Италийн Венец хотын худалдаачин Николо Полын хүү дэлхий дахинаа нэрээ дуурсгах үйл бүтээсэн нэрт аялагчдын нэг болох Марко Пологийн залуу насны амьдралыг харуулсан түүхэн кино энэ сарын 12-ноос олон улсын кино театруудад гарч эхэлсэн. “Netflix” компанийн бүтээсэн “Марко Поло” киноны зохиолыг Жон Фуско бичиж, гол дүрд нь Италийн жүжигчин Лорензо Ричелми тогложээ. Харин Хубилай хааны дүү Аригбөхийн дүрийг манай чадварлаг жүжигчин Б.Амарсайхан бүтээсэн нь монголчуудын бахархлыг төрүүлж байгаа билээ. Тэгвэл тус киноны 10 ангийн туршид “Алтан ураг” хамтлагийн хөгжмийг ашиглаж байгаа юм байна. Тус хамтлагийн Европ дахь менежер Ж.Өнөрмаа “Алтан ураг”-ийг төлөөлөн Холливудын “Weinstein Сompany”-тай гэрээ байгуулсан бөгөөд энэ кинонд тэдний гаргасан долоон CD-ний хөгжмийн бүтээлүүдээс ашиглах гэнэ. Энэ нь тус хамтлагийн Холливудын уран бүтээлчидтэй хийсэн хоёр дахь албан ёсны гэрээ болж байна. Урьд нь Сергей Бодровын найруулсан “Монгол” кинонд мөн л “Алтан ураг” хамтлагийн хөгжмийг ашиглаж байсан юм.