Монголын гоо бүсгүй "Дэлхийн мисс 2014" наадмын тайзыг голлон, үндэсний хувцастайгаа бүжиж, монгол хүн бүрийн бахархал, бахадлыг төрүүлж байна. Үзэсгэлэнт гоо бүсгүй Т.Батцэцэг маань шилдгүүдийн дунд хараахан багтаагүй ч спортын ур чадвар, хөгжимдөх авьяасаа гайхуулж, загварын тайзнаа шилдгүүдийн дунд багтаад амжсан. Түүнчлэн гоо үзэсгэлэнгээрээ ч тайзнаа бусдаас аргагүй ялгарч байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Монгол бүсгүйн үзэсгэлэнг гайхуулж чадсан Т.Батцэцэгтээ баяр хүргэх хэрэгтэй. Түүний хичээл зүтгэлийн үрээр монголчууд дэлхийд нэгэн шинэ төрхөөр танигдаж чадлаа. Дэлхийн 121 улсын гоо бүсгүйгээс ялгарч, тодорч харагдах ч амаргүй. Мөн түүний ард бүхэл бүтэн баг ажиллаж, зохион байгуулалттайгаар илүү сайн бэлтгэж чадсан бол тэр "хол" явах ч байсан ч юм бил үү. Тиймээс цаашдаа Монголдоо сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнээ, нээлттэй илүү сайн хийж, үндэсний ялагчаа тодруулан "Дэлхийн мисс"-ийн шалгаруулалтад урьчилан бэлтгэвэл үр дүн гарах биз ээ. Энэ жил монголчууд үнэхээр тод байж чадлаа. Баяр хүргэе.