Хуучин оноо үдэж шинэ оноо угтахын өмнөхөн уншигчдадаа зориулан гаргаж байгаа “Шинэ жил” дугаарынхаа зочноор “Beauty zone” салоны үсчин Э.Энхбаярыг урилаа. “Night plaza”-д байрлах энэ салон байгуулагдаад удаагүй ч үйлчл үүлэгчдийнхээ таашаалд нийцсэн цогц үйлчилгээ үзүүлэх болжээ. Тус салоны үсчин Э.Энхбаяр Улсын аварга шалгаруулах үсчин, гоо засалчдын тэмцээнд хоёр ч удаа амжилттай оролцож, Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй чөлөөт үс засалт болон үдшийн гоёлын засалтаар тус тус мөнгөн медаль хүртэж байжээ. Зургаан жил мэргэжлээрээ ажиллаж, тусгай үйлчл үүлэгчидтэй болоод амжсан үсчин Ээгий энэ өдрүүдэд тун завгүй байна.
ДОЛГИО ИЛҮҮДЭХГҮЙ
Бүсгүйчүүд энэ жил будаагүй мэт харагдуулдаг будалт болон анхаарал тавьж засаагүй мэт үсний засалт сонгох болжээ. Үсчин, гоо сайханчдын ур чадварыг шалгах энэ этгээд гэмээр хүслийг биелүүлэхийн тулд “Beauty zone” салоныхан хичээн ажиллаж байна. Балетийн жүжигчнийх шиг буюу “ballez bun” засалтыг урт үстэй бүсгүйчүүдэд зөвлөж байгаа гэсэн. Үсийг нь гөлийлгөж шуугаад дээр нь дугуйлан ороох эсвэл, уртаар нь унжуулах энэ загвар баярын моод болж буй аж. Мэдээж тухайн үйлчлүүлэгчийн хувцаслалт, ажил мэргэжлийн онцлог, нүүрний хэлбэрт тохируулан зөвлөгөө өгч, харилцан ярилцсанаар Ээгийгийн уран бүтээл “амилдаг”. Бүсгүйчүүдийн хувьд долгио, бага зэргийн ороолт хэзээ ч хоцрогдохгүй нь. Ороосон үсийг шууж, задгай унжуулж, эсвэл гоёл чимэглэлээр өөрчилж болдог. ХАЙШ ЯЙШ Үсний гогцоо, санамсаргүй боочихсон мэт харагдуулах хэв маяг таныг энгийн хэрнээ илүү “эгдүүтэй” харагдуулна. Мэдээж ийм засалт залуу бүсгүйчүүдэд л тохиромжтой. “Элдэв өнгийн саа, хатуу лакнаас татгалзаж, үсээ намирсан, “амьд” харагдуулахыг хүсэж байгаа нь үнэхээр зөв сонголт” гэж үсчин залуу онцлов. Энэ бол шинэ жилийн гоёлгүй гоёл юм.
ХОЛИМОГ ӨНГӨ
3D буюу 2-3 өнгө хослуулж үсээ будуулах нь энэ жилийн чиг хандлага болжээ. Зун илүү гэгээлэг өнгө сонгож, цайвар сороор үсээ гоёж байсан бол өвлийн улиралд илүү гүн, бараан өнгө голлож байна. Нүдээ тод өнгөөр будалгүй, энгийн харагдуулахыг хүсдэг болсон учраас үсний өнгө тухайн хүний имижийг тодорхойлох чухал үүрэгтэй болжээ. Өнгөлөг үс олон төрлийн сүлжээсийг тодруулж, сайхан харагдуулдаг учраас энгийн засалт хийхэд илүү хялбар байдаг гэсэн.
ЭРЭГТЭЙ САМНАЛТ
Эрчүүдийн үс засалтын хэв маяг огцом өөрчлөгдөх нь үгүй. Цэмцгэр, цэгцтэй харагдуулах засалтыг л тэд чухалчилдаг. Үүний зэрэгцээ толийлгож самнах моод энэ жилээс дэлгэрч байгаа гэнэ. Бүсгүйчүүд лак, саанаас татгалзах болсон учраас залуус ч ийм зүйлд анхаарал хандуулахаа больжээ.
БУЛБАРАЙ ЦАРАЙГАА ТОДРУУЛНА
Дэлхийн загварын чиг хандлагад тод өнгийн уруул болон нүдний будаг зөвлөж байгаа бол монгол бүсгүйчүүдийн олонх нь ийм будалтаас татгалзаж эхэлжээ. Будаагүй мэт харагдуулах энгийн будалтыг хүсэмжлэн гоо сайханчдыг зорих болсон гэнэ. Гэхдээ дэрвэгэр сормуус нүүр будалтын гол “зэвсэг” болон хувирчээ. Тиймээс бүсгүйчүүд баяраасаа урьтан сормуус суулгуулж, арьсаа арчлан, өнгөлөг толигор болгохыг илүүд үзэж байгаа аж.
ШОВХ ХУМС
Бүсгүйчүүдийн хумсны засалт нэлээд өөрчлөгджээ. Олон жил байр сууриа алдаагүй явсан фрэнч маникюр энэ удаа ээлжээ дараагийн загвартаа хүлээлгэн өглөө. Шовх үзүүртэй, гурвалжин загвартай хумсны хэв маяг энэ удаа тренд болсон байна. Аль нэг хуруугаа онцлон шигтгээ наалгаж, ялгаруулдаг байдал ч хэвээрээ байгаа. Энэ боломжийг ашиглан баяраараа ядам хуруундаа өвлийн өвгөн “амилуулж”, гацуур мод засаж болох юм шүү.
Ж.СОЛОНГО