ХБК-ийн багш, хөгжмийн зохиолч, судлаач Х.Алтангэрэлтэй ярилцсанаа хүргэе.
-Хөгжимчид, удирдаач яаж мэдэрснээс шалтгаалж зохиолыг өөр, өөрөөр тоглодог. Манай уран бүтээлчид таны бүтээлийг сэтгэлд хүртэл тоглож чаддаг уу?
-Юун түрүүнд удирдаачдын залгамж халааг сайн бэлтгэх хэрэгцээ байна. Удирдаач мундаг байвал хөгжмийн зохиолчийн бодож санаж бичсэнийг хөгжимчдөөр илэрхийлүүлж чадна. Монголын симфони найрал хөгжмийнх өн учиргүй бишрэхээр биш ч ямар аймшигтай тоглочихов оо гэж уулга алдуулахааргүй сайн тоглодог.
-Таны хөгжмийг нь бичсэн “Төгсгөлгүй” танго балет саяхан нээлтээ хийсэн. Бүтээлээ тайзан дээр амьдрахыг нь харах ямар санагдсан бэ?
-Симфони найрал хөгжим, балетийн ангийнхан сайн тоглосон. Алга ташилт бол үзэгчдийн сэтгэлийн илэрхийлэл учир хөгжмийн зохиолчдод тэр л хамгийн үнэтэй санагддаг. Хэр тааруухан санагдсан бол алга ташилт нь цаанаа л өөрөөр мэдрэгдэнэ.
-Таны багш Б.Шарав “Төгсгөлгүй”-г үзээд “Алтангэрэл цаашдаа тайзны урлагт ихийг хийх хүн” гэж хэлсэн. Одоо та юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойд зориулж, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы найруулсан “Ай Нанаа” түүхэн дуулалт жүжгийн хөгжим миний бичсэн анхны тайзны бүтээл. В.Катаевын “Долоон дэлбээт цэцэг” зохиолоор Хүүхэлдэйн театрынхан өнгөрсөн зургадугаар сард жүжиг тавьж, би хөгжмийг нь зохиосон. Л.Эрдэнэбулган гуай “Орчин үеийн сэдэвтэй, нэг хүний дуурь бүтээе” гэж санаачилснаар 2013 оноос “Ганц цагаан шувуу” нэртэй сюрреалист дуурь бичиж эхлээд, одоо найруулах л үлдлээ. Бичсэнээ хэсэг хугацааны дараа үзэхэд дахин өөрчлөх зүйл ажиглагддаг. Ирэх онд нээлтээ хийх ганц хүний дуурьт гавьяат жүжигчин Э.Амартүвшин, А.Сайнбаяр нарыг дуулуулахаар ноотоо өгчихсөн. Гэхдээ дуучдаа эцсийн байдлаар сонгоогүй байна. Цаашдаа тайз, дэлгэцийн томоохон бүтээлд ажиллах хүсэлтэй байгаа. Монголын хөгжмийн бүтээлүүд дэлхийн алдартай театруудын тайзнаа эгшиглэж байгаасай гэж хүсдэг. “Төгсгөлгүй” танго балетийг яагаад “Большой театр”, “Гранд опера”-д тоглож болохгүй гэж. Би монгол хүний оюун ухаанаас төрсөн балет, дуурийг олон улсын театруудын урын санд оруулахыг хүсэж, мөрөөддөг.
-Сүүлийн үед Монгол яагаад дуурь, балет төрөхгүй байгаа вэ?
-Залуу уран бүтээлчид томоохон бүтээл хэр их зохиосныг би мэдэхгүй юм. Тэднийг ажиллах нөхцөл бололцоогоор хангавал том хэмжээний бүтээл тавих бүрэн боломжтой. Энэ бол зөвхөн хөгжмийн зохиолчид гэлтгүй, хөр өнгө санхүүтэй холбоотой асуудал. Тухайлбал, “Ганц цагаан шувуу” дууриа тавихын тулд бид санх үүжилт хайж байгаа.
-Та аль сургууль төгссөн бэ. Ямар багшаас эрдэм сурсан нь уран бүтээлчийн авьяас, хувь заяанд хэр их нөлөөлдөг вэ?
-Авьяасыг боловсролоор тэтгэж байж жинхэнэ мэргэжлийн, сайн бүтээлүүд төрнө. Аз болоход би Монгол, Оросын мундаг уран бүтээлчдийн гар дамжсан. Морин хуурч, хөгжмийн онолч гэсэн давхар мэргэжлээр 1997 онд ХБК төгссөн. Энэ сургуульд 1994 онд анх удаа хөгжмийн онолын анги нээгдэхэд дөрвөн оюутан сонгон элсүүлсний нэг нь би. СУИС-д хөгжим судлаачаар хоёр жил суралцаж, дараа нь Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав багшийнхаа гарын шавь болж, хөгжмийн зохиомжийн хичээл заалгасан. ОХУ-ын Тө рийн шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Борис Тищенкогийн удирдлаган дор Санкт-Петербургт Н.А.Римский-Корсаковийн нэрэмжит консерваторт мэргэжил дээшлүүлсэн. Өдгөө багш минь үгүй болсон ч Оросын хөгжмийн ертөнцийнхний хүндэлдэг мундаг профессороор хичээл заалгасандаа бэлгэшээдэг.
-Багш нар тань юу гэж зөвлөдөг байсан бэ?
-Борис Тищенко багш Х.Алтангэрэлийн мөн чанарыг өөрчлөхийг хүсдэггүй, тухайн хүнийг онцлогоо хөгжүүлэхэд нь тусалдаг байсан. Харин Б.Шарав багш үндэсний урлагаа бүтээлийнхээ сууриа болгож, ардын уламжлалаа хадгалж бичихийг зөвлөдөг. 1996 оны сүүлчээр анхны зохиолоо бүтээсэн гэхээр 18 орчим жил хөгжмийн зохиол бичжээ. Энэ хугацаанд зохиолуудаа ард түмэнд толилуулж, судлаачдын санал зөвлөгөөг сонсон, зөв буруугаа тунгааж, уран бүтээлчийн хувьд өсөж дэвшсэн.
-Та “Алтан намар” хөгжмийн зохиолчдын наадамд нэлээд олон удаа түрүүлсэн байх аа?
-1998 онд анх “Аргамаг хүлгийн хурдаар” нэртэй морин хуур, ятгын хоршил бүтээлээр оролцсоноос хойш олон удаа түрүүлсэн. 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор түрүүлсэндээ бэлгэшээдэг. Тэр үед Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд хоёрдугаарт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр гуравдугаар байрт шалгарсан санагдана. 2007 оноос “Алтан намар”-т тасралтг үй таван удаа шилдгээр шалгарч, бүтээлүүдийг минь улсын сан хөмрөгт худалдан авсан.
-Саяхан удирдаач Б.Лхагвасүрэнтэй ярилцахад “Уран бүтээлчид хөгжмийг бусдаас илүүгээ батлах уралдааны хэрэгсэл болгосон” гэсэн. Таны бодлоор сонгодог урлагийнханд уралдаан хэр чухал вэ?
-Хөгжмийн зохиолчид бүтээлээ улсын сан хөмрөгт шалгаруулж, хэдэн төгрөг авах зорилгоор “Алтан намар”-т зориулж тусгайлан бичдэг гэж хөндлөнгөөс дүгнэж болох юм. Ийм зорилгоор оролцдог хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ би хөгжмийн том төрлүүдэд оюун ухаанаа сорьж, дотоод ертөнцөө нээн, Монголын мэргэжлийн урлагт хувь нэмрээ оруулж, урын сан баяжуулах зорилгоор уран бүтээлээ тогтмол хийдэг. Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос мэргэжлийн хөгжмийн урлагт зориулж “Алтан намар”, “Морин хуур” гэх хоёрхон наадам зохион байгуулдаг. Гэтэл зохион байгуулахаа больчихвол хөгжмийн зохиолчдын том хэмжээний бүтээлүүдийг хэн, хаана тоглох вэ.
-Улсын сан хөмрөгт багтсан бүтээлүүдийг сурталчилж, хөгжимчид тоглох нь хэр их вэ?
-Засгийн газрын тогтоолд “Улсын сан хөмрөгт орсон бүтээлүүдийг хадгалж хамгаалах, сурталчлан, дэлгэрүүлэх үүрэгтэй” гэх заалт байдаг юм билээ. Хадгалах үүргээ сайн гүйцэтгээд байгаа юм. Харин тийм бүтээлүүдээр тоглолт зохион байгуулж, үзэгчдэд хүргээд байгаа нь харагдахгүй юм.
-Хөгжмийн зохиолчдын бүтээлийн чанарыг сайжруулах зорилгоор “Алтан намар”-ыг хоёр жилд нэг удаа ССАЖЯ-ны санхүүжилтээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн учир 32 жилийн түүхтэй наадам энэ удаа өнжихөөр болсон. Хөгжмийн зохиолын чанарт цаг хугацаа нөлөөлдөг үү?
-Ийм шийдвэрээс болж Хөгжмийн зохиолчдын холбоо наадмаа өнжөөхөөр шийдсэн байсан ч энэ сарын 21-нд зохион байгуулахаар болсон юм билээ. 1982 онд анх “Алтан намар” тэмдэглэснээс хойш социализмын хүнд хэцүү үед ч уламжлалаа таслаагүй. Одоо эдийн засаг хямралтай байгаа боловч дэлгүүрийн лангуундаа давс, талхнаас өөр бараагүй байсан 1990-ээд онтой харьцуулшгүй. Монголын сонгодог хөгжмийн урын санг баяжуулах ач холбогдолтой наадмаа таслалгүй зохион байгуулбал уг нь хөгжмийн зохиолчдод их хэрэгтэй. Тухайлбал, хөгжмийн зохиолчид томхон хэмжээний бүтээл хийгээд түүнийгээ симфони найрал хөгжмийнхнөөр тоглуулахдаа 3-4 сая төгрөг төлөх шаардлагатай болдог. Зөвхөн нэг л зохиол тоглуулах гэж тийм их мөнгө төлөх боломж манай хөгжмийн зохиолчдод байхгүй.
-Монголын хөгжмийн урлагт хувь нэмрээ оруулж, хөгжимчдөд тоглох бүтээл туурвиж өгч байхад өөдөөс нь мөнгө нэхдэг энэ тогтолцоо гаж санагддаг уу?
-Уг нь тийм. Манайх салбарын яамгүй болсон нь Монголд соёл урлаг хэрэггүй гэж ойлгогдохоор байна. Боловсрол гэх том салбарын бөөрөнд наалдчихаар соёл урлагийн томоохон үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Манай ХБК нь ДБЭТ, Улсын филармони, ҮДБЭЧ тэргүүтэй урлагийн байгууллагын хөгжимчдийн 80 орчим хувийг бэлддэг. Тэгтэл манай сургуулийн хөгжмийн зохиомжийн ангийн оюутнууд төгсөхдөө зохиолоо тоглуулахын тулд тэдэнд мөнгө төлдөг. Энэ нь манай мэргэжлийн байгууллагууд бие биеэ дэмжин ажиллах уялдаа холбоо муутай, тогтолцоо нь гаж гэдгийг нотолж байна.
-Ардын жүжигчин П.Хаянхярваа гуайн гэр зай багатай учир төгөлдөр хуургүй. Тиймээс зохиолоо сэтгэлдээ ургуулан бичиж, дараа нь хөгжимчдөөр тоглуулахад яг л санасантай нь таардаг гэж байсан. Та бүтээлээ ямар арга барилаар туурвидаг вэ. Ер нь хөгжим хаанаас төрдөг вэ?
-Хөгжим хаанаас төрдгийг нарийн яривал би байтугай, хөгжмийн зохиолчид ч мэдэхг үй. Заримдаа төгөлдөр хуурынхаа ард суугаад тооцоолж, төлөвлөхөд, эсвэл байгалийн сайхныг таашаахад аялгуу төрдөг. Гутарч, хагацал зовлонг биеэрээ амсаад зохиолоо бичсэн уран бүтээлчид ч бий. Би “Нэгдүгээр симфони”-оо 21-хэн хоногийн дотор бичсэн. Осолдохгүй л гар минь хөдлөөд, бичээд байгаа хэрнээ өөр нэг хүн надаар бичүүлээд байх шиг санагдсан. Тэр үед хөгжмийнхөө араас босож чадахгүй болтлоо ховсдуулсан. Босчих л юм бол тархинд харвасан сайхан санаанууд замхрах гээд байх шиг санагдаж, цай ундаа ч ууж чадалгүй хөгжмийнхөө ард өдөрт дунджаар 14 цагийг өнгөрөөдөг байсан.
-Рок, поп, хип хоп дууны хөгжмийн талаар бодлоо хуваалцана уу. Сүүлийн үеийн дуунууд богино настай байдгийн учир юу вэ?
-Залуус рок попыг сонирхож, дуулж байгаа учир нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу голдиролоороо хөгжиж яваа. Дуу гэдэг хөгжмийн урлагийн хамгийн жижиг төрөл. Дуу бүр мөнх наслах боломжгүй. Жишээлбэл, Н.Жанцанноров гуай 800, Б.Шарав багш 600 гаруй дуу бичсэн ч ард түмэн хэчнээнийг нь мэдэх билээ дээ.
Б.ДӨЛГӨӨН