“Улаан сарнай” хамтлагаас санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж буй хосын зохиомжит бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Монголын бүжгийн спортын холбоо (МБСХ)-ны бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ спорт бүжгээр дамжуулан өөрийгөө илэрхийлэх чадвараа хэрхэн хөгжүүлж болохыг олон нийтэд сурталчлан түгээх зорилготой тус тэмцээн стандарт, латин америк гэсэн хоёр төрлөөр зохиогдох аж. Тэмцээн хоёр үе шаттайгаар явагдаж, төрөл тус бүрээр байр эзлүүлэн шалгарсан оролцогчдод 2015 оны дэлхийн аварга шалгаруулах Зохиомжит бүжгийн тэмцээнд оролцох эрх олгоно.
Зохиомжит бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орохдоо латин америк, стандарт төрлүүдээс дурын гурван бүжгийг сонгон зохиомжлох бөгөөд эдгээр нь хамтдаа нэг утга санааг илэрхийлэх ёстой гэнэ. Тэмцээний сүүлийн шат буюу финалын шалгаруулалт энэ сарын 20-нд болно.