БНХАУ дахь Монгол улсын соёлын долоо хоног ажиллагааны хүрээнд Монгол улсын Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид "Тэнгэрийн эгшиг" тоглолтоо энэ сарын 8, 9-нд Бээжин хотын үзэгчдэд толилууллаа.
Бээжингийн Зууны Театрт болсон тус тоглолтод МУ-ын гавьяат жүжигчин, дуучин С.Эрдэнэцэцэг, Н.Амгалан тэргүүтэй ҮДБЭЧ-ын 50 гаруй уран бүтээлч оролцож, монголын болон дэлхийн соёл урлагийн гайхамшгийг үзүүлэв.
Хоёр өдөр үргэлжилсэн тус тоглолтод "Үлэмжийн чанар"-аар үлэмж талархал хүртсэн дуучин С.Эрдэнэцэцэг "Монголын үндэсний урлаг бол өвөг дээдсээс уламжлагдан ирсэн агуу их өв соёл юм. Үндэсний урлагийг маань Хятадын ард түмэн гайхамшигтай сайхан хүлээж авч байгаад баяртай байна" гэж ХОУР-гийн сурвалжлагчид бахархан ярисан байна.
Монгол бүжгийн цоглог хэмнэл, эрэмгий хөдөлгөөн үзэгч түмнийг ёстой нэг алмайруулсаныг тус хэвлэл онцолжээ. ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Хятад улсад олон удаа тоглолт хийж байсны дотор 2005 оны "Нүүдэлчдийн аялгуу" тоглолт үндэсний цөөхүүл хөгжмийн тоглолтыг түлхүү үзүүлж байжээ. Харин энэ удаа "Тэнгэрийн эгшиг" тоглолт бүжгийн урлагийн номеруудыг голчилж байгаагаараа онцлог гэж тус чуулгын уран бүтээлийн хэлтсийн дарга Хятадын Олон Улсын радиод өгсөн ярилцлагандаа дурьдсан байна.
Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жил, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 20 жилд зориулан нээгдсэн Монгол улсын соёлын долоо хоног арга хэмжээ 10-нд Бээжингээс Шаньдун мужийг зорино. ҮДБЭЧ-ын уран бүтээлчид "Тэнгэрийн эгшиг" тоглолтоо Жинань хотын үзэгчдэд өргөн барихаар өнөөдөр хөлгийн жолоо мушгиж байгаа юм байна.
М.Болорцэцэг
Эх сурвалж mongol.crn.cn