Хорвоод ирсэн үнэт бэлэг, хайртай үрсээ амьдралд бэлтгэн бие хүн болгохын тулд хүн бүр л хичээдэг. Анхны цахиур нь цухуйхад баярлаж, бие даан алхаж эхлэхэд нь урамшуулна. Бас живхнээсээ гарч, хөтөвчинд бие засаж сурвал бүр ч сайн. Харамсалтай нь, хүүхдүүд живхтэй тийм ч амархан салах ёс хийдэггүй. Хоёр нас гаруйтай охиноо живхнээс салгаж чадаагүй гэж ээжүүддээ шүүмжлүүлж байсан учраас энэ зовлон надад илүү ойр байсан. Гэхдээ нэг л өдөр охин маань живхээ орхисон. Тэр хүртэл хөтөвчийг нь хэдэн ч удаа сольж өгч, анхаарлыг нь татахын тулд их л хичээсэн. Бүр болохгүй бол шийтгэж, анхааруулга өгч байлаа. Миний арга барил гэхдээ тийм ч оновчтой байгаагүй аж. Тиймээс энэ удаа “Би, чи, та” хүүхдийг хэрхэн живхнээс гаргах тухай зөвлөгөөг хүргэхээр боллоо. “Сэтгэлийн толь” төвийн сэтгэлзүйч Х.Хандсүрэнтэй хамтран бэлтгэсэн энэ мэдээлэл олон ээжид хэрэг болох биз ээ.
ХҮСЭЛ СОНИРХОЛ
Дэлхийн эрүүл мэндийн төв (WHO) болон сэтгэл судлаач нарын зөвлөж буйгаар хүүхдийг хүчээр биш хүсэл, дур сонирхлоор нь хөтөвчинд суулгах хэрэгтэй гэнэ. Шинэ нөхцөл байдалд дасахын тулд тэд хааяа өмдөндөө шээж, хүссэнээс тань өөр ааш, авир гаргаж болох юм. Тийм үед ч тэвчээртэй байж хүүхдээ элдвээр загнах хэрэггүй. Ялангуяа бусдын өмнө энэ тухай ярьж, түүнийг ичээвэл сэтгэцийн хүчтэй дарамтад орох аюултай. Хүүхдүүдийн олонх нь яагаад заавал шинэ зүйлс сурах ёстойгоо ойлгоогүйн улмаас сурах дадал нь идэвхгүй байдаг аж. Тиймээс та хүүхэдтэйгээ хөтөвчний тухай, түүн дээр хэрхэн бие засдаг болох, ач холбогдол зэргийг нь ярилцаарай. Түүнд бүрэн гүйцэд, сайн ойлголт өгч чадвал дараагийн алхам нь илүү хурдан “наашлах” юм.
ХЭЗЭЭ, ХААНА
Хүүхдийг хөтөвчин дээр суулгахаас өмнө Та чухал хоёр зүйлд эхлээд анхаарах хэрэгтэй.
1. Хэрвээ та хүүхдээ хөтөвч дээр суулгахаар шийдсэн бол өдрийн ямар үед, хэдэн цагийн зайтай бие засаж байгааг нь мэдээрэй. Ийнхүү ажигласан цагтаа живхийг нь авч хөтөвчинд суулгаж болно.
2. Xүүхдийг суултуурт сууж сурсны дараа бие засах үедээ хөтөвчөө өөрөө хайдаг, дадалтай болгох хэрэгтэй. 15-18 сартай хүүхдүүд энгийн даалгавар биелүүлэх чадвартай байдаг. Тухайлбал, хажуу талын өрөөний ширээн дээр байгаа алимыг аваад ир гэж хэлэхэд авчирч өгч чадаж байгаа бол тэр бие засахаа хэлдэг дадалтай болсон байна гэсэн үг.
АНХААРУУЛГА
• Хүүхэд бүрийн хөгжил харилцан адилгүй учраас бусадтай түүнийг бүү харьцуул. Хүүхдээ хүндэтгэж тохирох цагийг тэвчээртэй хүлээгээрэй.
• Таны хүүхэд хөтөвчинд сууж сурсан бол ямар ч шалтгаанаар буцааж живх бүү хэрэглээрэй. Хүүхдүүд аав, ээжийнхээ зааж өгсөн болгоныг зөв гэж боддог учраас шинэ зүйл сургачихаад түүнийгээ үгүйсгэж болохгүй. Ямар нэгэн байдлаар та ийм алдаа олон удаа гаргавал хожим нь хэлсэн үгийг тань хүлээж авахаа болих магадлалтай.
• Хол газар явах эсвэл живх хэрэглэхээс өөр аргагүй болсон үед түүнд маш сайн тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй.
• Хүүхдийг бие засах үед тоглоомоор саатуулах нь анхаарал сарниулдаг гэмтэй. Ингэснээр бие засахад нь туслах биш харин ч сатааруулах сөрөг үйлдэл болно. Мөн хөтөвчинд удаан суулгаж сургаснаар том болсон хойноо ч суултуур дээр удаан суудаг зуршилтай болдог. Анхаарлыг нь сарниулахгүй байж чадвал биеэ хурдан удирдаж, таны тусламжгүйгээр бие засаж сурна.
• Тогтмол цагаар бие засуулж сургавал илүү үр дүнтэй. Унтахаас өмнө болон сэрснийх нь дараа, хоол идэж, унд ууснаас нь хойш, гэрээсээ гарахаасаа өмнө түүнийг бие засуулаарай.
• Зарим хүүхэд томчуудыг дуурайх дуртай байдаг. Хүү эсвэл охин тань хөтөвчнөөс илүү суултуурыг сонирхож байвал дэмжээрэй. Тэгэхдээ эхнээс нь суултуурт зөв сууж, бие зассаныхаа дараа усаа татдаг болгож хэвшүүлэх нь зүй.
• Санамсаргүй тохиолдлоор өмдөндөө шээсэн ч гэсэн түүний бүү загнаарай. Тайван аядуу байдлаар асуудлыг шийдээд, хойшид ингэж болохгүй гэж сануулаарай. Хүүхэд буруу зүйл хийснийхээ дараа гэмшдэг учраас энэ тухай нь олон дахин сануулж, бусдад ярих зэргээр түүнийг бүү ичээгээрэй.
• Хөтөвчинд бие засаж сургахаар шийдсэн бол шөнө ч гэсэн живх хэрэглэхээс татгалз. Эхний шөнө орондоо шээсэн байж болох ч дараа нь мэдрэмжээрээ ая тухгүй байдлаа санаад ийм алдаа гаргадаггүй.
• Мөн нойрон дунд нь хүчээр сэрээж бие засуулах хэрэггүй.
Монголчууд хүүхдээ багаас нь тосож сургадаг арга барилтай. Ингэж сурсан хүүхэд живх хэрэглэдэггүй. Эрдэмтэд живхний сөрөг нөлөөг бүрэн тогтоож, мэдээлээгүй ч туршлагатай ээжүүд “Живх хэрэглэсэн хүүхэд хэзээ бие засахаа мэдэхгүй болдгоос гадна биед нь улайлт үүсэж, арьсыг нь эмзэгшүүлдэг” гэх зэргээр шүүмжилдэг. Нөгөөтэйгүүр хүүхдээ живхнээс гаргах нь эдийн засгийн хувьд ч ашигтай. Байж болох хэрэгтэй мэдээллийг туршлага болон судалгаанд үндэслэн сэтгэлзүйч Х.Хандсүрэн хүргэлээ. Та бүхэн ч гэсэн бидэнд туршлагаасаа хуваалцаж болох юм. bichita@mongolnews.mn хаягаар та бүхний захидлыг хүлээн авах болно
С.СЭРГЭЛЭН