Австралийн гэрэл зурагчин Питер Ликийн буулган авсан “Фантом” нэртэй гэрэл зураг Лос-Анжелес хотод нэгэн хувийн цуглуулга бүтээгч хүнд 6.5 сая доллараар худалдагдав. Ингэснээр дэлхийн хамгийн өндөр үнэтэй гэрэл зургийн өмнөх дээд амжилт эвдэгдсэн байна. Германы иргэн Андреас Гурски гэгч тэр амжилтыг тогтоож байжээ.
Лик энэ гэрэл зургаа АНУ-ын баруун өмнөд нутагт орших Антилопын Каньонд авсан гэнэ. Зурган дээр жижигхэн нүхээр агуй руу нэвтэрч буй нарны туяа дүрслэгджээ. Гэрлийн тусгал сүнсийг санагдуулдаг учраас энэ бүтээл “Фантом” гэдэг нэртэй болов. Гэрэл зурагчны шүтэн бишрэгч өмнө нь түүний “Хийсвэрлэл” гэрэл зургийг 2.4 сая доллараар, “Мөнхийн ааш” нэртэй зургийг 1.1 сая доллараар худалдан авчээ. Өнөөг хүртэл хамгийн их үнэд хүрсэн гэрэл зургийн бүтээлийн чансааг Андреас Гурски тэргүүлж байсан юм. 2011 онд түүний мөнхжүүлсэн “Рэйн II” бүтээл 4.3 сая долларын үнэ хүрсэн билээ.
Гэрэл зурагчин Питер Лик 1959 онд Австралийн Мельбурн хотод мэндэлжээ. Тэрбээр 30 гаруй жил мэргэжлийн түвшинд гэрэл зураг авч байгаа аж. Тэрбээр өөрийн бүтээлүүдээрээ чамгүй олон удаа шагнал хүртэж байсан гэнэ