Та төсөөл дөө. Хэн нэгэнд үнэн голоосоо хайртай байгаад түүнээсээ таван жил хол амьдарч, энэ хугацаанд зөвхөн утсаар л харилцан сэтгэлээ зогоодог байлаа гэж бод. Гэтэл итгэж явсан хайрт чинь гэнэт л өөр нэгэнтэй гэрлэх болсноо дуулгавал ямар санагдах вэ. Эцсээ хүртэл найдвар тээж, сэтгэлийг нь эргүүлэх ямар нэгэн зүйл хийж болох мэт санагдан сүүлийн удаа ч болтугай уулзмаар санагдана тийм үү. Гэтэл хэчнээн хүсээд ч төрхийг нь харж, гарынх нь илчийг мэдрэхгүйгээр хагацна гэдэг хэчнээн харамсалтай, бачимдмаар, харгис билээ. Хайр үнэгүйдсэн өнөө цагт тавхан үсэгнээс бүрдэх салъя гэдэг үгийг амнаасаа торох юмгүй унагасан хүн нөгөөхөө ямар аймшигтай сэтгэлийн тамд түгждэгийг дотор нь л ороогүй хойно яаж мэдрэх вэ дээ. Хэн нэгнийг гомдоох болбол гунигтай царай, ухааруулж ч мэдэх харц, нулимсыг нь харахгүйгээр харилцаагаа алсаас хялбар цэгцэлчих боломжийг олгосноороо техник технологийн дэвшилтэт бүтээл утас гэгч нь хүн төрөлхтний, амраг хосуудын хооронд жороолсон илжиг гэлтэй. Францын зохиолч, яруу найрагч, кино найруулагч Жан Кокто хагацлын шаналалыг мэдрүүлэхээр “Хүний дуу хоолой” ганц хүний жүжгээ 1928 онд бичжээ. Одоо л бидний амьдралд асуудал болоод буй техник технологийн сөрөг нөлөөний тухай тэртээ 86 жилийн өмнө хөндсөн нь гайхалтай. “Блэк бокс” театрын утга зохиолын ажилтан Ч.Одончимэг орчуулж, М.Боролдойн найруулснаар жүжигчин Д.Оюунзул өнгөрсөн амралтын өдрүүдэд үзэгчдийн өмнө түмэн янзаар шаналсан. Эмх замбараагүй унтлагын өрөө, сэтгэл хуурах бор дарс, янжуурууд, бас зүүдэндээ яраглах Элла... Хэнтэй ч холбож чадахаар шидтэй ч хуурамч харилцаагаар бүсгүйг нийгмээс тусгаарласан шугамын утаснууд өрөөг нь тойроод шоронгийн сараалж мэт сүлжилджээ. Бүсгүй анхандаа хуримын даашинз, гоёмсог чимэг зүүлт сэлттэй байсан ч хайрт залуутайгаа утсаар холбогдож хүн төрөлхтөнд байж болох бүх л сэтгэл хөдлөлөө илэрхийлэх бүртээ нэг нэгээр нь тайчаад унтлагынхаа хувцастай л хоцров. Сайхан ирээдүйг мөрөөдсөн тэрбээр бага багаар итгэл алдарсныг ийн дүрсэлсэн бололтой. Зохиолч эр дээхнэ үеийн утас залгагчдын буруу холбодог төвөгтэй асуудал, хүмүүсийг биенээс нь холдуулагч техник, Эллагийн аз жаргалтай дурсамж, гутрал, аргаа барсан хөөрхийлөлтэй байдлыг түүний сэтгэлзүйн эрс тэрс өөрчлөлт, дүр байдлаар илэрхийлжээ. Элла залуугийн яг хаанааас залгаж байгааг өчнөөн удаа асууж, сүйт бүсгүйтэйгээ хамт байна гэж дотроо сэжиглэдэг ч нөгөөх нь жүжиг төгсөх хүртэл үнэнээ өчсөнгүй. Бүсгүй ч ягаан даашинз, хар бүрх малгаатай сууж байна, өчигдөр орой Мартатай зоог барьсан, толгойн өвчнөө дарахын тулд нэг ширхэг нойрны эм уусан хэмээн болж буй бүх зүйлийг эсрэгээр нь хэлсэн нь нүд үнэнч чих худалч гэдгийг батлав.
Тэд утсаар ярьсан таван жилийн хугацаандаа бие биедээ хэчнээн удаа худал өчсөн бол. Утас гэгч сэтгэл хуурах зэрэглээ байгаагүй бол тэд бие бие рүүгээ хэчнээн их тэмүүлэх бол?
Б.ДӨЛГӨӨН