Хүн бүр л аз жаргалтай байхыг хүсдэг. Энэхүү хүсэл маань бидний бүх үйл хөдлөлийг жолоодож байдаг..Бүхий л мэдлэг ухаан, хүсэл тэмүүлэл сайн үйлсд чиглэгдэхээс үзэхэд үйл хөдлөлөөр хүрч болох хамгийн сайн үйлс ямар байх вэ? Үүнийг энгийн хүмүүсийн хувьд түүнчлэн нарийн мэдрэмжтэй хүмүүсийн хувьд маш нийтлэг үгийг олж, энэ нь аз жаргал бөгөөд сайхан амьдрал, хөгжил цэцэглэлтийг тэд аз жаргалтай адилтгадаг. /Аристотель/
Аз жаргал гэж юу вэ, түүнийг яаж олж авах вэ гэдэг нь маш чухал юм. Бидний хүсэл биелсэн мөчид аз жаргалын мэдрэмж төрдөг гэдгийг бид мэднэ. Өлссөн үед хоол идмээр санагддаг. Энэ үед хоол идвэл хүсэл биелэж, аз жаргалтай болно. Хэрэв бид нэг хүнийг хайрлавал түүнгүй байхдаа уйтгарлаж, түүнтэй хамт байхыг л хүсдэг. Тэгээд уулзахаараа аз жаргалтай болно. Аз жаргал гэдэг нь бидний хүслийн бодит үр дүн юм. Гэвч хүсэл биелэх бүрт бид аз жаргалтай болдог уу?
Биелсэн эхний үедээ бидэнд аз жаргалыг мэдрүүлж, цаашид цаг хугацаанд нь зогсоохгүй бол муу муухай бүхнийг үлдээдэг хүсэл гэж бас байдаг. Биелсэн дороо баяр баясгалан авчрах боловч ирээдүйд санааг минь зовоох тиймэрхүү хүсэл сонирхлоо биелүүлэхийг чармайх хэрэггүй. Хэрвээ бид ямар нэгэн муу муухай үйл хийж байгаа гэдгээ мэдрэх буюу мэдэх юм бол энэ хүсэл биелсний сайхан бүхнийг буруутай гэсэн мэдрэмж зайлшгүй үгүйсгэх болно. Жишээ нь: заримдаа бид хашгирч эсвэл уур хүргэсэн хэн нэгнийг доромжилж гомдоодог. Хэдийгээр ингэсний дараа бид харуусдаг боловч биеэ барьж чаддаггүй. Ийм учраас дараа нь харуусаж зовохгүйн тулд бид иймэрхүү хүслээ барьж сурах хэрэгтэй.
Харамсалтай нь ихэнх хүмүүс амьдралаас зөвхөн тааламжтай сайхныг хүсдэг. Тэд өөртөө таалагдсан бүхнийг сайн, тааламжгүй сэтгэл зовоосон болгоныг муу зүйл гэж үздэг. Тийм хүмүүсийн хувьд амьдралын зорилго нь амьдралаас авах таашаал юм шиг л санагдана. Тэд өөрийн амьдралын утга учир, хүсэл мөрөөдлийн үр дагаврыг бодохгүйгээр өөрийнхөөрөө амьдрахыг тэмүүлдэг.
Бид өвдвөл тохирсон онош тавьж, таарсан эмчилгээ хийх эмчийг эрж хайдаг. Харин бид аз жаргалтай, сэтгэл санааны хувьд төлөв төвшин байдлаа олохын тулд юу хийх, яаж биеэ авч явахаа мэдэхгүй байгаа бол үүнд залж чиглүүлэх хэн нэгнийг эрж олох хэрэгтэй. Гэвч ийм хүнийг хаанаас олох вэ?
Бид бие бялдрын хувьд бүрэн хөгжсөн эрүүл энх, “том хүн” болж аз жаргалыг амсахын тулд байгалийн хуулийн дагуу амьдрах хэрэгтэй. Бид хүслээ л биелүүлэхийг боддог боловч үүнийг яаж хийх нь дээр болохыг мэддэггүй. Харин аз болоход бидний оюун ухаан хүрээлэн буй орчныг ойлгох чадвартай юм. Гэвч энэ талаар бид суралцах ёстой. Бидэнд амьдралын авсан туршлага маань туслах боловч заримдаа багшийн тусламжтай, эсвэл өөрөө бие дааж олсон мэдлэг маань тусалдаг.
Байгалийн хуулиудын талаар бидэнд мэдлэг олгохын тулд байгалийн шинжлэх ухаан хөгжсөн. Бид сургуульд хэдхэн жил үзээд судлаад өнгөрдөг тэрхүү мэдлэгийг олж авахын тулд хүн төрөлхтөн хэдэн зуун жил зарцуулсан. Хэн нэгний нээсэн нээлтийг хийхийн оронд бусдын урьд олсон мэдлэгийг ашиглан тэдний туршлагаас суралцах нь илүү ашигтай гэдгийг та зөвшөөрнө биз. Гэвч дугуйг дахин дахин зохион бүтээх нь тэнэг хэрэг.
Дэлхийн таталцлын хуулийн нээсэн Исаак Ньютон “Би зөвхөн агуу их хүмүүсийн мөрөн дээрээс л цаашдын үйл явдлыг харж чадсан байж таарна” гэж хэлсэн нь бусад эрдэмтдийн мэдлэг оюуныг ашигласнаа айж эмээлгүйгээр хүлээн зөвшөөрсөн явдал юм. Тэр өөрийн өмнөх үеийн эрдэмтдийн хөдөлмөр зүтгэлийг үргэлжлүүлэн оюун ухаанаар баяжуулснаар цоо шинэ нээлт хийсэн юм.
Хэрвээ бид бие бялдрын хувьд төдийгүй оюун ухааны хувьд өсөж хөгжин, сэтгэл зүйн хувьд эрүүл саруул, бүрэн бүтэн хувь хүн болон төлөвшихийг хүсэж байвал бид хүн төрөлхтний харьцаа, дотоод сэтгэлээ мэдэх мэдрэх хэрэгтэй. Ёс суртахууны хуулиуд нь ертөнцийн таталцлын хууль мэт л зайлшгүй үйлчилнэ. Хэрвээ мэдэхгүйгээс эсвэл түүнээс ч дор санаатайгаар “ангал руу үсэрвэл” өөртөө болон бусдад оюун ухаан, сэтгэл зүйн хувьд гай гамшиг, шарх учруулах болно. Иймэрхүү сэтгэлийн шархыг заримдаа эмчилж болох бөгөөд бид туршлага хуримтлуулснаар ухаан суудаг.
Бид бие махбодын хүслээ гүйцэлдүүлэх зөв замыг олж мэдэх тусам л хайр сэтгэл, эрдэм мэдлэгт тэмүүлэх гэх мэт өөрсдийн оюун ухааны хүслээ биелүүлэх зөв арга замд суралцах ёстой. Оюун ухаан, сэтгэл санааны хуулиудыг бусад зүйлсийн адил эцэг эх болон бусад хүмүүсийн мэдлэгийг дагаж мөрдөх буюу өөрийн туршлагыг хуримтлуулах замаар судалдаг.
Аз жаргалд хүрэх бидний зам байгаль ертөнц болон бодит байдлын оюун санааны ба ёс суртахууны хэмжээсүүдийн үндсэн зарчмуудыг хэр зэрэг сайн мэдэж байгаа эсэхээс хамаарна.
Хүний ёс суртахуун нь 3 зүйл дээр тулгуурлана. Үүнд: хүний оюун ухааны нийцэл ба эрүүл мэнд, бусадтай харьцах харьцааны нийлэмж болон амьдралын зорилгоо биелүүлэх зэрэг юм.
Амьдрал бол аз жаргал, айдас түгшүүр, таагүй явдал, тааламжтай гэнэтийн зүйл, баяр баясгалан, гэнэтийн аюулаар дүүрэн гайхамшигтай аялал юм.