Өвөл хэдий жавартай, өнгөлөг байгаль цагаан саарлаар хучигддаг ч олонх хүний хамгийн дуртай баяр энэ улиралд тохиодог. Энэ л үеэр ид шид амилж, охид үзэсгэлэнт гүнжид хувирч, олон аав өөрийг өө баатар мэтээр төсөөлдөг. Үе, үеийн шинэ жил өөр өөрийн намтартай, хүн хүний баяр тус, тусын дурсамжтай. Энэ удаагийн “Миний бага нас” буландаа Төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, ардын жүжигчин Д.Мэндбаяр, поп дива С.Сэрчмаа нарыг урьж шинэ жилийн дурсамжийг нь уудаллаа.
Ш.СҮРЭНЖАВ:БИ ӨВЛИЙН ӨВГӨН БАЙДАГТ ОДОО Ч ИТГЭДЭГ
Европоос үүсэлтэй шинэ жилийн баярыг Монголын хөрсөнд буулгахдаа Санта Клаус, зул сар гэлгүй монголжуу өвлийн өвгөнтэйгөөр идээшүүлсэнд их баярладаг. Хөдөө буйдад соёлын үр тарьж байсан багш нар л орон нутагт Шинэ жилийн баярыг дэлгэрүүлсэн дээ. Би 1950-аад онд сурагч байхдаа анх шинэ жилтэй танилцаж байлаа. “Ёолик гэдэг юм тэмдэглэнэ гэнэ, ямар хачин нэртэй юм бэ” гэж хөдөөнийхөн их гайхширсан. Тэгтэл цал буурал сахалтай өвөө буга, чоно, баавгай гээд л ойн амьтдаа дагуулж ирснийг хараад манай цам харайх ёслолтой адилавтар юм байна гэж бодсон. Би туулай жилтэй учир сургуулийнхаа ёолкоор туулайн дүрд хувирах их дуртай байлаа. Гуравдугаар ангид шинэ жилийн баяраар намайг Д.Нацагдоржийн шагналт тэргүүний уншигчаар тодруулсан. Д.Нацагдоржийн дүртэй дөрвөлжин тэмдэг энгэрт хадсан нь миний зүүсэн анхны медаль. “Оросын яруу найргийн сүлд модны хамгийн гоё чимэглэлийг Пушкин зүүсэн гэж” В.И.Белинскийн хэлсэн үг их сайхан санагдаж, багадаа цээжилж байлаа.
Нэгэн үе Цагаан сарыг намын үзэл сурталд таарахгүй гэж өргөн тэмдэглэхийг хориглон, Нэгдэлчдийн баяр хэмээн орон нутагт хийдэг байсан учир хотынхны хувьд хамгийн гоё нь шинэ жил байлаа. Тийм ч учраас 1950-аад оноос шинэ жилийн сэдэвтэй олон сайхан дуу мэндэлсэн. Хамгийн анх “Оны эхний шинийн нэгэн Улбар шар нарны гэрэл...” хэмээх үгтэй дуу гарч, дараа нь Ж.Бадраа гуайн шүлэг, С.Гончигсумлаа гуайн хөгжим “Шинэ жилийн вальс” төрсөн. Оюутан байхад нэг сургуулийн шинэ жилээс нөгөөх рүү нь дамжсаар бараг үүр цайлгачихна. МУИС-ийн захирал Содном гуай 12.00 цаг дөхөхөд эхнэрээ дагуулчихаад хамгийн гоё хувцсаа өмсөөд баярын танхимд хүрэлцэн ирдэгсэн. Их сургуулийнхаа шинэ жилээр өвлийн өвгөн болж, заримдаа хөтөлдөг байсан юм.
Өвлийн өвгөн болоод л захирал болон багш нараа нэрээр нь дуудаж, миний хүү ирж бэлгээ аваарай гэж үнсэнэ гэдэг нусгай оюутны хувьд их том аз завшаан, эрх мэдэл. Өвлийн өвгөн болсон нэг шинэ жилээр комендант өвгөн “Тоглолтод оролцож байгаа хүүхдүүдийн ам цангаад байна гэнэ. Тэдэнд улаан ус авчирч өг” гэж нэхсэн. Захирал үг хэлэх дөхөөд байдаг, би гарахгүй гэж зөрүүдлээд, сүүлдээ цагийг нь тулгаж зараалд явж байсан нь одоо бодох нь ээ сайхан дурсамж. 1964 онд МЗЭ-ийн шинэ жилээр С.Удвал гуайн гарын үсэгтэй, 100 дугаартай батлах гардсандаа хачин их баярлаж байсан. МЗЭ-ийн үнэмлэхийг үеийнхнээсээ хамгийн түрүүнд авч, тэр нь шинэ үе эхэлж байгааг бэлгэдсэн дугаартай байсан болохоор их дурсгалтай санагдсан. “...Оны эхний шинийн нэгэн дүн өвлөөр ирдэг ч Охидын сэтгэлд харин зуны гоёлыг нь авчирдаг...” гэсэн үгтэй шүлэг зохиож байлаа.
Намайг залууд одоогийнх шиг мэдээллээр хахаагүй байсан учир манай үеийнхэн их романтик сэтгэлгээтэй байсан. Бид аливаад өөриймсөг ханддаг байсан болоод ч тэр үү, би өвлийн өвгөн байдагт одоо ч итгэдэг. Үнэхээр л цас мөсний орноос манай байгууллагыг зорин нисээд ирэх шиг санагддаг байлаа. Тийм ч учраас МҮОНТ-д ажиллаж байхдаа найруулагч Рагчаатай хамт шинэ жилд зориулсан нэвтрүүлэг хийхдээ өвлийн өвгөн нисгэсэн. Өвлийн өвгөнийг танхимд оруулахдаа явган алхуулах тоогүй санагдаж, үзэгчдийн нүдэнд харагдахааргүй уяа студийн өнцгөөс бэхэлж, түүгээр дамжуулан буулгаж ирсэн. Хүүхдүүд ч их баярлаж билээ.
Д.МЭНДБАЯР:ӨВЛИЙН ӨВГӨНӨӨС БЭЛЭГ АВБАЛ ТЭР ЖИЛДЭЭ ХАРЦ ДЭЭГҮҮР АЛХДАГ БАЙЛАА
Арван жилийн сургуульд элсээд л анх шинэ жилтэй танилсан. Тэр үед одоогийнх шиг хиймэл мод, төрөл бүрийн чимэглэл, тоглоом байгаагүй учир ойгоос гацуур авчирч байрлуулна. Сурагчид цаасыг өнгө, өнгөөр будан, угалзруулж хайчлаад гинж шиг холбож, гацуураа тойруулан чимэглэдэг. Мөчир дээр нь цасан ширхэг тогтсон мэтээр хөвөн тавьдаг байсан. Хүүхэд байхад шинэ хувцас өмсөж, бэлэг авна гээд л их хөөрцөглөдөг байж билээ. Өвлийн өвгөн хүүхэд бүрийг шагнахгүй, тэр жил сурлагаараа тэргүүлсэн, урлагийн авьяастай, тоглолтод оролцсон хүүхдүүдэд харандаа, дэвтэр, баллуур өгнө.
Шинэ жилийн тоглолтоор “Цасан ширхгийн бүжиг” хийдэг байсан учир түүнээс мөн ч олон удаа бэлэг авсан даа. Бэлэг авсан хүүхдэд бусад сурагч баяр хүргэж, хүндэлдэг учир тэр жилдээ л харц дээгүүр алхана шүү дээ. Аав минь гэртээ гацуураа засаж, өвлийн өвгөний зурагтай цаасан хүүдийд алим, жигнэмэг, чихэр хийгээд бидэнд өгдөгсөн. Ер нь Шинэ жилийн баяр гэдэг багачуудыг баярлуулж, сурч, хөдөлмөрлөх урам зоригийг нь бадраадаг ач тустай гэж ойлгодог. Хожим жүжигчин болоод байгууллагынхаа шинэ жилээр жимс нухагч, будаа агшаагч хонжвороор авч байсан азтай хүн. УДЭТ-ын хоёрдугаар давхарт байдаг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжгийн танхимд Засгийн газрынхны, бас дунд сургуулийн сурагчдын нэгдсэн шинэ жил зохион байгуулдаг байсан.
Залуучуудын шинэ жилд Ю.Цэдэнбал гуай гэр бүлтэйгээ хамт ирж оролцдогсон. Театрын шинэ жилээр тэр танхимд ардын цолтой ахмад уран бүтээлчдээ ярайтал суулгачихаад залуу жүжигчин бид таанз эргэж, тоглолт үзүүлдэг байлаа. Г.Мягмарнаран, З.Жарантав, М.Цолмонбаатар, Б.Жаргалсайхан тэргүүтэй олон жүжигчин өвлийн өвгөн болж байсан ч Г.Гомбосүрэн гуай шиг нь ховор юм. Миний хань П.Цэрэндагва хүүхдүүдээ багад өвлийн өвгөн болж бэлэг тараахад нөгөөдүүл нь танилгүй, итгэчихдэг байж билээ. Манай театраас жүжигчдээ албан байгууллагуудын шинэ жилд оролцуулахаар хуваарилдаг байсан юм. Бид жүжгийн хэсгүүдээс тоглож, шүлэг уншин, дуу дуулж, хөгжимдөж зарим үед шинэ он гарсны дараа гэртээ харьдаг байсан.
С.СЭРЧМАА: 2005 ОНЫГ АГААРТ УГТСАН
Өвлийн өвгөнөөс бэлэг авч, зурагтынхаа хажууд гацуураа засан, амттай идээ будаагаар ширээ дүүргэж, гоё хувцсаа өмсдөг байсан болоод ч тэр үү, миний хамгийн дуртай баяр байлаа. Сүүлийн үед нэвтрүүлэг хөтөлж байгаа учир Шинэ жилийн баярын арга хэмжээнд дуулахын хажуугаар хөтлөөд өгөөч гэх санал ирж байна. Берлинээс Улаанбаатар руу нисэх замдаа 2005 оноо угтсан нь дурсамжтай, өвөрмөц санагддаг. Гадаадад амьдардаг монголчууддаа зориулж дуулаад нутаг буцаж байсан санагдана. Бушуухан л Монгол руугаа явъя гэж яараад, цагийн зөрүүнээс болж онгоцонд шинэ он гарч таарна гэдгийг тооцоолоогүй. “Он солигдох мөчид бид агаар дээр байна. Та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэе” гэж онгоцны ахмад хэлэхэд үйлчлэгч нар оргилуун дарс буудуулсан. Онгоцон дотор тоглолт хийвэл гоё юм байна гэж тэр үед бодож билээ. “Өвлийн өвгөн нээрэн л, цас мөсний оронд томоо гэгчийн агуйд охидоо тойруулж суугаад үлгэр уншиж өгдөг. Тэгээд он солигдох дөхөхөөр Монгол орны өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдийг баярлуулдаг юм байна” гэж төсөөлж, итгэдэг байлаа.
Гуравдугаар ангид байхад сургуулийн захирал шинэ жилээр өвлийн өвгөн болсныг таньснаас хойш итгэхээ больсон. Гацуур засаагүй өнжсөн жил миний амьдралд байхгүй. Би айлын отгон охин болохоор төрснөөсөө авахуулаад өөрөө ээж болтлоо гацуураа зассан. Одоо охиндоо зориулж гацуураа чимэглэдэг. ХБК-д сурдаг, тайзан дээр гарах шаардлага байнга гардаг байсан учир сүлд модонд дээр тавьсан мөнгөө цуглуулж байгаад даашинз авч билээ. Би их хийморьтой. Рок попынхны шинэ жилийн үдэшлэгээр сугалаанд “Нью стар” студид дуу бичүүлэх, дууны найруулга хийлгэх эрх хожиж байсан. Балын харандаагаар болон тосон будгаар намайг зурсан хоёр ч хөрөг фэнүүдээсээ шинэ жилээр авч, их баярлаж байлаа.
Б.ДӨЛГӨӨН