ДБЭТ-ынхан ирэх нэгдүгээр сарын 10, 11-нд вальс хөгжмийг үндэслэгч гэгддэг, Австрийн хөгжмийн зохиолч И.Штраусын бүтээлүүдээр “Оргилуун дарс” нэртэй шинэ балет тавихаар болжээ. Энэ талаар тус театрын ерөнхий балетмейстр Д.Дашлхагваас тодрууллаа.
-“Оргилуун дарс” балет юугаараа онцлогтой вэ?
-И.Штраусын зохиосон, шинэ жилийг санагдуулам 15 хөгжмийн бүтээлийг нэгтгэн шинээр балет тавих юм. Өөрөөр хэлбэл, ийм балет урьд нь тавьж байгаагүй. Орчин үед дэлхийн балет илүү эрч хүчтэй, хурдтай болж хөгжжээ. Энэ бүжгэн жүжгээ орчин үеийн сонгодог бүжгийн хэлбэрээр хүргэх бодолтой байна. Бүжигчид тайзан дээр хормын дотор хувцсаа солих зэрэг илбийн үзүүлбэр болон хэд хэдэн сонирхолтой зүйл толилуулахаар бэлдсэн. -Цомнолыг нь хэн бичсэн бэ? -Уг бүтээл зохиол гэхээр айхтар үйл явдалгүй. Цомнолыг нь би бичсэн. Нэгэн бүсгүйн сэтгэлд ургасан төсөөллийн баяр наадмыг тайзнаа амилуулах юм. Энэ балетийн тайз гял цал, бүжигчдийн хувцас ч өнгөлөг байна. Ажлаасаа ядарч ирсэн үзэгчдэд сайхныг үзүүлж, сэтгэлийн таашаал өгч, тайвшруулах байх. Амьдралын сайхан талыг “Оргилуун дарс”-аар харуулахыг зорьж байна.
-ДБЭТ-ынхан саяхан “Төгсгөлгүй” танго балет тавьж, өдгөө “Цөмөөхэй”-д бүжиглэхээр бэлдэж байгаа. Уг балетаа хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ. Гол дүрд нь хэн, хэн бүжиглэх вэ?
-Тийм ээ. Манай бүжигчид есдүгээр сараас энэ гурван балетийнхаа бэлтгэлийг давхар хийж эхэлсэн. Эхний ээлжийн тоглолтод Б.Саруул, А.Эрдэнэболд гоцолж, дараагийнхад А.Билгүдэ, О.Анужин нар бүжиглэнэ. Симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдах бол тайзыг ерөнхий зураач Г.Ганбаатар урлаж байна.
Б.ДӨЛГӨӨН