Циркийн найруулагч мэргэжил эзэмшсэн хүн Монголд цөөн бий. Тэдний отгон нь болох ХБК-ийн Циркийн тэнхмийн эрхлэгч Ю.Гэрэлбаатар Буриадын циркт урилгаар ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн зун Монгол циркийн хөгжлийн төвтэй хамтран ҮСАХ-д “Мадагаскар” тоглолтыг үзэгчдийн хүртээл болгосон юм. Багачуудыг баярлуулж байсан энэ тоглолтын тухай мэдээлэл авсан Буриадын талынхан түүнийг урьж, энэ тоглолтын гол дүрд өөрсдийнхөө жүжигчдийг тоглуулахаар болжээ. Улаан-Үдийн үзэгчдийг баярлуулах “Мадагаскар” тоглолтын нээлт энэ сарын 28-нд болох аж.