ӨМӨЗО-ны Рашаан хотод Хятад, Орос, Монгол гурван улсын хамтран зохион байгуулж буй Олон улсын гэрэл зурагчдын дөрөвдүгээр наадам өчигдөр эхэллээ.
Дотоод гадаадын 100 гаруй гэрэл зурагчид Рашаан хотод шинээр нээгдсэн Цас мөсний хотхон дахь урлагийн бүтээлүүд болон олон үндэстнүүдийн өлгий нутаг-Хөлөнбуйр аймгийн өвлийн үзэсгэлэнг зургийн аппаратандаа буулгаж байна. Халуун рашааныг түшиглэн байгуулсан Рашаан хотыг Хятадын засгийн газраас ӨМӨЗО-ны аялал жуулчлалын онцгой бүс болгон хөгжүүлж байгаа бөгөөд тус хотын бүтээн байгуулалтыг сурталчлах зорилгоор энэхүү наадмыг зохион байгуулжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэргэжлийн гэрэл зурагчид болон фото сонирхогчид, жуулчдын авсан шилдэг гэрэл зургийг шалгаруулах долоон сарын хугацаатай, асар өндөр шагналтай уралдааныг энэ үеэр зарлалаа. Олон улсын гэрэл зурагчдын наадам долоо хоног үргэлжилнэ.