Шинэ Зеландын Хүүхдийн хөгжмийн төвд багшлахын зэрэгцээ Нортлэндийн симфони найрал хөгжмийн удирдаачаар ажилладаг Б.Лхагвасүрэнтэй цахимаар холбогдлоо. Тэрбээр ОХУ-ын Уралын хөгжмийн их сургуулийн төгөлдөр хуурын анги төгсөж, Казахстанд симфони найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр суралцан, Улсын филармонид ажиллаж байгаад Өвөрмонголын улсын их сургуулийн Урлагийн сургуулийн дэргэдэх хүүхдийн найрал дууны сургуульд багшилж, оюутны симфони найрал хөгжим, Залуучуудын морин хуурын чуулга удирддаг байсан юм билээ. Биднийг ярилцах мөчид тэрбээр түр хугацаагаар БНХАУ-д байв. Учир нь тус улсын оюутны урлагийн улсын уралдаан болж байгаа бөгөөд Залуучуудын морин хуурын чуулга тоглолтоо удирдуулахаар урьсан гэнэ.
-Хөгжмөөр дамжуулж нийгмийг өөрчлөх зорилготой хөтөлбөрийн хүрээнд Шинэ Зеландад ажилладаг гэсэн үү?
-“Система” хөтөлбөрийг анх 1974 онд Венесуэлд амжилттай хэрэгжүүлснээр тус улсын 300 гаруй мянган хүүхэд амьдралаа өөрчилсөн гэдэг баримт бий. Тэр үеийн Венесуэлийн эдийн засаг, нийгмийн байдал Монголын өнөө үеийнхтэй төстэй байж. Уул уурхайн салбартаа ач холбогдол өгөөд иргэдээ анхаарахаа больсон байна. Энэ салбараас олсон ашгаараа нийгмийн байдлаа дээшлүүлж чадаагүйгээс болж хүмүүсийнх нь амьдрал доройтсон юм билээ. Ийм хүндхэн үед нутгийн хэдэн уран бүтээлч хамтран уг хөтөлбөрийг эхлүүлснээр үр дүн нь гайхалтай, нүдэнд харагдахаар бодитой болж чадсан тул одоо Засгийн газраас нь жилд 10 сая ам.доллараар санхүүжүүлдэг гэсэн. Дэлхийн 30 гаруй улс тэдний арга туршлагыг судлан “Система”-г хэрэгжүүлсний олонх нь одоо Засгийн газрын хөтөлбөр болтол өргөжсөн.
-Энэ хөтөлбөр юугаараа “шидтэй” юм бэ?
-Шинэ Зеландын “Система” хөтөлбөрийн удирдагч хамтарч ажиллая гэж намайг урьсан юм. Гэхдээ тэнд очоод Монголд хэрэгжүүлбэл илүү тустай гэдгийг ойлгосон. Найзуудтайгаа хамтран уг хөтөлбөрийг Монголдоо нэвтрүүлэхээр төлөвлөөд байна. Ирэх сараас нутагтаа очно. Ядуу, өнчин, гэр оронгүй болон нийгмийн бусад давхаргын хүүхд үүдэд хамтад нь хөгжим зааснаар тэдний хоорондын харилцаа, зан араншинг эерэгээр сайн талаар нь өөрчилдөг. Хүмүүсийн харилцаа бол нийгэмд тулгамдсан асуудлын нэг. Биенээ ойлгож чадахгүйгээс болж зөрчилдөөн үүсэж, гэмт хэрэг мэтийн муу үр дагавар гардаг. Өөр, өөр давхаргынхан хоорондоо үг хэлээ ололцохдоо тааруухан. Хөгжим бол нэгэн төрлийн хэл. Энэ төслийн ачаар хүүхд үүд бусадтайгаа нэгдэж сурч, амьдралын идэвхтэй болдог. Амьдралын хандлагаа өөрчилсөн хүн зөв шийдвэр гаргана. Ингэснээр амьдралаа урьд нь байснаас шинэ түвшинд аваачих боломжтой.
-Та олон орны хүүхдэд багшилсан юм байна. Хөгжим тоглоход тухайн орны онцлог харагдах уу?
-Би арав гаруй жилийн хугацаанд монгол, солонгос, хятад, казахстан, орос, америк, шинэ зеланд хүүхдүүдэд хичээл заасан. Монгол хүүхдүүдэд хөгжим сургах Азийн бусад орныхонд заахаас илүү амар. Монгол хүүхдүүд багшийн заасныг хурдан хүлээн авч, өөрийн болгож илэрхийлэхдээ сайн. Хятад хүүхдүүд багшийн тоглосныг дуурайн сурахдаа сайн, өөрийн болгож хөгжүүлэхдээ тааруу.
-Үүний учир юу вэ?
-Амьдралын хэв маяг, төрөлхийн зан чанартай холбоотой байх. Коммунист нийгэм хүний бодох, сэтгэх эрх чөлөөг боогдуулдаг муу талтай. Хүний зан ааш амьдралыг нь тодорхойлдог. Монголчууд бол бусдын дор орох дургүй. Бусад хүн өөрөөс нь чадварлаг байвал заавал илүүрхэх гэдэг. Энэ нь муугаар илэрвэл сөрөг талтай. Машины замд биенээсээ өрсөх гэсээр түгжрэл үүсгэдэгтэй адил. Гэхдээ монгол хүний ийм чанарыг зөв тийш залбал бусдаас илүү гарах чадвар бий. Манай ардын урлаг эрх чөлөөт сэтгэлгээ шаарддаг, элдэв дүрэм, журамд баригддаггүй. Уртын дуу гэхэд тодорхой хэм хэмжээгүй, дуучин өөрийнхөөрөө л илэрхийлдэг. Түүнийг ноотолж бичих боломжгүй. Ийм болохоор монголчууд хөгжмийг хурдан сурдаг юм шиг санагддаг.
-Коммунист дэглэмтэй улсад ажиллахад уран бүтээлд хэр нөлөөлдөг байв?
-Анх байгуулсан гэрээнийхээ л дагуу ажиллах ёстой. Тийм болохоор илүү, дутууг хийдэггүй учир хааж, боох асуудалгүй. Би өөр юм хийх шаардлага ч үгүй, надаас ч элдвийг нэхэхгүй, тийм л харилцаатай байсан. Харин Монголдоо байсан бол гэрээний үүргээс давуулж, ажлаа илүү үр бүтээлтэй, чанартай болгохын тулд юу хийх ёстой вэ гэдгийг тунгааж, бусдын санал зөвлөгөөг сонсоно. Сэтгэлээ илүү их зориулах боломжтой гэсэн үг.
-Өвөрмонголын Залуучуудын морин хуурын чуулгад ажиллаж байхдаа тэд биднээс илүү болчих вий гэж айж, болгоомжилж байв уу?
-Үүнээс айх шаардлагагүй. Тэд биднээс илүү, эсвэл дутуу болно гэж хэзээ ч байхгүй. Өвөрмонголын морин хуурын урлагт биднийхээс давуу нь бий. Монголын морин хуурын урлагт ч тэднээс илүүрхэх юм бий. Өвөрмонгол морин хуурчдын баруун гарын буюу нумын техник ардын урлагтаа арай ойрхон, сонгодог хөгжмөөс хол хөгжсөн гэх үү дээ. Манайхан болохоор ардын уламжлалаа хоёрдугаарт тавьж, сонгодог тал руу нь илүү ойртуулаад байх шиг санагддаг. Би үүнд тийм ч таатай ханддаггүй. Бид ардын урлагтаа сонгодог урлагаас шингээж болох ч үндэс сууриа болгож болохгүй.
-Дэлхий гэдэг нэг л улс байдаг гэж сүүлийн үед даяарчлалын тухай ярих болж. Та үүнтэй санал нийлэх үү, эсвэл монгол хүн гэдгээ хадгалж үлдэхийг хүсдэг үү?
-Даяарчлалыг хүлээж авахгүйгээр энэ дэлхийд амьдрах боломжгүй. Үүнтэй нэгдэхгүй бол БНАСАУ шиг зожигрох болно. Гэхдээ даяарчлагдлаа гээд өөрсдийнхөө үнэт зүйлийг сайн хадгалахгүй бол хэн ч биш, хэнд ч хэрэггүй, бусад улсын хэрэглэгдэхүүн болж хувирна.
-Юм үзэж, нүд тайлсан хүний хувьд Монголын урлагийн талаар нэлээд эргэцүүлсэн байх. Та юу, юуг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Сонгодог хөгжимчдийн хандлагыг өөрчлөхийг хүсэж байна. Уран бүтээлчид зохиолыг хөгжимлөг байдлаар илэрхийлэх нь дутмаг болж, бусдаас илүүгээ батлах уралдааны хэрэгсэл болгосон нь гутамшигтай. Гоё сайхан харагдах үзэмж талаасаа сайн ч тоглолтын чанар, утга агуулга, сонсогдож байгаа зүйлд жинхэнэ өөрчлөлт гарахгүй байна. Өөрийгөө бусдаас илүү гэдгийг харуулахыг зорилгүй, зөвхөн хөгжмөөр дамжуулж бие биедээ сайхан энерги өгч байх хэрэгтэй. Сонгодог тоглолтын үзэгчид ч гэсэн буруу хандлагатай. Тоглолтын өө сэвийг харахыг хичээж, таашаал авах зорилгоо хоёрдугаарт тавьдаг. Хөгжимчид бие биенээ яаж тоглодгийг сонсдоггүй. Бусдад атаархаж, жөтөөрхдөг муухай тал Монголын хамгийн гутамшигтай зүйл болоод байна. Үүнийг хүмүүс авлига, эдийн засгийн байдал, ядуу тарчигтай холбон тайлбарладаг. Миний бодлоор бол үндсээрээ л буруу. Тухайлбал, манай улсын хууль ард түмнийг хооронд нь тэмцэлдүүлж, хагаралдуулах агуулгатай.
Ард түмэн Засгийн газраа муулж муулж, шинэ хүмүүсийг төрийн толгойд тавьсан ч бас л гоочилдог. Энэ байдлаараа хэн ч ямар ч сайн юм хийгээд өөрчлөлт гарахгүй. Миний бодлоор энэ хорвоогийн хүмүүсийг амжилтад хүрдэг, азгүй гэж хоёр төрөлд хувааж болмоор. Амжилтад хүрсэн хүмүүс бусдыгаа “эзэмшиж”, тэднээр дамжуулж хүслээ биелүүлж амьдардаг. Азгүйчүүд тэр амьдралаа өөрсдөө сонгосон хэрнээ түүнийгээ мэддэггүй. Хувь хүний ухамсар, зөв чанараа сайн хөгжүүлээгүйгээс болж азгүйчүүдийн тоонд ордог. Боловсролгүй, юм мэддэггүй ч зөв хандлагатай л бол бүхнийг олж авсантай адил. Хэчнээн сайн сургууль төгссөн, чадварлаг байлаа ч хандлага нь буруу л бол бурхнаас өгсөн авьяас түүнд ямар ч хэрэггүй. Бидний мэддэг олон алдартан гудамжинд гарсан байдаг шүү дээ. Төр засаг, соёл урлаг, боловсролын байгууллага энэ асуудалд анхаарахгүй бол бид муу араншингаасаа болж гуйлгачин болоод байна. Халаасандаа мөнгөгүй нь биш, өөрсдийгөө арчаагүй болгож байгаа хүмүүс л гуйлгачин.
-Дээхнэ үед урлагийнхныг ард түмэн шүтэж, хүндэлдэг байсан. Одоо тэгэхээ больсны учир юу вэ?
-Америкийн нэгэн алдартай хийлчийн тоглолтын тасалбар дороо зарагддаг, хамгийн хямд нь 150 ам.доллар. Тэрбээр 500 ам.доллараар тоглодог зохиолоо метроны буудал дээр эгшиглүүлэхэд нэг ч хүн мөнгө өгөөгүй гэнэ. Хүмүүс уран бүтээлчдийг нэр алдраас нь хамаарч үнэлдэг болчихож. Монголд бол атаархал, жөтөөрхөл ихтэй учир бусдын нэрд гарах боломжийг хаагаад байдаг. Алдаа гаргадаггүй төгс хүн гэж байхгүй. Гэтэл тухайн уран бүтээлчийн алдааг нь хийсэн бүтээснээс нь илүү сурталчилдаг.
-Хөгжмийн тоглолт хийх зориулалтын танхимгүй, хангамж, боломж нь тааруу л болохоос биш уг нь манайхан мундаг гэдэг. Ер нь манай сонгодог урлагийн түвшин ямар байна вэ?
-Монголд авьяаслаг уран бүтээлч олон бna. Сүүлийн үед ямар сайн дуурийн дуучид төрөө вэ. Залуу чадварлаг хөгжимчин ч гэсэн олон болж, дэлхийгээр тарж тоглож байна. Бид боломж гэдгийг өөрсдөө бий болгох ёстой болохоос биш гуйгаад авдаг зүйл биш. Өөрийгөө илэрхийлж, хүссэн зүйлээ хийхэд боломж тааруу байх нь саад болж чадахгүй. Ядуу хүнд баяжих боломж илүү их байдаг гэдэг дээ. Хүнд хэцүү амьдралтай учир баян болох хүсэл тэр чинээгээрээ их байгаа. Харин угаасаа л хангалуун тансаг амьдралтай бол баян болох хүсэл, мөрөөдөл ч гэж байхгүй. Манайхныг өөрсдийн гэсэн байргүй гэлээ. Тийм ээ, бидэнд байхгүй. Гэхдээ үүнийг бий болгож болно. Дэлхийн төвд ийм том газар нутаг эзэмшдэг бүхэл бүтэн улс хөгжим тоглох зориулалтын танхимгүй байна гэдэг бол бидний арчаагүйгийнх. Олон хүн санаа нэгдээд хийе гэх сэтгэлтэй бол шороогоор ч гэсэн яаж ийгээд босгоно.
-Би саяхан гүн ухааны сэдэвтэй нэгэн кино үзсэн юм. Уг кинонд дэлхий сүйрэхболж, цөөн хэдэн хүнийг тусгай байгууламжид амьд үлдээх болдог. Байгаль, ертөнц дахин сэргэхэд эмч, тариаланч, инженер хамгийн их хэрэгцээтэй учир ийм мэргэжлийн хүмүүст боломж олддог. Хэрвээ та байсан бол мэргэжлийнхээ чухлыг хэрхэн тайлбарлах байсан бэ?
-П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын анхдугаар уралдаанд Америкийн төгөлдөр хуурч Ван Клиберн түрүүлж байсан. Америкт түүний нэрэмжит төгөлдөр хуур сонирхогчдын болон мэргэжлийнхний уралдаан зохион байгуулдаг юм. Би саяхан сонирхогчдын төрлийн уралдааных нь бичлэгийг үзээд сэтгэл их хөдөллөө. Тэр уралдаанд тэргүүлсэн хөгжимчид гурвуулаа эдгэшгүй өвчтэй байсан. Амьдрах хугацаа бага үлдсэн хүмүүст мөнгө биш, сэтгэлээ мэдрэх нь чухал. Хөгжмөөр дамжуулж сэтгэл мэдрэмжээ илэрхийлэхийн чухлыг тэд ойлгосон аж. Сэтгэл доторхоо илэрхийлж чадахгүй бол үхсэнтэй адил. Хүн гэдэг бусдыг ойлгож өөрийгөө ойлгуулахын төлөө л амьдардаг.
-Таныг бүхлээр нь илэрхийлж чадах хөгжмийн зохиол байдаг уу?
-Хүн байнга өөрчлөгдөж байдгаараа амьтнаас давуу талтай. Амьдрал бол өөрчлөлт. Нэг л хөгжим хүнийг илэрхийлнэ гэж үгүй. Өнөөдөр энэ хөгжим намайг илэрхийлж чадаж байхад маргааш өөр бүтээл сэтгэл татна. Тиймээс л хүн төрөлхтөн хөгжимд дуртай байдаг юм.
-Биелүүлэх боломжтой мөрөөдөл болон бүтэхгүйг нь мэддэг ч хүсдэг зүйлээ хэлнэ үү?
-Нөхөдтэйгөө хамтран “Система”-г Монголдоо их онцгойгоор амжилттай хөтөлбөр болгож хөгжүүлж чадна гэж бодож байна. Биелэхгүйг нь мэддэг ч Берлиний оркестртой хамтарч тоглолт хийж үзвэл сайхан даа гэж боддог. Гэхдээ миний зорьж байгаа, шийдэх ёстой асуудал мөрөөдлөөс илүү чухал учир хоёрдугаарт тавьсан.
Б.ДӨЛГӨӨН