Эрэмгий агаад эрхэмсэг дүр төрх,
Эрвээхий зангиа, шидэт дохиур, дэгжин фрак...
Яагаад ч юм бэ удирдаач гэхээр энэ л дүр төрх санаанд минь бууна. Хаан хуур, хатан хийлийн аялгуу түүний хөдөлгөөний аясаар нэгэн голын урсгал болон сүлэлдэж, бүхэл бүтэн найрал хөгжим ганцхан хормын дотор нэгэн цул болон захирагдах аж.
Өөрийн гэсэн хөгжимдөх арга барилтай олон хүнийг нэгтгэж, бүтээл амьдруулах шид удирдаачийн дохиурт л бий. Энэ жижигхэн дохиурын дороос сэтгэл гэгэлзүүлсэн хүчирхэг аялгуу урсдаг. Гарт нь хөгжим байхгүй ч тэд биеэрээ хөгжимчдөө хөглөж, үзэгчдийн сэтгэлийг хөндөн байдаг өвөрмөц мэргэжилтэн.
Хүн бүрт олдоод байдаггүй ховор мэргэжилтний нэг, Монгол Улсын Төрийн шагналт, ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн удирдаач Ж.Чулууны хүү гавьяат жүжигчин, хийлч, удирдаач Ч.Чинбаттай уулзаж ярилцсанаа хүргэж байна.
-Та хийл гэдэг хөгжимтэй хэзээ анх танилцаж байв. Яагаад заавал энэ хөгжимтэй амьдралаа холбох болсон бэ?
-Би анх хэзээ хийл барьж байснаа санадаггүй юм. Учир нь миний аав хийлч, удирдаач хүн байсан болохоор манай гэрт олон сайхан хөгжим байдаг байлаа. Харин би ухаан орсон цагаасаа л хийл хөгжимтэй найзалж эхэлсэн дээ. Багадаа би пянз тоглуулагчийг техникийн талаас нь болон гарч байгаа уянгалаг дууг нь хэрхэн гардагийг их сонирхдог хүүхэд байж билээ. Аав минь Дуурийн театрт ажилладаг байх үедээ намайг дагуулаад л явна. Би аавын ажил дээр очих дуртай байлаа. Тэр үед театр ашиглалтад ороод удаагүй байсан учраас дотор нь ороод л толгой эргэчихнэ. Аав удирдаад л, хөгжимчид тоглоод эхэлмэгц яагаад ч юм дотор минь огшоод баяртай болчихдог байлаа. Ухаан орсон цагаасаа эхлээд өдийг хүртэл миний амьдралд хөгжим чухал байр эзэлсээр иржээ.
-Хийл хөгжмийг хүнтэй зүйрлэвэл ямар хүн байх байсан бол ?
-Хийл бол маш уянгалаг сайхан хөгжим. Дэргэд нь байхад их сайхан энергитэй хүн гэж байдаг шүү дээ. Тийм л хүнтэй зүйрлэмээр санагдаж байна.
-Та одоо ямар хийлээр тоглож байна. Тоглож үзэх юмсан гэж боддог хөгжим танд байдаг уу?
- Байлгүй яахав. Хийл бол хөгжлийн дээд шатандаа хүрчихсэн сонгодог хөгжим гэж би ойлгодог. Харин тоглож буй хөгжимчний чадвараас шалтгаалж хэрэглэж байгаа зэмсэг нь өөр байдаг юм. Миний хувьд олон янзын хийлээр тоглож үзсэн. Харин XVII,XVIII зууны үеийн мастер хөгжмөөр тоглож үзэхийг хамгийн их хүсдэг юм. Энэ хүсэл хөгжимчин хүн бүрт байдаг байх аа. Одоо бол аавынхаа авч өгсөн хагас мастер хийлээр хөгжимдөж байна даа.
-Аавын тань тоглож байсан хийл хөгжмөөс танд байдаг. Тэр хөгжмийг тоглож байхад танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Мэдээж миний аавынх гэдэг утгаараа их сайхан санагдана. Илүү их сэтгэлийн гүнээсээ тоглодог ч байж магадгүй. Аавынхаа хийл хөгжмийг аваад тайзан дээр гарахад их түшигтэй санагддаг юм.
- Та хөгжмийн боловсролоо Ленинград хотод эзэмшсэн. Тэгвэл тэр үед Монголын хөгжмийн урлагийг өөр оронтой харьцуулахад ямар байв?
-Өнөө үед хөгжмийг аль нэг оронд сайн хөгжсөн хэмээн ярих нь буруу. Харин хөгжимчний чадварыг л харах ёстой. Би 1964 онд Ленинградад Хөгжмийн дунд сургуульд элсэж ороод дээд сургуулийг дүүргэсэн. Тэр үед Монголд хөгжмийн мэргэжилтэн ховор, сургалтын програм ч өөр байсан бөгөөд хөгжлийн эхэн шатандаа явж байсан юм. Одоогийн Хөгжим бүжгийн коллеж нь Хөгжим бүжгийн дунд сургууль байсан. Тэр үед мэргэжил эзэмшсэн хүмүүс нутагтаа ирж сурсан мэдсэнээ хуваалцаж эхэлсэн үеэс л Монголын хөгжмийн сургууль одоогийн сургалтын арга барилд шилжиж, хөгжсөөр одоо бусад аль нэг орноос чадварын хувьд дутуу гэх юмгүй болсон. Хэдэн зуун жил хөгжмийн урлаг нь дээд цэгтээ хүртэл хөгжсөн орнуудын чиг шугамыг өөрийн улсын онцлогт тааруулж бий болгохоор хичээж байсан алтан үеийнхнээ бид хүндлэх хэрэгтэй. Биднийг ардын урлагаас сонгодог урлагт хөтөлж оруулсан тэр хүмүүст баярлах ёстой. Сүүлийн үед манай залуус цоо шинэ зүйл сохроор бий болгох гэж үзээд өвөг дээдсийн хийсэн зүйлсийг үл ойшоох хандлагатай болоод байгаа юм шиг. Хэн ч эцэг эхийгээ хоцрогдсон гэж хэлэх ёсгүйтэй адил өнгөрсөн үеэ үргэлж дээдлэх нь бидний нэг соёл болох юм. Энэ талаараа л бид бусад орны ард хоцорч байгаа.
-Манай төр засгаас сонгодог урлагт хэр анхаарал хандуулдаг юм бол?
-Төр засаг ч гэж дээ, урлагийн төлөө тэдний хийж байгаа зүйлийг нь мэдэхгүй юм. Нэг л сайхан урлаг соёл ярьсан хүмүүс. Араг яс, динозавраа ярьсаар байгаад ажил нь дуусах шиг боллоо. Одоо бүр яам ч үгүй болсон. Сонгодог урлагийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа хүмүүсийн цалин, ахуй амьдрал үнэндээ харамсалтай байгаа шүү дээ. Харин төр засгаас бидний цалин тэтгэврийг нэмээд байгаа юм шиг л ярьцгаадаг. Цалингийн дундаж хэмжээ өссөн тоотой харагдаж байгаа боловч тэд бол зөвхөн өөрсдийнх нь авдаг мөнгийг биднийхтэй харьцуулсан үзүүлэлт. Манай төр засаг ард иргэд тэр дундаа биднээс хол тасарсан амьдралтай учраас үүнийг ойлгодоггүй юм шиг. Сард 400 мянган төгрөгийн цалинтай хүмүүс өнөөдөр сонгодог урлагийн ачааны хүндийг нуруундаа үүрээд явж байхад, “тасарсан” амьдралтай томчууд гоё хөгжим байна даа гэж сонсохоос цаашгүй. Тэр дундаа орон нутгийн урлагийн байгууллагууд бүр зогсонги байдалд орчихсон байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Төр засаг ард иргэдээ соёлтой ухамсартай байлгая гэвэл эхлээд урлагаа хамгийн дээд цэгт нь хүртэл хөгжүүлж, дэмжих хэрэгтэй. Тэгж байж ухамсар суудаг гэдгийг тэд мартсан байгаа юм. Төсвийн хөрөнгийг танахдаа хамгийн эхэнд цэцэрлэг сургууль, сонгодог урлагийн байгууллага гээд аль нийгэмд хэрэгцээтэй байгаа салбарлуугаа дайрдаг. Шинэ сайд, шинэ дарга гарч ирэх бүрт л найдлага тавина. Сонгодог урлаг улс оронд хэр их хэрэгтэйг мэддэг хүмүүс л уг нь сонгогдоод байгаа харагддаг. Хэдхэн академик театраа аваад явах чадалгүй, хөл толгойгоо мэдэхээ больчихсон орон болчихсон байна. Тэгээд л гадны театруудад улсынхаа мундаг хөгжимчдийг алдаад дуусч байгаа хэрэг. Монголын урлагийн төлөө зүтгээд ар гэрээ тэжээх мөнгөгүй амьдраад яах юм бэ. Гэр бүлийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа хүн улсаа хэзээ ч бодохгүй шүү дээ. Заавал туг, лоозон барьж жагсвал асуудалд анхаарлаа хандуулдаг болчихсон бололтой. Бас хотод хүн ам төвлөрөөд байгаа гол шалтгааны нэг бол соёл урлагийг орон нутагт “хаячихсан” байгаатай холбоотой гэж урлагийн хүний хувьд би ойлгодог.
-Хөгжим бүжгийн коллежийг төгссөн хүн гаднын оронд тоглох эрхтэй байдаг уу?
-Мэдээж үгүй. Чадалтай нэг нь гадаадад мэргэжлээ дээшлүүлж тоглох боломжтой болдог. Хөгжим бүжгийн коллежийг Консерватори болгоё гээд олон удаа санал гаргаж, албаны хүмүүст хандсан. Гэвч одоо хүртэл шийдээгүй л байна. Дэлхийн консерватори холбоонд нэгдэхийн тулд ийн санал хүргүүлсэн юм. Хэрэв нэгдэж чадвал бусад олон орны оюутнуудтай туршлага солилцож, хөгжмийн урын сангаа баяжуулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.
-Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдийн хөгжмийн боловсролд илүү анхаардаг болсон юм шиг харагддаг. Таны шавь нар жилээс жилд нэмэгдэж байна уу?
-Тийм шүү. Миний ганц баярлаж байгаа зүйл бол эцэг эхчүүд хүүхдийн урлагийн боловсролд одооноос их анхаардаг болоод байгаа юм. Мөн сургуулиуд ч гэсэн хичээлийн хөтөлбөртөө дуу хөгжмийн хичээлийг өмнөх жилүүдээс түлхүү оруулсан байгаа нь таашаалтай. Энэ нь нэг шатаар дээшилж байгаа хэрэг. Эцэг эхчүүд хүүхдээ хөгжмийн боловсролтой болгох ямар их хэрэгтэйг одооноос л ойлгож байна. Намайг бага байх үед сургууль бүр үлээвэр найрал хөгжим, ардын хөгжмийн хамтлаг, бүжгийн дугуйлантай байсан нь биеэ авч явах бие хүн бий болоход нөлөөлдөг байлаа.
-Таныг удахгүй болох “The sounds of winter” тоглолтод урилгаар оролцох болсныг сонссон. Ойрд та ажил ихтэй байна уу?
Хоёр жилийн өмнө сонгодог урлагийн тоглолт хийх хүсэлтэй байгаагаа Ц.Батчулуун багш ярьж байсан юм. Харин одоо Ц.Батчулуун багшийн бие нь тааруу байгаа болохоор хамтарч тоглооч гэсэн саналыг Морин хуурын чуулгынхан надад тавьсаны дагуу оролцож байна. Миний хувьд мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа. Ямар ч зохиолыг хөрвүүлээд тоглодог энэ залуусыг хараад би бахархдаг. Уран бүтээлч сэтгэлгээтэй, зорилго нэгтэй хамт олон юм. Тиймээс жилд хийдэг цөөхөн уран бүтээл нь чанартай болдог юм шиг ээ.
-Тоглолтын ерөнхий удирдаачаар хэн ажиллаж байгаа вэ?
Ц.Батчулуун багшийн шавь Д.Түвшинсайхан ерөнхий удирдаачаар ажиллаж байна.
- Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулгыг удирдахад ялгаатай юу?
-Би өмнө нь гурван ч удаа Морин хуурын чуулгатай хамтарч уран бүтээл хийж байсан. Тоглолтод оролцож байгаа хөгжимчид бүгд мэргэжлийн байдаг болохоор нэг их ялгараад байх юмгүй.
-Тэгвэл энэ удаагийн тоглолт юугаараа онцлогтой вэ?
-Энэ удаад олон нийтэд түгсэн сонгодог зохиолуудыг сонгосон. Шинэ жилийн сэдэвтэй Монголын болон гадаадын хөгжмийн зохиолчдын алдартай вальс, зохиолуудыг тоглож үзэгчдэд олон өөр өнгийн сэтгэл хөдлөл мэдрүүлэх юм.
-“The sounds of winter” тоглолтын бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?
-Тоглолт энэ сарын 17-нд болох гэж байгаа учраас бид эрчимтэй бэлдэж байгаа. Одоогийн байдлаар бэлтгэл 90 хувьтай байна. Бид ярилцаж байгаад нийтэд түгсэн хэдий ч тэр бүр тоглогдоод байдаггүй хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, З.Түмэнжаргал, Ж.Чулуун нарын вальс, дэлхийн сонгодог урлагийн төлөөлөгч П.И Чаековский, А.И Хачатуряны хөгжмийг багтаасан 20 гаруй зохиолыг тоглолтондоо оруулж байгаа юм. Мөн энэ тоглолтоор Монголын сонгодог урлаг ямар түвшинд явааг харах боломжтой. Үзэгчидийн таашаалд нийцсэн тоглолт болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Ярилцсан Г.Оюунт
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ