Өөрийн амьдарч байсан нийгэм, цаг үеэсээ түрүүлж сэтгэн, уран бүтээлдээ тусгаснаасаа болж хэлмэгдэж, хохирсон зураачийн өмнө нь дэлгэж байгаагүй зургуудыг сонирхлоо. Уран бүтээлчид, найз нөхөд дундаа Соосай нэрээрээ алдаршсан модернист зураач Г.Содномсамбуу агсан 1968 онд үзэсгэлэнгээ гаргасан ч хөрөнгөтөн орны үзэл санааг илэрхийлсэн зураг зурсан гэсэн шалтгаанаар нээсэн өдөр нь үзэсгэлэнг нь хаасан гэдэг. Түүнийг Монголын орчин үеийн уран зургийг үндэслэгч гэдэг. Тухайн үед түүнд “Модернист чиглэлээр зураг зурахаа боль” гэсэн анхааруулга, дарамт шахалт ирдэг байсан ч тэрбээр өөрөөсөө “урвалгүй” бүтээлээ туурвисаар байжээ.
Зураач Г.Содномсамбуугийн 500 гаруй зургийг гавьяат эмч Б.Болдсайхан, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нар цуглуулсан аж. Эдгээр бүтээлээс 21 зургийг “Лилиум” галерей-лоунж өчигдөр нээлтээ хийхдээ дэлгэсэн юм. Японд 15 жил дизайнераар ажилласан Н.Бадамгарав уран бүтээлч, үзэгчдийг холбосон шинэлэг орон зай бий болгох үүднээс уг галерейг байгуулжээ.
Б.ТӨГӨЛДӨР