УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрт ирсэн бэлэгний дээж болох хөөрөгний даалинг өөрийн бичсэн номуудын хамт өнөөдөр Монгол төрийн түүхийн музейд хүлээлгэн өглөө.
Тэрбээр ”Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар ажиллах хугацаанд олон бэлэг, дурсгалын зүйл ирж байсан. Тэдгээр бэлгүүдээс хамгийн үнэ цэнэтэй санагдсан нь хатгамалдаж урласан энэхүү даалин юм. Уран хээ, угалзын голд Т-батаарын дүрсийг хатгасан энэ даалинг Монгол төрийн түүхийн музейн сан хөмрөгт нийлүүлж байгаадаа баяртай байна” хэмээсэн юм.
Энэ үеэр Монгол төрийн түүхийн музейн захирал Н.Оюунтэгш, Монгол Улсад орчин цагийн музей үүссэний 90 жил, Монгол төрийн түүхийн музей байгуулагдсаны 9 жилийн ой энэ онд тохиож байгаа. Хоёр 9 давхацсан түүхэн цаг үед ийм үнэтэй үзмэр хүлээн авч байгаадаа талархаж байна гээд оюуны болоод урлагийн энэхүү бүтээлүүдийг музейн сан хөмрөгтөө залах болно гэж хэллээ.
Монгол төрийн түүхийн музейд хүлээлгэн өгч буй уг хөөрөгний даалинг Монголын нэрт уран хатгамалч С.Одончимэг ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэлд 2014 оны долдугаар сарын 8-ны өдөр "Т-батаар ба сор үзмэр" үзэсгэлэнгийн нээлтийн өдөр бэлэглэсэн бөгөөд уг хөөрөгний 5 сая төгрөгийн үнэтэй ажээ.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хөөрөгний даалингийн хамт өөрийн бичсэн “Ногоон нүдэн лам”, ”Миний ажлын ноу-хау”, “Миний лобби”, “Гэрт болсон яриа”, “Америкт суралцсан тэмдэглэл”, “Тарбозавр батаарын тухай үлгэр” /англи, монгол хэлээр/ номнууд болон “Хотол цагаан” радио жүжгийн зохиолын номыг Монгол төрийн түүхийн музейд өв сан болгон хүлээлгэн өгсөн юм..
Мөн тун удахгүй өөрийн бичсэн монгол бичгийн уран бичлэгийн бүтээлээ шинэчлэн хэвлэсэн “Нүүдэлчний яриа” номын хамт гардуулахаар бэлдэж байгаа юм байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
М.Болор