Хүмүүний амьдралын их хүрд зогсолтгүй эргэж, хүрдэн дээр амьдрагч хүмүүн бид нэгийг угтаж нөгөөг үдсээр, зовлон жаргал ч ээлжилсээр.
Бүүдийх тэнгэрийн бараан үүлсийг салхи алгуурхан хийсгэж, наран авхай бараан бүхнийг гэгээн гэрэлдээ сүлэн цайруулах мэт тэртээд шаргалтан мандах нь юутай сайхан. Цэлмэн гийх тэнгэр шиг, сэтгэлд байсан гуниг бүхэн замхарч, сайн сайхан дурсамж бүрээр сэтгэл дүүрэх нь таатай.
Үхэх төрөх тавилан хэнийг ч ялгадаггүй өгөөмөр атлаа хатуу хорвоод уйлж ирээд, уйлуулж буцах хүний заяаг яалтай ч билээ. Харийн нутгийн нэгэн хэвийн ч завгүй амьдралын дунд цаг хугацаатай уралдан алхахдаа, эх орон ижий ааваас гашуудлын мэдээ сонсож, нулимс дуслуулан суух хүндхэн даваа болохыг энэ биеэр мэдэрсэн.
Хашигараад уйлмаар эсвэл хаа нэг тийшээ гүйгээд явчихмаар нэг л тийм эзэнгүйрсэн бие, орон гаран ухаанаар наашаа цаашаа дэмий л холхин, хий гөлөрч зогсоно гэдэг амаргүй юм билээ.
Гэвч хамгийн хэцүү бэрхийн өмнө сул дорой, уйлж гуньсан байдлаар бус сэтгэлийн их хүч, чанга хатуу зоргиор өөрийгөө хурцлан үхэл зовлонг даван туулдаг гэдгийг ойлгосон. Өөрийн сайндаа биш, хорин насыг шүргэх гэж яваа өөдөсxөн дүү минь л энэ бүхнийг надад ойлгуулж, сэтгэлээ чангалхыг сургасан юм.
Угын чамбай түүнээс сурах зүйл ихтэй болохоор түүнийгээ би битүүхэн сайшааж, магтан бахархах бодлыг сэтгэлдээ тээн алхдаг. Үеийн охидын дэргэд дотроо бодолтой, доороо суурьтайгаар буурь заан чамбай амьдрах түүнээс сурах зүйл ч үнэндээ их.
Гэрт хүйтэр ч, сэтгэл хоосон байх уйт өдрүүдэд нулимс ховорхон урсгаж, сэтгэлийн бүсээ чангалан байсан дүүгээрээ би яасан их бахархаж, ямар их хайрласан гээч. Түүний минь амьдралдаа үзсэн бараг анхны гашуун хагацал энэ байсан. Аавын амин охин түүнд хагацлын гашуун мэдээ нулимс задгайлан хүрсэн ч тэрээр сэтгэлээ гайхалтай барьж, миний сэтгэлийг ч хаттай байхад нөлөөлсөн юм.
Дүүгийн тэвчээрт занг биширч суухдаа, үхэл хагацлын гашуун зовлонг ийнхүү давах хүн, амьдралын аар саар бэрхшээлийг ажрахгүй давна. Aвууштай, үнэлүүштэй ховор сайхан зантай юм гэж магтан бодсоор л байлаа.
Их амьдралд дөнгөж л хөл тавьж яваа нас залуухан, жижигхэн дүү шиг минь аливаа бэрхийг сэтгэлийн хаттай даван туулж явъя. Зовлонг нулимсаар нэрвэл сэтгэл улам сул дорой болж тэгэх тусам амьдрал хатуу тоглоомоор биднийг наадаах биз. Тиймийн учир сэтгэлийн бүсээ чангахан бүслээд зовлонг сөрье, жаргал алгуурхан ирэх нь мэдээж.
Нялхамсаг сэтгэлтэй миний сэтгэлд нар мандааж, хүндэрч явсан ачаанаас салгаж өгсөн дүү чамдаа баярлалаа. Өмнө чинь хүлээх их амьдралд бусдаас дэм авахаас илүүтэй бусдад дэм, түшиг болон явна гэдэгт итгэж дүү чамаар бахархана би. Сэтгэлийн хат гэдэг энэ ажгуу.