Монголын Залуучуудын холбоо (МЗХ), МЗХ-ын дэргэдэх Аялал жуулчлалын хөгжлийн төв (АЖХТ) болон “Оргил” уулын дугуйны клуб хамтран "Дугуйтай санта" сайн үйлсийн аяныг өчигдөр зохион байгууллаа.
Аяны хүрээнд 100 гаруй унадаг дугуйтай санта Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэл аялсан юм. Түүнчлэн ерөнхий боловсролын 25 дугаар тусгай сургуулиар зочилж, 3000 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бэлэг гардууллаа.
“Оргил” уулын дугуйны клубын тэргүүн Б.Наранбаатар, “Энэхүү аяныг 2013 онд манай клубээс санаачлан зохион байгуулсан. Анх есөн дугуйчин оролцож байсан бол энэ жил хүрээгээ тэлж МЗХ, АЖХТ-тэй хамтран 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байна. 12 дугаар сард шинэ жилийн баярын уур амьсгал ордог учраас сантаг аялалынхаа бэлэг тэмдэг болгож сонгосон. Мөн үндэсний хэв шинжээ оруулах үүднээс аялалын эхэнд Монгол өвлийн өвгөн явуулахаар болсон юм” гэлээ.
Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга Э.Хишигбаяр, “МЗХ-ноос Унадаг дугуйтай Улаанбаатар төслийг хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд энэ онд гурван удаа унадаг дугуйн парад зохион байгуулсан. Энэ хүрээнд энэхүү аяныг зохион байгуулж байна. Баянгол дүүрэгт 100 өвлийн өвгөн бэлэг тараалаа. Цаашид "Дугуйтай санта" аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулна” гэв.