Монгол Улсын Морин хуурын чуулгын чадварлаг уран бүтээлчдийн нэгэн шинэ уран бүтээл өнгөрсөн лхагва гаригт үзэгчдийн хүртээл боллоо. “The Sounds of winter” нэртэй энэ тоглолтод өрнийн алдарт вальс, маршаас гадна Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд багтсан байлаа. Өмнө нь зөвхөн симфони найрал хөгжим тоглосноор сонсож байсан олон аялгууг морин хуурын хоёр чавхдаст тохируулан хэрхэн хөрвүүлж, эгшиглүүлж болдгийг эндээс үзсэн юм.
Энэ үдшийг хөглөсөн 20 сайхан бүтээлийг сонсож суухдаа, энд бүжгийн том талбай байсан бол вальс эргэхсэн гэдэг бодол эрхгүй төрсөн. Бас хийл хөгжмөөр голлон тоглодог эдгээр бүтээлийг морин хуур хэмээх хоёр утастай, чавхдас нь их биеэсээ хол зайтай байрладаг монгол үндэсний хөгжмөөр тоглож, ёочин, ятга хөгжмөөр дэм өгсөнд нь бүр ч гайхашрав. Монголын өв соёл өвөрмөц, баялаг хийгээд хөрвөх чадвартай нь энэ буюу.
Дуурь бүжгийн эрдмийн театрт болсон тоглолт яг цагтаа эхэлж, үзэгчдийг европ тивээр хэсэг зуур аялуулсан. Мөн Б.Түмэнжаргалын “Дурлалын вальс”, Төрийн шагналт ардын жүжигчин С.Гончигсумлаагийн “Улаанбаатарын вальс”-аар XX зууны монгол орныг “зурж”, Г.Свиридовын “Романс”, “Тройка”, “Вальс”-аар шинэ жилийн оргилуун үдшийг наашлуулж орхив. Бас үзэгчдээ дагуулан Франц руу “аялсан” нь монголчуудын эчнээ танил Эдит Пиафын “La vie en Rose” дуу байв. Энэ дуу дуучнаа ч, эх орноо ч төлөөлөн алдаршсан гэдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ. Залуу дуучин Э.Оюундарь Морин хуурын чуулгын хөгжимчидтэй хоршин энэ аялалд замчилсан. Тоглолт эхэлснээс хойших нэг цаг хэрхэн өнгөрснийг мэдэж чадалгүй завсарлага хүргэв. Завсарлагын хугацаанд үзэгчдээсээ таван азтан шалгаруулж, гарын бэлэг гардуулсан. Мэдээж хүн бүхэнд л Морин хуурын чуулгын уран бүтээлийн дээжийг хүртэх хүсэл байсан учраас тасалбараа шалгаж, нэлээд догдолсон шүү. Тусгайлан бэлтгэсэн ханын самбарын өмнө зургаа татуулж, халуун дарс шимэн, танил хүмүүстэйгээ ярилцах боломж завсарлагын 15 минутад тохиов. Түүнээс хойш дуучин Н.Наранбаатар, Ц.Солонго, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх болон Морин хуурын чуулгынхан үзэгчдийг хөнгөн хэмнэлтэй аялгуугаар мялааж, харин төгсгөлд нь Ж.Чулууны “Уран хас”, А.Хачатуряны “Вальс-Маскарад”, И.Штраусын “Радецки марш”-аар сэтгэл догдлуулав. Тоглолт дууссаны дараа ч танхим дүүргэсэн үзэгчид алга ташсаар байсан учраас гавьяат жүжигчин, профессор Чулууны Чинбат найрал хөгжимчдөө дахиулан тоглуулснаас гадна үзэгчдийн алга ташилтыг удирдан өөр нэг симфони эгшиглүүлсэн юм. Алга ташилтаар марш тоглосон мартагдашгүй тоглолтын тухай үзэгч бүр магтан ярьж, олон нийтийн сүлжээгээр түгээж байгааг ч өнөөдөр олж мэдлээ.
Бүтээлч сэтгэлгээтэй, эвсэг нэгэн хамт олны шинэ уран бүтээлийн анхны үзэгч болсондоо баярлахын сацуу баярын үдэшлэгтээ тэднийг урьж, энэ мэдрэмжийг хүртэх боломжтойг бас дуулгая.