“Жүжигт тоглох нэг хэрэг. Дүрийг үзэгчдэд товойтол ойлгуулна гэдэг өөр хэрэг. Жүжиглэх авьяасаас гадна мэдлэг боловсрол, амьдралыг гярхай ажиглаж, хэрэгтэйг нь шүүн тунгааж нэг цогц болгон, гаргах дүрдээ шингээх тун чухал. Бүтээсэн дүр нь уянгалаг бөгөөд галтай цогтой болдог нь Лхамх үү дээрх чадваруудыг баттай эзэмшсэнийх. Жүжиглэх байдлыг нь харахад гавьяат жүжигчин Ч.Долгорсүрэн, Ө.Рэнцэнноров нарын дүр бүтээх арга барилыг нэлээд тусгасан шиг санагдана” хэмээн Соёлын яамны “Соёл урлаг” сэтгүүлийн эрхлэгч, урлаг судлаач Б.Равдан 1980-аад онд гаргасан номдоо “Хүний дархан” нэртэйгээр ардын жүжигчин Ж.Лхамх үүгийн талаар бичжээ. Энэ эрхмийг УДЭТ-т ажиллах хугацаанд шинээр тавьсан жүжгүүдэд дүрд оноолгүй орхисон удаа байгаагүй гэдэг юм билээ. Үнэхээр ч “Гологдсон хүүхэн”-ий Цэрэн, “Гарын таван хуруу” жүжгийн Сүрэн, “Лир ван”-гийн Корделия, “Жаргал даахгүйн зовлон”-гийн Дариймаа, “Эзэнгүй айл” олон ангит бүтээлийн бүдүүн эмээ Цэндийн дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол дархалсан нь түүний гавьяа. Өдгөө тэрбээр “хүний дархчууд”-ыг бэлтгэхээр СУИС-ийн Театр урлагийн сургуульд багшилж байна. Тус сургуульд хэдий амралтын өдөр очсон ч дундад зууны үеийг санагдуулам өмсг өлтэй, дээлтэй, үлгэрийн баатарт хувирсан оюутнууд холхилдож, зарим нь хонгилд дуулж сонсогдов. “Алив хүүхдүүд ээ. Та нарын зураг сонинд гарах гэнэ. Жүжгийнхээ хувцсуудыг өмсөөдөх. Анги танхимаа цэгцлэхэд яана аа. Оюутнуудын харсан юм бүр нь эвдэрдэг гэдэг үнэн байх аа” гэсээр Ж.Лхамхүү багш угтав. Тэдний ангийнхан шалгалтад үзүүлэх жүжигтээ бэлдээд тун завгүй байхад нь багшийнх нь цагаас хумсалчихлаа...
-“Орших уу, эс орших уу” шоу уралдаанд авьяасаа сорьж буй СУИС-ийн жүжигчний ангийн оюутнууд бусад оролцогчоос ялгарахгүй байна гэж шүүгчдээс нэлээд зэмлэл хүлээдэг юм билээ. Та бодлоосоо хуваалцана уу?
-Өмнө нь алгасахгүй үздэг байсан ч энэ жил зав гарсангүй. Манай сургуулийнхнаас байр эзэллээ гэж дуулддаг л юм. Дааж авсан ангийнхнаас урьд нь нэг хүүхэд надад хэлэлгүй, хагас дутуу бэлдэж оролцоод загнуулсан. Уг нь мэргэжлийн багш, найруулагчаас зөвлөгөө авч, алдаагаа засуулаад оролцож байвал зүгээрсэн. Оюутны ширээнд сууж байгаа эд байтугай мэргэжлийн жүжигчид хүртэл сургуулилалт хийхгүй бол амжилтад хүрэхгүй.
-Сүүлийн үеийн хүүхдүүд ном уншихгүй юм гэж Д.Сосорбарам гуай оролцогчдыг зэмлэж харагддаг. Та шавь нартаа юу гэж зөвлөдөг вэ?
-Орчин цагийнхан бидний үеийг бодох нь ээ, ном уншдаггүй шахам болсон нь үнэн. Гэхдээ сүүлийн үед номын сан олширч, оюутан залуус үйлчлүүлэх нь ихэссэн гэж мэдээллийн хэрэгслээр бичих юм. “Дипломынхоо ажлыг бичих гэхээр интернэтээс тодорхой мэдээлэл олдохгүй байна. Номыг нь уншсан дээр” гэж хүүхдүүд ч ухамсарладаг болсон. ЕБС-ийн орос хэлний хичээлийн цагийг багасгаж, хүүхдүүд ч англи хэлийг илүүтэй сонгож судалдаг болж. Гэтэл Монголд байдаг урлагийн чиглэлийн ном товхимлуудын ихэнх нь орос хэлээр. Манай урлагийнхан анхнаасаа орос сургуулиар хүмүүжсэн учир зарим нэр томъёог оросоор нь хэрэглэдэг. Ийм учраас манай оюутнуудад бэрхшээл тулгардаг. Гэхдээ англи хэл заалгасан байлаа ч эх хэлээр нь зохиол ойлгох түвшинд эзэмшсэн хүүхэд ховор л ирэх юм байна шүү дээ. Одооны хүүхдүүд монгол ахуйгаа мэдэхгүй юм. Таван хошуу малаа маллаж, уурга хуйваа хэрэглэж, чөдөр ногтоо томж, цагаан идээгээ боловсруулдаг манай хөдөөгийнхний амьдрал тэр чигээрээ монгол ахуй. Монгол ахуйгаа мэдэхгүй бол монгол жүжигчин байгаад юу хийнэ. Өнгөрсөн зун Бээжинд зохион байгуулсан олон улсын оюутны наадамд манайхан оролцсон юм. Улсынхаа уламжлалт урлагийг орчин үеийнхтэй хослуулсан бүтээл толилуулах ёстой гэсэн шалгууртай байсан. Бид Д.Батбаярын “Турьхан хатны зүүд”-ээр жүжиг тоглосон. Манай урлагийнхан монгол ахуй, уламжлал, өв соёлоо сайн мэдэж, бүтээлдээ шингээж байж л бусдаас ялгарна гэдгийг тэр наадамд оролцоод илүүтэй мэдэрсэн. Дэлхийн тавцанд өрс өлд өнө л гэдэг. Монгол ахуйгаа мэдэхг үй бол гадаад соёлыг хэчнээн сайн сурлаа гээд тэднээс юугаараа ялгарах юм бэ. Алтан үеийнхэн монгол уламжлал, соёлоо сайн мэддэг учир мөнхөрч үлдсэн юм.
-Та 1992 оноос хойш СУИС-д багшилсан юм билээ. Үе, үеийн төгсөгчид ялгаатай биз?
-Энэ жил зургаа дахь ангиа төгсгөх гэж байна. Жүжигчний мэргэжлээ сайн эзэмшиж чадаагүй болон үнэхээр авьяастай янз бүрийн л хүүхдүүд төгсөж харагддаг. Уг нь манай сургуулийн сургалт сайн. Даанч төгсөгчдийг турших талбар ховор. Хүүхэд залуучуудын театр байхг үй боллоо, Хүүхэлдэйн театрынхан Санкт-Петербургийн театр урлагийн академид тусгайлан мэргэжилтэн бэлдэж авлаа. Аймгуудын театр орон нутгийнхаа хүүхдүүдийг авч, тэд ч хожим “Гэгээн Муза”-д байр эзэлж байна. Тэнд найруулагч, ажиллах бололцоо тайз нь байгаа учир амжилт гаргаж байгаа юм. Үлдсэн хотынхон нь УДЭТ-т оръё гэхээр босго өнд өртэйн дээр орон тоо байхгүй бол ажилд авахгүй. Чадвартай зарим нь хувийн хамтлаг, продакшн байгуулж, бор зүрхээрээ л өөрсдийг өө туршиж явна. Зах зээлийн энэ үед чадалтай оюутнууд тодроод л гараад ирдэг. Авьяас тааруухантай нь мэргэжлээ сольж, зарим нь урлагаа орхихгүй гээд төрөл дотроо өөр чиглэлээр ажиллаж байх жишээтэй. Урлагийн зам хөөсөн хүүхдүүдэд мөнгө сонгох уу, эсвэл цалин гэхээр юм авалгүй, өчнөөн жил дагалдан жүжигчнээр ажиллаж авьяасаа сорих уу гэдэг сонголт тулгардаг. “Ээ дээ, мөнгө л битгий хөөгөөрэй. Чамд авьяас байгаа шүү. Өөрийгөө сориод жүжигчин болчихсон цагт мөнгө өөрөө дагана” гэж зарим шавьдаа захидаг. Гэхдээ амьдралын шаардлагаар олонх нь мөнгө хөөдөг. Бүгдийг нь чадахгүй ч, жаахан авьяас гялтайлгасан хүүхдүүдээ өмнөх төгсөлтийн шавь нарын байгуулсан хамтлаг, продакшнд оруулахыг боддог. Авьяастай шавь нартаа заасан зүйлийнхээ үр шимийг харах гэсэн багш хүний сэтгэл юм даа.
-Багадаа их эрх байсан гэж дуулсан. Амьдралын явцад эрх байхаа больдог уу, эсвэл одоо хэвээрээ юү. Эрх байхын сайн, муу тал юу вэ?
-Би аав, ээж, эмээгийнхээ хайранд бөмбөрч өссөн. Долдугаар анги хүртлээ эмээгийнхээ өвөрт унтдаг байж билээ. Сургуулиа төгсөж хот руу ирээд эрхэлж байсан үеэ үгүйлээд их уйлдаг байлаа. Том болсон хойноо ч тэр зангаа тавилгүй нөхөртөө, үе тэнгийнхэндээ, театрынхандаа эрхэлсэн. Одоо ч гэсэн миний тэр зан манай залуу багш нарт ажиглагддаг гэсэн. Эрх хүн бусдад муу санадаггүй, аливааг дандаа сайхнаар хардаг, нинжин сэтгэлтэй байдаг гэж боддог. Гэхдээ шулуун, шударга, бодсоноо нуулгүй хэлчихдэг, жаахан дураараа байдаг. Ам илүүдчихдэг ийм зангаасаа болж бурууддаг тал бий.
-Таны амьдралд биширмээр, ер бусын хүмүүс хэр олон таарч байв?
-Улаан хацартай, хоёр салаа гэзэгтэй, цэцэгтэй тууз зүүчихдэг хөдөөний охин байхад сайхан дээл, чамин эмээл, хазаартай морь унасан хүн гоё харагдаж, түүн шиг болохсон гэж боддог байлаа. Хожим театрт олон сайхан, бишрэм хүмүүсийн дунд ороод сүрдсэн шүү. Эргээд бодох нь ээ, хал нь гаднаа хайр нь дотроо, нэгнээ чадахсан гэсэн муу санаагүй, ямар сайхан хүмүүс байгаа вэ. Ажил дээр дутагдал хэлж, амьдрал дээр түшиг болно. Хүний чанар ядрахын цагт танигддаг гэдэг. Ханиа алдсанаас хойш бишгүй зовлон үзсэн. Тэр үед хамт олон минь намайг түшиж, тулахад сайхан санагдсан.
-Сайныгаа тодотгохын тулд зохиолд эсрэг дүр байдаг. Таны амьдралд сөрөг дүр шиг хүн хэр олон таарч байв?
-2010 онд би “Ариун сүмийн босго өндөр” нэртэй ном хэвлүүлсэн юм. Тэрийг уншсан хүмүүс “Та ямар сайхан, дардан зам туулсан юм бэ. Таны амьдралд адармаатай асуудал бараг л таараагүй байна” гэж байсан. Зарим хүний амьдралд элдэв бэрхшээл, нугачаа олон тохиолдох юм. Буян юм болов уу, надтай муухай хүн таарч байсангүй.
-УДЭТ-т хэн, хэнтэй нэг өрөөнд суудаг байсан бэ. Дотуур байрны оюутнууд дурсамж ихтэй байдаг шиг нэг өрөөнийхөнд нандин мөчүүд олон биз?
-Анх Мэндбаяр, Цээнямбуу, Сэлэнгэ бид дөрөв нэг өрөөнд байсан. Театрынхан амралтын өдөр жүжиг тоглоод, хүмүүс ажиллах үеэр амардаг учир бид нэгнийдээ очиж сайхан хоол идэж, манго твист бүжиглэнэ. Гэхдээ архи дарс, шар айраг амсдаггүй байсан юм. Биднийг өрөөнд өө бүжиглэж байхад Оюун багш хэзээний л ороод ирчихсэн “Хөөе, Та нар яах гээд байна аа, айн” гээд ташаагаа тулчихсан зогсож байдагсан. Манай өрөөнийхөн залуу байхдаа л жаргалтай дурсамж олон үлдээж. Ер нь ажаад байх нь ээ, нас ахихаар инээх хүртэл багасдаг юм байна.
-Танд цаг хугацаагаар аялах боломж олдвол ирээдүй рүү зочлохыг илүүд үзэх үү, эсвэл дурсамжтай үедээ очих уу?
-Хөгжлийн дугуй урагшаа эргэдэг гэдэг дээ. Тэгэхээр хөгшин залуугүй урагшаа тэмүүлж амьдрах хэрэгтэй. Би орчин цагтайгаа хөл нийлүүлж, шинэ сонин юм харж, үзэж байж л оюутнууддаа хичээл заана шүү дээ.
-Тэгвэл орчин үеийн хүүхдүүдийн юунд атаархаж, бас 1940-өөд онд төрснийх өө юугаар бахархдаг вэ?
-Атаархал гэдэг их муухай үг. Өмсөж зүүх нь элбэг дэлбэг, бодож сэтгэх нь чөлөөтэй болсон учир энэ нийгмийнхэн азтай. Чадалтай нэг нь өөрийнхөө эрдэм мэдлэг, нөөц бололцоог хэдэн ч газар худалдах боломжтой болсон. Гэтэл бид тогтсон нэг л сурвалжаас цалин авч, тэр нь ганц аятайхан гутал худалдаж авахад ч хүрэлцэхгүй шахам байсан. Гэхдээ хүний сэтгэл л ханадаггүй болохоос биш, хэрэгцээ гэдэг багахан л байдаг юм билээ. Бидний үед бузар булай юм ховорхон байсандаа тэр үү, эсвэл одоо ил тод болсон юм уу санаа зовоож, сэтгэл эмзэглүүлэхээр мэдээ сүүлийн үед их дуулдах юм. Би хичээлээ заачихаад л харьчихдаг болохоор мэддэггүй бололтой. Шавь нар кино хийснээ үзүүлэхээр мөнгөний төлөө тэмцэлдсэн, хар бараан сэдэвтэй байх юм. Хар тамхи, биеэ үнэлэгч, ижил хүйстэн гээч бидний үед дуулдаж байгаагүйд баярладаг.
-Залуу нас мөнхөлдгөөрөө кино гайхамшигтай бол үзэгчдэд “амьд” мэдрэмж өгч, дахин тоглохдоо алдаагаа засах боломж олгодгоороо театрын урлаг онцлогтой. Та алинд нь илүү элэгтэй вэ?
-Театр гэдэг үе, үеийн үзэгчидтэй. Тухайлбал, намайг эд тоглож байхад үзэж байсан хүмүүсийн олонх нь бурхан болсон байх. Театрынхан 21 аймгаараа аялан тоглодог байсан. Тэр үеийн хөдөөгийн үзэгчид намайг мэднэ. Гэхдээ СУИС-д багшилж эхэлсний дараа “Эзэнгүй айл” кинонд тоглосноор хот хөд өөг үй мэддэг болсон. Тэгэхээр кино урлаг олон нийтийг хамардаг, илүү хүчтэй юм даа гэж боддог. Цээнямбуу минь ямар сайхан дүр үүд бүтээж байгаа вэ. Даанч тэр мөчийг дахин харах боломжгүй. Харин техник технологи хөгжсөн өнөө үед тоглож байгаа жүжгүүдийг камерт биччихэж болно. Залуу үеийнхээ зургуудыг одоо хараад “Энэ би мөн бил үү” гэж гайхдаг шүү. Хүн тэгж эргэлзтэлээ өөрчлөгддөг юм байна.
-Ард түмэн болоод УДЭТ-ынхны мартсан мундаг жүжигчдийн талаар дурсахг үй юу?
-Манай театрынхан үе үеийнхнээ дурсан уран бүтээлчдийнхээ мэндэлсний 70-110 насных нь ойг тэмдэглэдэг. Хүмүүсийн тэр бүр мэдэхгүй, эрт цагийн уран бүтээлчдийн хийж, бүтээснийг сурталчлан, гэр бүлийнхэнтэй нь уулзуулна гэдэг сайхан. Алтан үеийн зарим уран бүтээлчийн үр хүүхэд нь эцэг эхийнхээ гавьяаг сурталчлан ном, баримтат кино хийлгэдэг. Ингэснээр тэднийг хойч үеийнхэнд мэдүүлж, мэргэжлийн уран бүтээлчдэд уламжлал үлдээж байгаа ач холбогдолтой.
-Хүмүүст мартагдана гэдэг гунигтай юу, эсвэл энэ насандаа л амжуулах ёстойгоо хийчихвэл дараа нь яах, эсэх нь хамаагүй юу?
-Намайг тайзнаас бууж, багшилснаас хойш 20 гаруй жил өнгөрсөн хэрнээ сонин, хэвлэлүүд ярилцлага авахыг хүснэ гэдэг мартагдааг үйн шинж. Тухайн үеийн үзэгчдэдээ үнэтэй л жүжигчин байж. Өөрийнхөө үргэлжлэл болох шавь нараа бэлтгэж байгаа учраас тэд хожим нь намайг дурсах байх. Шавь нараасаа хойш мартагдах биз. Лхамхүүг мартвал тэр л биз, үгүй бол сайн л байх. Намайг мартуулж болохгүй шүү гээд л заавал чухалчилж үзээд байх хэрэггүй. Хүмүүс тухайн цаг үедээ л оршдог шүү дээ.
-Зарим хүн нэг ажлаа олон жил хийхээр уйдаж, зэвэрлээ гэдэг. Жүжигчдэд ийм бэрхшээл тохиолддог болов уу?
-Сайхан хийгээд байвал жүжигчний мэргэжил уйдахааргүй. Харин тайзнаас хөндийрвөл зэвэрнэ. Ер нь ямар ч мэргэжилтэй байсан байнгын дасгал суруулилалт хийхгүй бол төсөөрдөг. Ялангуяа биеэрээ гүйцэтгэдэг учир жүжигчний ажил хөдөлмөр, дасгал сургуулилалт их шаарддаг.
-Тэгвэл авьяас тэтгэвэрт гардаг уу?
-Үгүй юм шиг байна лээ. Туршлагаараа даван туулдаг.
-Ахмад насныханд тусгайлан зориулж кино хийдэггүй болоод ч тэр үү, таны үеийн жүжигчид ээж, аав, эмээ, өвөө зэрэг туслах дүрд чимэг төдийхнөөр тоглох юм. Энэ нь амьдралын жам уу, эсвэл зүгээр л ахмадуудыг гол дүр болгосон кино хийдэггүй юм уу?
-Зохиолчид бичихгүй байна, эсвэл энэ муу эмээг гол дүрд тоглуулахаар хэн үзэх юм гээд ивээн тэтгэх хүн олддоггүй байх. Бүх юм мөнгөнөөс шалтгаалдаг учир зүс царай сайтай олны танил, загвар өмсөгч тоглуулчихъя гэдэг. Гэтэл бид мэргэжлийн жүжигчин бэлтгэх гээд л энд үйлээ үзээд байдаг. Уг нь мэргэжлийн уран бүтээлчдийн тоглосон кино чанар чансаагаараа ялгардаг. Царайлаг хүн яах вэ, дүрд хувирахгүйгээр үгээ цээжлээд, байгаагаараа л бусдын нүдэнд аятайхан харагдаж нэг удаадаа тоглож болох юм. Гэхдээ хоёр дахь удаагаа жинхэнэ авьяастай, эсэх нь харагдана. Манай алтан үеийнхний дотор мэргэжлийн сургууль төгсөөгүй нь олон ч тэр үед Оросын мэргэжилтнүүд зааварладаг байсан нь тэдэнд том сургууль болсон.
-Одоо кино, жүжигт тогломоор санагддаг уу?
-Жүжигчид тайзаа л хамгийн их санадаг юм шүү дээ. Тоглох ёстой жүжгээсээ хоцорчихлоо, тайзан дээр үгээ мартлаа гэж зүүдэлдэг байсан нь хамт олноо, театраа санадаг байсны илрэл биз. Нэг хэсэг дүр бүтээхсэн гэж боддог байлаа. Одоо бол “За яршиг, үзэгчид намайг хүлээж авахгүй, амьтны шившиг болох вий” гэж эмээдэг болсон.
-Бүтээхийг хүсдэг байсан дүр байдаг уу?
-Одоо ч гэсэн миний насанд тохирсон дүр санал болговол татгалзахгүй. Анхандаа уянгалаг дүр бүтээдэг байгаад 1982 онд “Жаргал даахгүйн зовлон” киноны Дариймаад тоглосноос хойш Лхамхүүгийн сөрөг дүр үзэгчдийн сэтгэлд илүү хүрч байна гэдэг болсон. Гэхдээ сайн жүжигчин ямар ч дүрд тоглож чаддаг байх ёстой гэж оюундаа боловсруулж, өөртөө зорилго тавьдаг байсан. Нэг сайхан ээжийн дүрд тоглочих чадвар одоо байж л байна.
-Зөвхөн таны архивт л үлдээх, үзэгч- дэд үзүүлэхгүй, гэхдээ сайн жүжгийн гол дүрд тоглуулах санал ирвэл яах вэ?
-Үзэгчдэд үзүүлбэл илүү дээр. Өнгөрсөн жил Мягмарнарангийн уран бүтээлийн тайлан тоглолтын үеэр “Найрын ширээний ууц” жүжгийн хэсгээс толилуулахад оролцсон юм. Тэгэхэд л үзэгчид надаас уйдаагүй, үгүйлсэн гэдгийг мэдэрсэн. Алга ташаад сүйд. Уг нь орчин цагийн үзэгчид намайг жүжигт тоглохыг хараагүй шүү дээ. Тэнд дандаа миний үеийнхэн байгаагүй нь лавтай.
-“Эзэнгүй айлын бүдүүн эмээг хүмүүс шуналтай, эсрэг дүр гэдэг юм. Охиноо ямар ч амьдрах чадваргүй юмтай суучихаад навсайгаад явж байхыг ямар эх хүн хүсэх билээ” гэж нэгэн ярилцлагадаа хэлсэн юм билээ. Та хүүхдүүдийнхээ амьдралд хэр оролцдог вэ?
-Зөвлөж, оролцолгүй яах вэ. Гэхдээ нэг хүнээс болиулаад нөгөөтэй нь суулгачих юмсан гэж бодсон удаагүй. Хүүхдүүд үерхдэг найзаа дагуулаад ирэхээр нь ярьж, байр байдлыг нь ажигладаг байсан. Жүжигчид гэдэг хүн судлаач учир ерөнхийдөө ямаршуухан хүүхэд вэ гэдгийг нь андахгүй. Ямар сайндаа хамаатан, ах дүүс хүртэл хүргэн, бэрээ надаар шинжүүлж байх вэ дээ. Тэдэнд “Битгий хүний үгэнд ор. Өөрсдийнх нь чин сэтгэл мэднэ” гэж хэлдэг юм. Хүмүүсийн сэтгэл зүрхний асуудалд хөндлөнгөөс хамаагүй оролцож, шийдэж болохгүй шүү дээ.
-Бүтээлийнхээ эхний догол мөрөө бичих нь зохиолчдод хамгийн хэцүү байдаг гэдэг юм билээ. Тэгвэл жүжигчдэд дүр бүтээхийн хамгийн хэцүү нь юу вэ?
-Дүр бүтээхдээ бодож, боловсруулж, толгой нь байнгын ажиллаж байдаг учир хамгийн ухаантай хүмүүс л сайн жүжигчин болдог гэдэг. Дүрээ судалж, дүрийнхээ ухааныг олчихвол ташуур авсан морь шиг л давхина.
-УДЭТ-т долоон найруулагчийн тавьсан жүжгүүдийг үзсэн үү. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?
-Манайхан янз бүрийн хэлбэрээр жүжиг тавьж, эрэл хайгуул хийж байгаа нь сайшаалтай. Гэхдээ үндсэн шугамаасаа битгий гажаасай гэж боддог. Ингэж хэлснээрээ өөрийгөө хоцрогдсон хүн гэж бодохгүй байна. Улс л болсон хойно ДБЭТ, УДЭТ гэх хоёр театраа академик хэвээр нь байлгаасай гэж боддог. Манай СУИС-иас гарсан бүтээгдэхүүнүүд ДБЭТ-т орж, дэлхийн хэмжээний томоохон уралдаануудад байр эзэлж байна. Энэ бол Орост сургуульд төгссөн багш, уран бүтээлчдийн үр шим. Энэ хоёр театр Монголын урлаг ямар хэмжээнд явааг дэлхийд таниулдаг. Сонгодог урлаг гэдэг тансаг, дээдсийнх гэж хэлж болох байх. Гэхдээ манайх Монголын болон өрнийн сонгодог жүжгүүдээ тавьдаг байсан ч дорнынхыг орхигдуулчихсан. Би сүүлийн гурван төгсөлтийнхөө дипломын жүжгийг Хятадын сонгодог бүтээлүүдээс сонгосон. 2007 оны төгсөлтийнхөн Цао Юйгийн, Хятадын “Шекспир” гэгддэг “Аянгын бороо”-г тоглосон бол 2011 оных нь Лао Шэгийн “Цайны мухлаг”- ийг тавьсан. Одоо төгсөх ангийнхан маань Цао Юйгийн “Наран мандах” жүжгийг бэлдэж байгаа. Дорнын зохиолуудыг сургалтдаа оруулъя гэсэн зорилготой, үүгээрээ онцлог гээд өөрийгөө дөвийлгөчихвөл буруудчихдаг юм болов уу. Ямартай ч дорнын бүтээлүүд үнэхээр гайхамшигтай, би бүр амтанд нь орчихсон.
Б.ДӨЛГӨӨН