ОХУ-ын сансрын нисэгч Максим Сураев өнгөрсөн тавдугаар сард Олон улсын сансрын станц (ОУСС)-д хүрч, хагас жил орчим ажиллаад арваннэгдүгээр сарын сүүлчээр дэлхийдээ буцаж ирсэн юм. Түүнийг дэлхийд ирэхийн өмнөхөн “GEO” сэтгүүлийн Орос дахь редакц шууд ярилцлага зохион байгуулснаа энэ сарын дугаартаа оруулжээ. Уг ярилцлагад мөн уншигчдын төлөөллийг оролцуулсан бөгөөд сансар, дэлхийн хооронд холбоо барин хийсэн ярилцлагыг товчлон хүргэе. Дашрамд өгүүлэхэд, М.Сураев хоёр удаа сансарт нисэж, нийт 334 хоног тэнд ажилласан бөгөөд олон улсын сансрын станцад буудай тарьсан анхны хүн юм.
-Сансарт үүрэг гүйцэтгэж буй нисэгчдийн ажлын цаг хэд байдаг вэ?
-Горим ёсоор бол ОУСС-д байгаа хүмүүс бүтэн өдрийн турш ажилладаг. Тэгэхээр яг тогтоосон цагт баригдахгүй ажилладаг гэсэн үг. Харин бямба, ням гаригт амарч, станцаа цэвэрлэх ёстой.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Цаг зав гарвал дэлхийнхээ зургийг олон талаас нь, янз бүрийн өнцгөөс авдаг. Тэгээд зургуудаа ялгаж, буулгаж, ангилна гээд ажил мундахгүй. Ер нь чөлөөт цаг гарна гэдэг бидний хувьд тун ховор тохиолдол.
-ОУСС-д зурагт байдаг уу?
-Дэлхийн мэдээ, мэдээлэлтэй танилцах сайхан боломжийг интернэт олгодог нь сайн хэрэг шүү. Харин Америкийн хэсэгт өөрийнх нь улсын телевизийг шууд хүлээн авдаг юм. Гэхдээ хиймэл дагуултай үед л үзэх боломжтой. Бид бичлэгээр кино, нэвтрүүлэг үздэг. Сэтгэл зүйд дэмтэй гэж Нислэгийн удирдлагын төвтэй хамтарсан нэвтрүүлгүүд голдуу үздэг. Хамгийн чухал нь бид энд зурагт үзэх гэж ирээгүй шүү дээ.
-Жингүйдэл ямар байдаг вэ?
-Үгээр дүрслэхийн аргагүй юм. Лав л давтагдах аргагүй мэдрэмж төрдөг. Миний хувьд, нэг л сайхан, тав тухтай санагддаг. Эхлээд хачирхалтай байдаг ч дасаад ирэхээр тун догь, тухтай байдаг. Гэхдээ удаан хугацаанд жингүйдэлд орвол булчингууд хэт суларч, сөрөг нөлөөтэй учраас станцад байгаа хүн бүр фитнес өрөөнд дасгал хийх ёстой. Тэнд гүйлтийн зам, хүчний дасгалууд хийх төхөөрөмж бий. Хэрэв ингэж идэвхтэй хөдөлгөөн хийхгүй бол дэлхийд очоод татах хүчний нөлөөгөөр хэцүүднэ л дээ.
-Жингүйдэлд дасах хугацаа хэр удаан үргэлжилдэг бол?
-Хүн хүнээс л шалтгаална. Нэг сарын турш жингүйдлийн орчинд дасах гэж жаахан ядарсан хүн ч бий.
-Хэрэв сансар руу хүссэн зүйлээ авч яв гэвэл таны сонголт юу байх бол?
-Ер нь сансрын нисэгчийн тээшний хязгаар нэг кг. Хэрэв таны хэлдгээр хүссэнээ ав гэвэл татах хүчнээс жаахан хэсгийг л аваад явна даа. Гэхдээ энэ бол хийсвэр хариулт. Тэгээд унтахдаа нөгөөхөө халааснаасаа гаргаж ирээд яг дэлхийдээ байгаа мэт амар тайван унтана. Ийм зүйл зөгнөлт кинонд л гардаг байх.
-Сансарт цаг хугацааны хэмжигдэхүүн дэлхийгээс өөр гэдэг үнэн үү?
-Энд цаг хугацаа яг л дэлхий дээрхтэй адил байдаг. Харин энд гурваас дээш сар байхаар цаг үнэхээр явахгүй байгаа мэт санагдах нь бий. Энэ нь ядарч, гэрээ санасантай холбоотой л доо.
-Сансарт найтаадаг уу?
-Хэрэв хүчтэй найтаалгах юм бол жингүйдэж яваа хүн чинь энэ тэнд “үсэрч” очоод“ юм мөргөх аюултай. Ер нь “тийрэлтэт” хөдөлгөөн шахуу юм уу даа.
-Задгай сансарт гарахыг та юутай зүйрлэх вэ. Ер нь тэр үед ямар байдаг бол?
-Задгай сансарт гарахыг шүхрээр үсрэхтэй зүйрлэж болмоор. Тэнд ямар байдгийг товчхон тодорхойлбол хүйтэн, харанхуй, бас аймаар гэсэн гурван үгээр илэрхийлнэ. Сансарт ажиллах үеийн хамгийн хүнд даалгавар бол задгай сансарт гарах. Тиймээс өмнө нь сэтгэл зүйн бэлтгэлийг маш их хийдэг. Мэдээж, тийм үүрэг даалгавар авсан хүн бүр айдсын мэдрэмжээ дарахын тулд өөрийгөө тайвшруулах ёстой. Зарим нь тэгж чадахгүйдээ ичих зэргээр илүү хэцүү байдалд ордог. Ер нь айдас гэдэг мэдрэмж хүнийг түгжиж орхидог. Тэр үед дэлхийгээс сэтгэл санааны дэмжлэг чухал. Ер нь сансарт байна гэдэг нь тэр чигтээ эрсдэл шүү дээ.
-Сансарт хогоо яаж хаядаг вэ?
-Дэлхийгээс хүчилтөрөгч, хоол хүнс, хувцас, төхөөрөмж гэх мэт хэрэгцээт зүйлсийг ОУСС-д хүргэж өгдөг Оросын “Прогресс”, АНУ-ын “Драгон”, “Сигнус”, Японы HTV, Европын ATV зэрэг ачааны хөлгүүд станцтай холбогдоно. Бид ачаагаа буулгаад, хуримтлагдсан хог хаягдлаа эргүүлж нөгөө хөлөгт ачаад, станцаас салгана. Тэгээд тэр хөлөг агаар мандлын нягт давхаргад шатаж үгүй болно.
-Сансрын аяллын талаарх таны бодол?
-Мэдээж сансарт аялах хүмүүс нэлээд мөнгөтэй байх. Тэгэхээр тэд бид юу хийж, ямар ачаа үүрдгийг биеэр мэдрэхээс гадна эх дэлхийгээ хайрлаж, ус, хүнсээ хэмнэх ухааныг мэдрээд буцах нь гарцаагүй. ОУСС-д усыг дэлхий дээр байгаа шиг гоожуулаад байхгүй шүү дээ. Энд нэг зүйлийг онцлоход би анх ОУСС-д ирэхдээ хөлөгтөө нэг сонирхолтой хүнтэй хамт байсан. Тэр бол алдарт Нарны циркийг үндэслэгч Ги Лалиберте. Ер нь сансрын нисэгчид хөлөгтөө хамт байгаа хүмүүсийг жуулчин гэж ярих дургүй л дээ.
-Дэлхийдээ ирчихээд дахин сансарт нисэхийг хүсэх болов уу?
-Эх дэлхийдээ дөнгөж буучихаад буцаад нисэхийг хүсэх үү гэж асуувал “Үгүй” гэж хариулна. Сансрын нисэгчдийн олонх нь гэртээ ирсний дараа “Их ядарчээ. Миний сүүлчийн нислэг байх. Дахиж нисэх тэнхэл алга” гэхчлэн “гомдоллодог” ч хүн төрөлхтний сайн сайхны төлөө нисэхээс татгалзахгүй.
-Гариг хоорондын нислэгт оролцохыг хүсдэг үү?
-“Mars One” төслөөс, ер нь бол тийм сонголтоос татгалзана. Тэр бол буцах тасалбаргүй нислэг шүү дээ. Би гэдэг хүн амьдралд нь утга учиртай байдаг гэр бүл, эцэг эх ойр дотнынхон, найз нөхөд гээд хүмүүстээ “өртэй”. Тиймээс тэднийгээ харж, хамгаалж, хайрлаж, тус дэм болох учиртай. Харин богино хугацаагаар, эргэж ирэх нислэгээс бол татгалзахгүй. Магадгүй 15 жилийн өмнө ийм санал тавьсан бол дуртай зөвшөөрөх байсан ч юм бил үү.
Э.ХАНА