Хүний хүчин чадал, боломж, чадавх үнэхээр шавхагдашгүй. Тийм учраас л хүн төрөлхтөн гайхамшгийг бүтээж, амьдрал улам баяжин, хөгждөг биз. Өнөөдрийн зочин маань амьдралыг тийнхүү амттай, өнгөтэй болгон хөглөдөг хүн. Даваасүрэнгийн Баярбаатар. ҮДБЭЧ-ын бүжиг дэглээч энэ хүнийг монголчууд төдийгүй олон орны үзэгчид андахгүй. “Ла Скала”, Их театр, Берлиний оркестр, НҮБ-ын танхим, Карнеги холл гэхчлэн дэлхийн том театр, тайзан дээр тоглох нь тухайн уран бүтээлчийн чансааг илэрхийлдэг гэдэг. Үүнтэй адил Францын “Guimet” театрын тайзнаа тоглолтоо толилуулсан гэвэл Азийн уран бүтээлчдийн хувьд өндөр чансааны илэрхийлэл юм билээ. Тэгвэл Д.Баярбаатар Дорно дахины урлагийн төв хэмээгддэг тэрхүү театрт хөөмийн бүтэн тоглолтоо толилуулсан анхны монгол хүн.
Наадмын хөтөлбөрийн хүрээнд энэ тайзнаа гарсан Монголын хэд хэдэн уран бүтээлч бий л дээ. Гэхдээ түүний хувьд бүрэн хэмжээний концертоо ятгачин Баасанхүүтэй энд тоглосон гэдгээрээ онцлог. Үүнээс гадна Англид төвтэй АRС студи түүний цомгийг өөрийн логотой гаргажээ. Энэ нь Европын орнууд, Америкт Монголын уран бүтээлч Д.Баярбаатарын цомгийг хуулийн дагуу баталгаатай гаргах виз гэсэн үг аж. Ийм нэгэн хүнтэй ярилцлаа.
“Д.Баярбаатарын бүтээлүүд монголчуудын түүхийн ой санамжийг сэргээсэн. Тэрбээр үндэсний уламжлалт бүжгийг орчин цагийн хэв загвартай уялдуулан Монголд шинэ дэгийн бүжгийн найруулагч болсон. Монголчуудын нүүдлийн гүн сэтгэлгээг шингээсэн туульсын шинж чанартай бүтээл хийхийг эрмэлздэгээрээ энэ хүн онцгой ялгаатай”. Доктор Батхуяг түүнийг ийнхүү үнэлэн, дүгнэжээ.
-Саяхан том төслийн ажлаар Франц яваад ирсэн гэсэн. Энэ талаар ярилцлагаа эхэлье. Ер нь жил бүр Та тус улсад тоглолт хийдэг нь ямар учиртай юм бэ?
-Би 2000 оноос Францад тоглож байгаа л даа. Тэр дундаа Леон хотод байдаг GМVL хөгжмийн компанийн захирал, хөгжмийн зохиолч Бернард Барт болон Францын бүжиг дэглээч Килина Кремона хоёртой хамтран ажилладаг юм. Энэ хоёр хүнтэй уран бүтээлийн сайхан анд болсон. Бид бүжгэн жүжиг дэглэх хоёр төсөл хэрэгж үүлж байгаа юм. Энэ хүрээнд манай чуулгын тайзнаа К.Кремона 2000 онд “Хөх чоно”, 2009 онд бид гурав хамтарч “Цаг хугацаа салхи мэт хурдална” орчин үеийн сонгодог бүжгэн жүжиг найруулан тавьсан. Монгол, Францын уран бүтээлчид энэ балетад хамтран тоглосон. Үүний дараа эдгээр бүтээлээрээ Парисийн “Biennale de la danse” бүжгийн наадамд оролцсон. Мөн 2010 онд ҮДБЭЧ-д “Баавгай луугийн хооронд” модерн балет найруулан тавьж, тоглуулсан. Энэ мэтчлэн хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэхэд багаг үй ажил хийж явна. Монголын морин хуур, хөөмий, бий бийлгээ, зэрэг өв соёлоо францчуудад таниулан, аялан тоглолт хийсээр 10 гаруй жил болжээ. Ер нь монголчууд бид бий бийлгээ, монгол бүжиг, морин хуур, хөөмий, магтаал, тууль, товшуур, хулсан хуур гээд язгуур урлагаа мартаж, гээж боломгүй санагддаг. Манай уламжлалт өв соёл, урлаг бол дэлхийн аль ч улс, үндэстнийхээс их өвөрмөц шүү дээ. Үүнийгээ хүн төрөлхтөнд мэдрүүлж, үзүүлэхийн төлөө чадах бүхнээ хүн бүр хийх ёстой.
-Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах уралдаанд оролцсон Монголын сайхан бүсгүй Батцэцэг дэлхийн үзэгчдийн өмнө монгол хатны хувцастай бүжсэн нь үнэхээр омогшил төрүүлсэн шүү.
-Үнэхээр сайхан явдал болсон. Уралдаан үзээд сууж байтал Батцэцэг маань гарч ирээд Сорхугтан хатны бүжгийн хэсгээс хийж үзүүлсэн. Юу билээ, гээд ёстой баярлаж, гайхсан. Тэр охин манай Бямбаагаар бүжиг заалгах санал тавьсан юм билээ. Тэгээд Бямбаа надад “Багш аа, таны дэглэсэн Сорхугтан хатны бүжгээс заагаад өгчих үү” гэхээр нь Монголынхоо нэрийн өмнөөс явах хүнээ дэмжилгүй яах вэ гээд зөвшөөрсөн. 120 орны гоо бүсгүй монгол хатны бүжгийг даган мөрөө хөдөлгөж, бийлсэнд би туйлаас баярласан. Батцэцэгтээ талархсанаа албан ёсоор дамжуулъя. Харин уралдаан дамжуулж байсан хөтлөгч “Ану хатан”-ы бүжиг гэж буруу тайлбарласан.
-Миний бодлоор францчууд Монголын соёл урлагийг илүү сонирхоод байх шиг. Жил болгон олон төрлийн урлагийн арга хэмжээг харилцан зохион байгуулж, манай язгуур урлагийн тоглолтыг тэнд анхаараад байна уу гэж боддог. Энэ нь Францад манайхан сайн сурталчилгаа хийж байгаатай холбоотой юу, эсвэл өөр шалтгаан байна уу?
-Ер нь менежментийн асуудал бий. Европын орнуудад ганц удаа тоглолт хийх нь өөр асуудал. Харин байнгын үйл ажиллагаа явуулахад бүтээлийн сонголт чухал. Олны таашаалд нийцэх сайн бүтээлээр хөтөлбөр боловсруулаад, мэргэжлийн хүмүүст танилцуулах ёстой. Тэр нь таалагдвал хүссэн, хүсээгүй цаад тал таныг урина. Мэргэжлийн том театрууд өөрийн тайзнаа тоглуулах бүтээлээ ийм л шалгуураар сонгодог.
-Ер нь бүжиг дэглээч Баярбаатарын бие даасан тоглолт гэхээр хөтөлбөр нь сонин байна. Та хөөмийлнө, ерөөл, магтаал хэлчихнэ, хуур татна, бүжиглэнэ, гээд элдэвтэй хүн шүү дээ. Тэгэхээр хөтөлбөрөө яаж бүрдүүлдэг вэ?
-Таны хэлсэнчлэн хөтөлбөрт юм юм л багтаана. Юун түрүүнд өөрийн зохиосон “Чингис хаан” магтаалаа морин хууртай хөөмийлдөг. Магтаалыг хүүрнэх, урнаар унших, хөөмийлэх гээд олон янзаар дэглэж үзүүлнэ шүү дээ. Үүн дээр монгол ардын дуунуудын найруулга, холбоосуудаар бас нэг үзүүлбэр бэлдчихнэ. Мөн уул ус, мод, салхины сэрчигнээн, шувуудын жиргээ, морь үүрсэж, янцгаах, хурга ишигний майлаан, үхэр мөөрөх гэхчлэн зөвхөн байгаль дэлхий, амьтдын дуу чимээг ямар ч хөгжимгүйгээр хэлний олон янзын техникээр хөөмийн урлагаар дамжуулаад хүргэдэг. Тэр дунд монгол ахуй тэр чигтээ төсөөлөгддөг юм. Гаднынхан үүнд их дуртай байдаг. Би хархираа, хөөмийг олон төрөл, янзаар хүргэдгээрээ онцлогтой юм болов уу гэж боддог.
-Хөөмийлөхөд ямар хүч, хэчнээн герц гардаг вэ гэхчлэн сонирхолтой судалгааг Францын шинжлэх ухааны нэг байгууллага хийсэн гэж сонссон. Та тэр судалгаанд орсон гэл үү?
-Францын Гренобль хотод “Дэлхийн дуу хоолой” нэртэй олон улсын студи, эрдэм шинжилгээний байгууллага байдаг юм билээ. Тэр газраас санал тавьснаар би хөөмийлж, тэр явцыг анатомийн хувьд ямар өөрчлөлт ордгийг рентген зураг авч, бичлэг хийж баталгаажуулсан юм. Өөрөөр хэлбэл, хөөмийлөхөд хүний дууны хөвч, хамрын хөндий, хэл, багалзуур гэхчлэн биеийн ачаалал ямар байдгийг энгийн дуу дуулах болон ярьж байх үеийнхтэй харьцуулж, судалдаг юм байна. Мөн хөөмийлөхөд гарах дуу, авианы цар хүрээ, тархалтыг компюьтерээр хэмжсэн. Хөөмийлөх үед гэнэт дээшилж, доошлох зэргээр асар их хэлбэлзэлтэй байдаг нь тэднийг нэлээд гайхашруулж, сонирхлыг нь татсан. Манай энэ урлаг ийм л онцлогтой, гайхалтай юм. 360 герцийн хэмжээнд дуугарсан гэсэн шүү. Тэрбээр яг л бичлэгт орж байгаа мэт гамма уншиж, нүдээ аньсан харагдав. Ер нь мэргэжлийн онцлогтой нь холбоотой юу, эсвэл хувь хүний сэтгэл хөдлөлөөс шалтгаалсан уу тэрбээр яриагаа байнга гар, хуруу, биеийн хөд өлг өөнөөр “хачирладаг” юм билээ. Ялангуяа бүжиг, морины тухай яриа түүнийг ёстой хурцалж, тэсэлдэг мэт санагдсан.
-Дэлхийн мундаг дуучид иймэрх үү судалгаанд хамрагдсан байдаг юм билээ. Бас манай нугараач охидын зургийг рентгенээр авсан судалгаа байдаг. Норовбанзад гуайн дуу хоолойг Японд мөн аргаар бичиж авсан гэдэг. Бахархмаар шүү. Гадаадын хүмүүс манай урлагийг ийм өргөн хүрээгээр, шинжлэх ухааны үүднээс судалж байхад бид ер нь юу хийж байна вэ. Монгол Улсын Засгийн газар Соёлын яамаа татан буулгачихлаа шүү дээ. Энэ талаар мэргэжлийн урлагийн байгууллагууд, том театрууд ямар байр суурьтай байгаа бол. Та ҮДБЭЧ-ын бүжиг дэглээчийн хувьд үүнд яаж хандаж байна вэ?
-Соёлын яамгүй улс гэхээр үнэхээр харамсмаар. Баярбаатар гэдэг уран бүтээлчийн ойлгож байгаагаар энэ бол байж болшгүй зүйл. “Үндэсний уламжлалаа мартсан улс үндэсгүй мод шиг мөхдөг” гээд манай хаад хэлж, сануулаад, өв соёлоо хамгаалан, дээдлэхийг зарлигдсан байдаг шүү дээ. Үндэсний соёл урлаг бол улс үндэстний аюулгүй байдал, эрх ашиг, язгуур соёл, өвийн уламжлал. Дэлхийн чиг хандлага өнөөдөр манайх шиг ховор, өвөрмөц өв соёлыг судлахад анхаарах болжээ. Түүнд хөрөнгө мөнгө гаргаж, тусгайлан авч үзэж байна шүү дээ. Жишээ нь, Парисийн Дорно дахины урлагийн музей Азийн талаар мэдэж, судлахад маш том архив л гэсэн үг. Тэнд Монголын тухай үзмэрүүд ч байдаг.
-Та түрүүн Чингисийн тухай магтаал зохиосон гэлээ. Ер нь магтаал, туулийг дээр үеэс уламжлаад ирсэн зүйл гэсэн түгээмэл ойлголт байдаг. Магтаал бичдэг, зохиодог хүн ер нь одоо үед ховордсон байх шүү. Энэ асуудал нэлээд хумигдмал хүрээнд байх шиг?
-Намайг бага байхад ерөөлч, магтаалч Цэрэндорж, Явгаан, Жанцанчой нарын гайхалтай цэцэн цэлмэг, мундаг хүмүүс байсан. Яагаад ч юм бэ, тэднийг би биширдэг байлаа. Тэд Улаанбаатарын тухай, уул ус, говийнхоо тухай магтаалыг шууд л зохиогоод, хөөмийлнө. Би Хөгжим бүжгийн дунд сургуулийг 16 настай төгсөөд, Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн чуулгад томилогдсон юм. Тэнд очоод хамгийн түрүүнд сонирхож, сурсан зүйл гэвэл Жанцанчой гуайн магтаал байсан. Тэр хүний төрх одоо ч нүдэнд минь харагдаж байна. “Наймд ирэхдээ налчгар цүнхтэй байснаа зургаад буцахдаа зузаан цүнхтэй боллоо” гээд л нийгэм, нийтийн хөрөнгийг хулгайлаад, идэж завшаад байна шүү гэдгийг шүүмжилж, магтаал хэлбэрээр ил гарган тавьж байгаа юм. Үнэхээр айхтар байгаа биз. Энэ байдлаас үүдэн би магтаал гэдэг зүйлийг их сонирхон, сурсан. Миний хувьд, Чингис хааны магтаалыг зохиосон нь ийм учиртай. МҮОНРТ-ийн сэтг үүлч, редактор Энхцэцэг эгч “20 минутын клип хийх боллоо. А.Жамбал гуайн бичсэн Чингис хааны тухай ийм нэг шүлэг байна. Аялгуу хийгээд чулуу болгооч” гэсэн. Уншаад үзтэл сэтгэлд үнэхээр гоё дүрслэл буусан. Тэгээд л өөрийн эрхгүй догдлоод хөөмийл өөд, шуранхайлаад л...,“явсаар” байгаад нэг ийм бүтээлтэй болсон. Тухайн үед нь МҮОНТ-ийн урын санд бичиж авсан.
-Та 2009 онд бие даасан анхны тоглолтоо хийсэн. Ер нь Монголд бүжиг дэглээчийн бие даасан тоглолт өмнө нь болж байсан уу?
-Дэглээчийн хувьд анхных байх шүү. Тэр үед дан бүжгийн тоглолт гэхээр хүмүүс сонирхох болов уу гэж санаа зовж л байсан. Гэтэл үнэхээр сайхан хүлээн авсан шүү.
-Бүжигт дуртай жирийн үзэгч миний бодлоор Монголд модерн бүжгэн жүжиг, ялангуяа үндэсний болон орчин үеийн дэг, тавилт, уламжлал зэргийг хослуулан хөгжүүлэхэд Д.Баярбаатар гэдэг хүний нэмэр багагүй санагддаг. Ингэхэд Та хэчнээн модерн бүжгэн жүжиг дэглэсэн билээ. Том хэмжээний бүтээлийн тухай асууж байна л даа?
-Одоогийн байдлаар “Мэргэнд буусан чоно”, “Цаг хугацаа салхи мэт хурдална”, “Баавгай луугийн хооронд”, “Нүүдэл”, “Монголын их хатад” байна. Анх “Амьтны ерт өнцийн цуврал” гээд богино хэмжээний цуврал бүжгэн жүжгээр эхэлсэн.
-Түүхэн сэдэвт үндэсний бүжгэн жүжиг “Нүүдэл” бүтээлээрээ “Мөнгөн мод” шагнал авсан бил үү?
-Сүүлд хийсэн “Монголын их хатад” бүжгэн жүжиг маань бас “Мөнгөн мод” хүртсэн. Миний хувьд бүжиг дэлгэрүүлэх, бүжгийн бүтээл хийх тал руу илүү ажилладаг. Цаашид ч хийж, бүтээх мөрөөдөл, төлөвлөг өө зөндөө байна. Үүний хажуугаар судалгааны ажил хийж байна.
-Тухайн уран бүтээлчийг ид туурвиж, бүтээж байх үед нь төр үнэлээсэй гэж урлагийнхан ярьдаг л даа. Нэг үеэ бодвол төр нүдээ олсон шагналыг цаг тухайд нь өгч байна гэх хүмүүс ч байна. Жишээ нь, өнгөрсөн жил театрын найруулагчийн хөдөлмөрийг төр үнэлсэн. 30 гаруй жил тасарсан шагнал гэж театрынхан ихэд бэлгэшээн хүлээж авсан. Танай чуулгын хувьд хамгийн сүүлд Төрийн шагнал хүртсэн нь С.Сүхбаатар гуай байх шүү?
-Төр хэнийг, хэзээ соёрхохоо мэддэг байх аа. Н.Наранбаатарын хувьд ч үнэхээр нүдээ олсон шагнал болсон. Бид бүгдээрээ л баярласан. Тэр үед чуулгын хувьд сүүлийн 25 жил Төрийн шагнал тасарчээ гэж ярьцгааж байсан.
-2005 онд Үндэсний бүжгийн уралдааны тэргүүн байрын шагнал хүртсэн “Бие чинь болъё” бүжиг тань үнэхээр супер. Тухайн ондоо “Виртуозо” наадмын тайзыг чимсэн санагдана. Мэргэжлийнхэн ч уулга алдаж байсан шүү?
-Баярлалаа. Зава Дамдин гэдэг гэгээрсэн хүн энэ бүжгийг минь үзээд “Үүнийг дэглэсэн хүн нууц тарнийн ёсыг мэдэх үү. Гайхамшиг диваажинд бий гэж боддог байлаа. Гэтэл энэ замбуулинд гайхамшиг байгааг өөрийн нүдээр үзлээ” гэж СУИС-ийн Сонинтогос захиралд хэлсэн гэсэн. Тэгэхээр нь захирал “Энэ хүн онгод, хийморь, хөг аялгуугаараа л энэ бүтээлийг хийсэн” гэж. Энэ бол миний хувьд үнэхээр урам зориг өгсөн үнэлэлт гэж бодож байгаа. Үүнээс гадна судлаач, шүүмжлэгч олон хүн уран бүтээлд минь үнэлгээ өгч, шүүмж, дүгнэлт бичсэн байдагт баярладаг шүү. Энэ бол бидний хувьд бахархал гэж ойлгодог.
-Монголын уламжлалт бүжгийн дэг, орчин үеийн дэг, хослуулсан дэг гэж ярьдаг. Монголын бүжгийн өнөөгийн байдлын талаар бүжиг дэглээчээс заавал асуух ёстой байх. Таны “Жороон жороо” бүжгийг тань бас онцолмоор байна. Өвөрмөц дэглэлттэй санагдсан.
-Маш чухал асуулт байна. ҮДБЭЧ-ын ерөнхий бүжиг дэглээч, уран сайхны удирдагч гээд л олон ажил хийж өнөөдрийг хүрсэн. Анх Сүхээ багшийг хараад бүжиг дэглээч болохсон гэж мөрөөдөх болсон. Тэгээд л СУИС-д орж, Жамъяндагва багшаар бүжиг дэглэж, найруулах арга, зохиолыг яаж цомнол болгодог, бүжгийн цомнол яаж хийдэг, дүрийг хэрхэн сонгодог, бүжгийг яаж утгажуулдаг, утгыг яаж хөдөлгөөнөөр илэрхийлэх вэ гээд асар их зүйл заалгасан. Сүхбаатар, Нанжид, Алтанцэцэг, Баасанхүү, Жав, Нарангэрэл, Ганбаатар, Зоригт, Алтангэрэл нарын олон багш, бүжигчний арга барил, дэгээс суралцаж, заалгаж, боловсорч байгаадаа туйлаас талархдаг. Төрийн шагналт, агуу бүжиг дэглээч Сэвжид багш Монголын ард түмнийг ямар их соён гэгээрүүлэв. Түүний хүү Төрийн шагналт Сүхбаатар уламжлалаа авч яван, бүжгийн жүжиг болтол нь хөгжүүлж, олон сайхан бүтээл туурвисан. Ийм агуу хүмүүсийн араас орж ирсэн Баярбаатар юу эсийг бодох вэ. Надад маш том хариуцлага ирсэн. Язгуур бий бийлгээнд тулгуурлаад, Францад сурсан мэдсэнээ чулуу болгоё гэж уламжлалт хөдөлг өөний орчин үеийн дэг, хайрцаглал, утга санаанд анхаарсан. Уламжлалаа алдалгүйгээр чөл өөт илэрхийллээр бүтээлүүдээ хийсэн. “Жороон жороо” ийм л санаагаар бүтсэн. Бүжгийн тухай ярихад ҮДБЭЧ-ын бүжигчдээ заавал дурдах ёстой. Ийм авьяаслаг бүжигчид байхад би сайн бүтээл хийхгүй байх аргагүй. Бүжигчид байхгүй бол бүжиг дэглээч байхг үй. Мөн чуулгын хамт олон, удирдаач Баатаржав, Буянбаатар, Ганбат, дуучид, хөгжимчид, гээд бүгдийнх нь хүч хөдөлмөр өөр бүтээл амилдаг юм шүү. Ер нь баруун монгол, ойрд бийлгээний ялгаа, онцлог гэхчлэн уламжлалт бүжгээ мэдэхгүй, судлахгүй бол Монголын бүжгийн урлаг хөгжихгүй. Бүтээлч хүн судлаач байдаг гэдэг дээ.
-Зохиолч үгээр дүрслээд гаргана. Хөгжим бол чихээр дамжин “харагдана”. Гэтэл биеийн хөдөлгөөнөөр “ярина”, утга санаа илэрхийлнэ гэхээр хэцүү санагдах юм. Бүжиг дэглээч хамгийн хэцүү ажил биш үү. Ийм зүйлд дурлах шалтгаан юу юм бол?
-Харин ч ёстой сайхан ажил. Би энэ мэргэжлийг сонгоогүй бол өөрийгөө төсөөлөхөд бэрх. Энэ урлагтай холбогдсоноороо би төсөөллийн ертөнцөө амилуулж, өөрийн гэсэн нүүр царайтай байна.
-Дуу ингэж төрсөн гэж ярьдаг шиг гэнэт л сэтгэлд зурсхийгээд бүтсэн бүжиг байдаг уу?
-Би “Жороон жороо” бүжигтээ хайртай. Өвөл жороо морины уралдаан үзлээ. Барианд дөхсөн морьдыг харахад бөмбөлзөөд л бөмб өлзөөд л дагаад давхимаар болж байна. Тэгээд хар азарга уур савсуулсаар түрүүлээд ирж байгаа нь ёстой бахархмаар, омогшилтой. Эзэн нь ханхалзаад, дүүхэлзээд л. Монголын тал нутгийг эзэгнэн төрснөөрөө ёстой л бахархаж байх шиг. Тэгээд морио татахад нүднийх нь харц гээд...л үнэхээр гайхалтай. Тэгээд л тэр бүх дүрслэлийг бүжиг болгосон.
-Наадмаар хурдан морины уралдаан хараад уйлдаг уу. Ер нь нулимс хэр ойрхон хүн бэ?
-Наадам бол тэр чигтээ гайхамшиг. Монгол Улс байгаа учраас наадам байгаа гэж ойлгодог. Байх ч болно. Наадам монголчуудын түүх, соёл, уламжлалын том брэнд гэдэг шүү дээ. Бид наадмаараа үндэсний хувцсаараа гоёж, онгод хийморь, сэтгэлээ хөглөдөг. Цагаан сараараа бид хоорондоо учран золгодог. Энэ хоёр уламжлал бидний хувьд тамга гэж боддог. Би долдугаар сарын 11-нд төрсөн шүү дээ. Миний төрсөн өдрөөр Ерөнхийлөгч үг хэлж, есөн хөлт цагаан тугаа залаад, Монголын түмэн олон нийтээрээ баярладаг гэдэг юм, би.
-Та наадмын тоглолт найруулж байсан. Ээж тань хэр магтсан бол?
-Мэдээж хүүгийнхээ хийснийг зурагтаар үзээд баярладаг байх. Манай ээж нэг их магтаалын үгээр булаад байхгүй. Хүүгээ нэг үнсье. Хичээгээрэй л гэдэг. Биеийг чинь төрүүлсэн, санааг чинь төрүүлээгүй, зөв бодолтой, ухаантай, алсыг харж яв гэдэг юм. Аав маань ч магтаалын үг цөөхөн хэлдэг байсан. Энэ дашрамд, Сосорбарам ахдаа талархаж явдгаа хэлэх ёстой. Тэр хүн бидэнд итгэж улсын баяр наадмын тоглолтыг найруулах боломж олгосон шүү дээ.
-Тэгвэл Баярбаатар охиныхоо тоглолтыг үзээд юу гэдэг бол?
-Манай охин одоо Францын Леон хотын консерваторид хийлч, удирдаач мэргэжлээр сурч байна. Охиндоо би “Хичээгээрэй, илүү их бэлд” гэж хэлдэг. Уралдаанд орсных нь дараа духан дээр нь үнэрлээд бас л “Хичээгээрэй миний охин” гэдэг. Охин минь хүний нутагт ёстой л бор зүрхээрээ сурч, амьдарч байна. Жаахан өлөн зэлмэн байвал илүү сайн сурдаг юм гэж би охиндоо сургадаг.
-Уран бүтээлчийн ард талын фронт эхнэр. Тэдний ухаанаар л сайхан уран бүтээлчид амжилтад хүрдэг гэдэг?
-Миний ханийг Найдангийн Нямдаваа гэдэг. Говь-Алтай аймгийнх. Одоо “Эвсэг” компанид ажилладаг. Миний хамгийн ойрын үзэгч, шүүмжлэгч, гомдож, баярлахад дагаж уйлж инээдэг хүн. Гэрийн багана хань ижил байдаг. Би тэнгэрийн зургаар ханиа зөв сонгосон. Тэр хүний хүчинд л явж байгаа.
-Таны зорилго юу вэ. Уран бүтээлч гэдгээрээ танигдахыг хүсдэг үү, Монголоо сурталчлах нь гол уу?
-Монгол орноо сурталчлах. Монголынхоо бүжгийн урлагийн яруу тансаг хөдөлгөөн, дэг соёлыг европчуудад илүү таниулах юмсан. Бид Ирландын бүжгийн чуулгаас юугаараа дутах юм бэ. Харин ч манай монгол бүжгийн аялгуу, хөдөлг өөн баялаг, тансаг шүү. Жаахан бодлого хэрэгтэй байна.
-Гадаадын үзэгчдээс сонссон хамгийн сайхан үг юу вэ?
-Ийм сайхан соёл, уламжлалтай Монгол орныг очиж үзэхгүй бол болохгүй юм байна. Маш олон хүн тоглолтын дараа ингэж хэлдэг.