Телевизийн салбарын шилдэгийн шилдэгийг шалгаруулдаг “”Алтан шонхор-2014” ёслолын үйл ажиллагаа өчигдөр Улсын драмын эрдмийн театрт амжилттай болж өндөрлөлөө.
Сүүлийн жилүүдэд уг наадмын талаар хүмүүс нэлээд шүүмжлэлтэй хандаж, ёслолын арга хэмжээ гэхээсээ илүүтэй найр, наадам шиг зүйл болдог хэмээгээд байсан.
Тэгвэл өнгөрсөн жилээс “Алтан шонхор” наадмыг зохион байгуулагчид наадмын шүүлтэд өөрчлөлт хийж, телевизийн салбарт ажиллаж байсан туршлагатай, хөндлөнгийн мэргэжлийн уран бүтээлчдийг урин оролцуулснаараа шүүлтийг шударга болгосон билээ.
Наадмыг нээж ТВ-үүдийн холбооны гүйцэтгэх захирал М.Уламбадрах үг хэлсэн юм.
Телевизийн урлаг бол ганц хүний бүтээл биш багийн ажиллагаа байдаг. Тэнд сэтгүүлч, найруулагч, зураглаач, инженер техникийн ажилтнууд гээд олон хүний хүчээр мэргэжлийн ажил явуулдаг билээ. Энэ жилийн хувьд шилдэг зураглаач, сэтгүүлч, хөтлөгч зэрэг 18 төрөлд 10 телевизийн уран бүтээл болон уран бүтээлчид ур чадвараараа өрсөлдөн хүч сорьсон юм.
Энэ жил “Шилдэг технологийн шинэчлэл” номинацийг шинээр оруулж ирсэнээрээ онцлогтой юм.
Наадмын ёслолын үйл ажиллагаанд шагнал гардуулахаар тайзнаа уригдсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Соёлт нар “Азийн Монголын тэнгэрт эрх чөлөөгөөр дүүлэн ниссэн “Алтан шонхор ”-оор логогоо гоёсон энэ наадамд 10 дахь жилдээ орж байгаадаа баяртай байна. Эдийн засгийн хямралтай болсон энэ үед 21000 мянган төгрөгөөр 10 өдөр хэрхэн амьдарч болдогийг харуулсан энэ нэвтрүүлэг шилдгээр шалгарсанд баяртай байна ” гээд “Телевизийн шилдэг цэнгээнт нэвтрүүлэг”-ээр тайзнаас 25 дугаар суваг телевизийн “21000 нэвтрүүлэг”-ийг зарласан юм.
25 дугаар суваг телевизийн найруулагч Д.Эрдэнэбаяр гурав дахь удаагаа алтан шонхорын эзэн болж буй.
Тэрээр “25 дугаар суваг телевиз жил бүр телевизүүдийн холбооны “Алтан шонхор” хэмээх энэхүү наадамд өөрсдийн хүчээ сорин өрсөлддөг. Өмнөх жилүүдэд “Making the band” төслөөр Mixx, Extacy хамтлагуудаар хоёр удаа “Алтан шонхор” хүртсэн. Энэ удаа “21000 реалити шоу”-аар авч байгаад туйлын их таатай байна. Энэ шагнал бол дан ганц миний шагнал биш юм. Энэ бол 25 дугаар суваг телевизийн нийт уран бүтээлчдийн шагнал гэж ойлгож байна. 25 дугаар суваг телевизтэй үргэлж хамт байдаг үзэчиддээ баярлалаа гэж хэлмээр байна. Бид мөнгөний үнэ цэнийг уран бүтээлээрээ харуулахыг зорьсон” гэж ярилаа.
Мөн энэ үеэр “Телевизийн шилдэг хөтлөгч” номинацаар 25 дугаар суваг телевизийн хөтлөгч Б.Зоригтбаатар “Алтан шонхор”-ын эзэн болсон юм.
-Танд баяр хүргэе. 25 дугаар суваг телевиз энэ жил хоёр “Алтан шонхор”-ын эзэн боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Маш их баярлалаа. Сэтгэл их хөдөлж байна. Залуу уран бүтээлч миний хувьд эдгээр эрхэм хүмүүсээс суралцаж, үнэлэгдэж, хүндлэгдэж энэхүү шагналыг авсан нь нэр төрийн хэрэг билээ. Энэхүү шагнал 25 дугаар суваг телевизийн нийт уран бүтээлчдийн шагнал юм. Үүний цаана маш том хариуцлага, итгэлийг надад хүлээлгэж байгаа гэж харж байгаа. Энэ бол зөвхөн надад хүлээлгэсэн итгэл биш, 25 дугаар суваг телевизийн үзэгчдээс манай телевизэд хүлээлгэж буй хүндэтгэл юм. .Аливаа уран бүтээлчийн ард үргэлж гэр бүл нь байдаг. Цаг наргүй ажилладаг энэ мэргэжлийг маань ойлгож, дэмжин, тусалдаг гэр бүлийнхэндээ энэ үдэш баярлалаа гэдгээ дамжуулж хэлэх нь зүйтэй болов уу.
-Мэргэжил бүхэн амттай гэдэг шүү дээ. Тухайн телевизийн нүүр царай болж байдаг хөтлөгч, сэтгүүлч мэргэжлийн амт нь юунд байдаг вэ?
- Баярлалаа. Их сайхан асуулт байна. Сэтгүүлч хүн гэдэг бүхий л салбарт орж чаддаг, хөрвөх чадвартай гэдгээр нь би энэ мэргэжилдээ хайртай байдаг. Бид өдөр бүр өөр ажил хийдэг. Өдөр бүр шинийг эрэлхийлж, нийгэм рүү орж байдаг. Жүжигчин, сэтгүүлч хоёрыг би хувьдаа бүх салбарт ажиллаж, хөрвөж чаддаг гэж боддог.Сэтгүүл зүй бол нийгмийн эмч билээ.
Хүний сэтгэлийн хөдөлгөж эс чадваас, хөнгөн бийрийг хөших юун гэж эрдэмтэн Инжиннаши нэгэнтээ хэлсэн байдаг. Нийгмийг эмчлэхээр үзгээрээ зэвсэг хийн тулалдан буй уран бүтээлчид бол яах аргагүй сэтгүүчид байдаг. “Алтан шонхор 2014” наадмын телевизийн шилдэг сэтгүүлчээр ТV5 телевийн сэтгүүлч Э.Дагиймаа тодорсон бол, шилдэг зураглаачаар Star ТВ-ийн зураглаач Н.Мөнхбаяр тус тус шалгарлаа.
Ингээд 2014 оны “Алтан шонхор”-уудыг танилцуулъя.
- Телевизийн шилдэг хөгжмийн нэвтрүүлэг-SBN телевизийн “Happy 31” нэвтрүүлэг
- Телевизийн шилдэг хүүхдийн нэвтрүүлэг-UBS телевизийн “Төгөлдөр “нэвтрүүлэг
- Телевизийн шилдэг цэнгээнт нэвтрүүлэг-25 дугаар суваг телевиз “Хорин нэгэн мянга ”нэвтрүүлэг
- Телевизийн шилдэг дууны найруулагч- TV5 телевизийн Энхцаг
- Телевизийн шилдэг дуу оруулагч, жүжигчин-NTV телевизийн жүжигчин Нямбаяр
- Телевизийн шилдэг зураглаач- Star ТВ-ийн зураглаач Н.Мөнхбаяр
- Телевизийн шилдэг сэтгүүлч- ТV5 телевийн сэтгүүлч Э.Дагиймаа
- Телевизийн шилдэг найруулагч- NTV телевизийн найруулагч Д.Цогт
- Телевизийн шилдэг инженер-ТV5 телевизийн инженер Жавхлантөгс
- Телевизийн шилдэг графикч- UBS телевиз Загдсүрэн
-Телевизийн шилдэг төсөл-ТV8 телевиз “Хамтдаа хоёр ” төсөл
- Телевизийн шилдэг мэдээ-TM телевизийн уран бүтээлчид
- Телевизийн шилдэг технологийн шийдэл- DMB компани
-Телевизийн шилдэг нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлэг-UBS телевиз “Ногоон ирээдүй” нэвтрүүлэг
- Телевизийн шилдэг нийгэм, эдийн засгийн нэвтрүүлэг-TV9 телевиз “Дотно сэдэв” нэвтрүүлэг
- Телевизийн шилдэг спортын нэвтрүүлэг- TV5 телевиз “Сочи” нэвтрүүлэг
- Телевизийн шилдэг тайзны зураач- UBS телевизийн зураач Б. Хатанбаатар нар тус тус шалгарч “Алтан шонхор”-ын эзэд болсон юм.
Телевизийн “тэнгэрт” цойлсон шилдгүүдийг шалгаруулах “Алтан шонхор 2014” наадам ийнхүү 10 дахь жилээ шилдгүүдээ тодрууллаа.
М.Болорцэцэг