Үлгэр домог шиг, эсвэл хэн нэгний зохиосон хоржоонтой тоглоом шиг амьдрал туулж, хараал хүртсэн мэт насаараа зовж зүдэрсэн атлаа уй гунигаа урлан бүтээх, оршин байхуйн уг утга болгосон уран бүтээлчдийн цадиг түүх амар мартагддаггүй. Арль хотын хүйтэн, хөндий гудамжаар сохор зоосгүй хэсүүчилдэг асан Ван Гогийг, Тахити хүртэл өөрийгөө цөлсөн Гогенийг, үймээн бужигнаантай Ромын аль болохгүй газруудаар “үүрлэдэг” байсан Караважог урлаг сонирхогчид ихэмсэг бардам Моне, амар амгалан амьдарсан Сезаннаас илүү одоо ч “тоодог” шүү дээ.
Шинэ эриний гэгдэх зураачдаас яг эдэн шиг олныг татаж, ховсдож, домгийн баатар шиг яригддаг уран бүтээлч бол Италийн зураач, уран барималч Амедео Модильяни (1884-1920) юм. Дүрслэх урлагийнхан дундаа Моди гэгддэг байсан түүнийг өнөө цагийн уран зураг судлаач, урлаг шүүмжлэгчид домгийн шинжтэй болж, амнаас ам дамжин алдаршсан, Ван Гогоос хойших хамгийн чухаг зураач гэж тодорхойлдог.
ДОМОГ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ
Гэхдээ Модильяни цогтой, бадрангуй хэдий ч “сондгой” байхын гай зовлонг амссан бүхий л уран бүтээлчийн адил амьддаа домог болох нь бүү хэл, зураач танилуудаасаа өөр хүмүүст ч танигдаж чадалгүй өнгөрсөн юм. Ядуурал түүнийг насан туршид нь сүүдэр шиг дагаж байснаас хар багадаа туссан уушгины өвчнөө ч эмчлүүлэх мөнгөтэй болсонгүй, нийгэмд хөлөө олсонг үй. Амьдралыг нь кино хальс шиг гүйлгэж харвал Оросын мөнгөн үеийн эрхэмсэг найрагч Анна Ахматоватай амраглаж байгаа (найрагч эмэгтэй Модильянитай танилцаад “Урлаг гээч үнэн өөдөөс минь амьсгаллаа/ Уруул юугаараа холбогдсон чигтээ бид үнс чандруу боллоо” гэж бичиж байв), хожмоо онгод билгийг нь хөглөгч төдийгүй хүүхдийнх нь эх болсон эмэгтэй өөр лүү нь буу тулгахад найз бүсгүйдээ “Салъя” гэж хэлж буй, Хуан Грис, Пабло Пикассо, Анри Матисс нартай хөлчүүрхэн найрлаж суугаа, хөл хүнд эхнэрээ ёсолж авч чадалг үй, хадмууддаа хөөгдөж байгаа, орох оронгүй бэдэрч, зогсоо зайгүй ханиан тарчилж буй түүний тасархай “кадрууд” үзэгдэнэ. Моди уух дуртай байлаа. Хар тамхинд ч толгойгоо мэдүүлж явав. Заримдаа ухаанаа хүртэл “уучихна”. Архинд халуурч, олны нүдэн дээр тайчна. Гэсэн ч суугуул нутаг болох Францынх нь урлаг соёлын хүрээнийхэн болоод эмэгтэйчүүд түүнийг хайрладаг байв. Хоёр жил түүнтэй ойр дотно явсан Английн сэтгүүлч, яруу найрагч Беатрис Хастингсын дурссанаар Модильяни 160-хан см өндөр байсан ч хаа очиж сүр бараатай харагддаг, дээгүүр харцтай, өөртөө итгэлтэй, шазруун нэгэн байж. Түүнийг мөн иймэрхүү маягаар дүрслэн, дурссан хүн бол Пикассо. Парис хотыг аварга том урлангаа болгосон испани зураач, Италийн Тоскан нутгийн алс бөглүү тосгоноос ирсэн еврей гаралтай итали эр хоёр найз ч, дайсан ч явав. Гэхдээ бие биеэ агуу зураач гэж хүлээн зөвшөөрчээ. Ялангуяа Пикассо нас дээр гарсан хойноо Модигоо үгүйлж, ихэд ганцаарддаг байж. Баттай, үгүйг нь мэдэх аргагүй ч түүнийг “Модильяни!” гэж дуудаад амьсгал хураасан ч гэлцдэг. Шазруун Моди зовлонт амьдралтайгаа зууралдаж, ядуурал, өвчин зовлонтой олон жил тэмцэлдсэн ч 35 настайдаа сүрьеэгээр өөд болсон юм. Хоёр дахь хүүхдээ тээж байсан, 21 настай эхнэр Жанна Эбютерн нь түүнийг оршуулсны маргааш гэрийнхээ цонхоор үсэрч, сарын дараа мэндлэх байсан хүүхэдтэйгээ хамт нөхрийнхөө араас “очжээ”. Жанна ч гэсэн зураач байв. Тэд одоо булшны нэг чулуун дор цугтаа нойрсож байгаа. Чулуун дээрх Модильянигийн нэрийн дор “Өсөн дэвжихийн цагт үхэлд булаагдав” гэж бичсэн бол Жаннагийн талд “Бүхнээ золиослосон хань нь” гэсэн үг сийлжээ.
ЗОВЛОНГИЙН ЗОЛ
Ийм эмгэнэлт намтар нь Модильянигийн бүтээлүүдийг сүүдэртүүлэх гээд байдаг. Уг нь яруу найргийн өнгө аяс нэвт шингэсэн хөргүүд нь, энхрийлэн дуудвал өндийгөөд ч ирж магадгүй, залхуутайяа хэвтэх нүцгэн эмэгтэйчүүд нь тус тусын “амьдрал”-тай. Тэгээд ч будгаа нэлэнх үйд нь нялдаг Сезанны (Поль Сезанн Модильяниг Парис руу нүүсэн жил буюу 1906 онд нас барсан) арга барил болох өнгөний “хавтгайрал” болоод Сэргэн мандалтын эхэн үеийн гол төлөөлөгчийн нэг Сандро Боттичеллигийн бүтээлүүдэд байх гоо сайхан агаад ариун, гэгээн аястай зургуудад нь өрөвдөж, гашуудсан харцтай үзэгчид яагаад ч зохихгүй.
Модигийн амилуулсан хүмүүс голдуу бүйлсэн самар шиг нүдтэй, гонзгой нүүртэй байдаг. Хэдийгээр этгээд сонин, багтай юм шиг гаж харагддаг ч тэд айж сүрдмээр бодит. Хавтгай барилаар зурагдсан атлаа ийм “амьд” байдаг нь Модильяни уран баримал сонирхдог байсантай холбоотой гэж судлаачид үздэг. Тэрбээр 1910-1913 онд Румыний нэрт уран барималч Константин Бранкузитай хамт ажиллаж байв. Модильяни даруу загнаж, бүтээсэн баримлуудаа “Туршилт төдий” гэж тодотгож байлаа. Харин эртний грек бурхдыг Парисын цэнгээний газрын бүжигчин болгон дүрсэлсэн мэт баримлууд нь хэдий хожуу ч гэсэн 1980-аад оноос нийтэд танигдаж, ихэд үнэлэгджээ. Энд, тэндхийн дуудлага худалдаагаар олон арван сая ам.доллараар зарагдсан нь ч бий. Модильянигийн намтрыг бичигчид түүнийг авьяас билэгтээ “хараагдаж”, ахархан амьдарсан хэмээн Жон Китс, Фредерик Шопен нартай адилтгадаг. Гэхдээ хүнд хэцүүг туулдаггүй хэн байлаа. “Зовлонгоо зол болго” гэсэн үг бий. Ямар ч урсгал, -изм-д хамаарагдахгүй, давтагдашгүй содон бүтээлүүд нь Модигийн зол жаргал юм. Тэдгээр нь одоо бидэнд ч гэсэн гоо сайхныг мэдрэх зол завшаан болж байна.
БАС НЭГЭН ҮХЭЛ
1984 оны зун Тосканы эрэг дэх Ливорно хотоос Италийн урлагийн түүхэн дэх хамгийн чухал “олдвор”-ын нэгийг олжээ. Хотын Дүрслэх урлагийн музей Модильянигийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэхээр зэхэж байхад музейн ажилтан Вера Дюрби ахынхаа хамт зураачийн бүтээлүүдийг бүртгэж байж. Тэрбээр Модиг Парис руу явахаасаа өмнө хуучин баримлуудаа Ливорногийн муу усны суваг руу шидсэнийг хувийн тэмдэглэлээс нь олж мэдсэн байна. Тэгээд найман өдөр бохирын суваг шуудууг ухаж байж гонзгой нүүр, урт хүзүүтэй гурван баримал олсон нь бөөн дуулиан дэгдээв. Гэсэн ч Дүрслэх урлагийн дөрвөн оюутан Модильянигийн баримлыг дуурайлган урлаж, сувагт хийчихсэнээ хэд хоногийн дараа хүлээжээ. Ийм хэрэг ид мандаж, Итали даяар Модильянигаар “өвчилж” байхад Парисын нэгэн орон сууцанд 66 настай эмэгтэй амьдралтай салах ёс гүйцэтгэж байлаа. Түүний нэрийг Жанна Модильяни гэдэг байв. Эцгээ өөд болж, эхийгээ амиа егүүтгэх үед ой, хоёр сартай байсан Модигийн ууган охин ээжтэйгээ адилхан нэртэй байж. Түүнийг авга эгч нь өргөн авч, хүн болгосон байна. Санхүүчээр ажиллаж байсан ч хожим сэтгүүлч, зохиолч болсон Жанна Модильяни аавынхаа тухай хэд хэдэн ном бичжээ. Италийн эдийн засагч Марио Левитэй гэрлээд байхдаа Францын зураач, улс төрийн хөдөлгөөний тэмцэгч Валди Нехтшайнтай ойр дотно болсон тэрбээр нөхрөөсөө салж, зураач эртэй гэрлэсэн байна. Тэд хоёр охинтой болсон ч 1980 онд гэрлэлтээ цуцлуулж. Харин дөрвөн жилийн дараа Жанна Модильяни сайн дураараа хорвоог орхижээ. Түүнийг амиа хорлохоосоо өмнө аавынхаа тэмдэглэлүүдийг уншиж байсан гэдэг. “Хараагдсан” хүний хараал охинд ч туссан байж болох. Гэхдээ тэр бол хэний ч мэдэж чадахгүй, огт өөр түүх.
Г.ЛХАГВА