
-Багадаа урлагийн хүн болно гэж боддог байсан уу?
-Дунд сургуулиа төгсөөд өвөө эмээгийнхээ дэргэд хоёр жил мал маллаж үзлээ. 2000-2001 оны хар зуд үзээд л хотод орж ирсэн хүн дээ. Нэг өдөр өвөө, эмээгээ уйлуулаад л ээжийгээ дагуулаад гэрээсээ гарч байлаа. Ерөөсөө урлагийн хүн болно гэж бодож байгаагүй. Гэхдээ урлагийн замд хөтөлсөн хүн бол миний ээж, манай нутгийн ах Оргил хоёр. Тэр хүн миний гараас хөтлөөд ХБК-д оруулж өгч байлаа. Тухайн үед нийтийн дуучид гэж бараг байгаагvй. Ц.Түвшинтөгс, Г.Эрдэнэбат гээд хуруу дарам цөөн хүн байсан. Завханы С.Батсүхийн дуу л хит болдог. Тэгээд л би түүн шиг дуучин болно гээд ХБК-д шалгалт өгөхдөө “Жирмийн цагаан нуур”-ыг дуулаад тэнцсэн. Тухайн үед их нарийхан хоолойтой, гавьяат С.Батсүх шиг дуулдаг байж билээ. Тэгээд хоёрдугаар курсээс хоолой баргил бүдүүн болж эхэлсэн.