“Шүүхээр шийтгэлгүй орхисон хэдэн мянган муу үйлийг цээрлүүлж, хуулиар хэлэлцээгүй олон мянган сайн явдлыг сурталчлан, худал хуурмагийн үнэн дүрийг оромжноос нь гаргаж өдрийн гэрэлд харуулдгаараа театр ариун газар гэгддэг. Монголд орчин цагийн театрын урлаг үүсэж хөгжөөд 80 гаруй жилийн нүүр үзэж буй. Энэ эрхэм газрыг цогцлооход амьдралаа зориулж, нэгэн хэсэг нь болж явсан уран бүтээлчдийн мэндэлсний 70-110 жилийн ойг өчигдөр УДЭТ-ынхан тэмдэглэлээ. 2005 оноос хойш 70 гаруй алдартны мэндэлсний тэгш ойг тэмдэглэсэн “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээ энэ удаа Төр нийгэм, соёл урлагийн нэрт зүтгэлтэн М.Ядамсүрэнгийн 110, ардын жүжигчин Д.Дамдинсүрэн, тус театрын утга зохиолын эрхлэгч асан Д.Дэндэв нарын 100, Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа, гавьяат жүжигчин Н.Дугарсанжаа, соёлын тэргүүний ажилтан И.Батжаргал, З.Долгорсүрэнгийн 90, ардын жүжигчин Д.Мэндбаяр, соёлын тэргүүний ажилтан Д.Баатархүү, Д.Цээнямбуу, Ё.Батсүх, Буриадын соёлын гавьяат зүтгэлтэн Б.Зоригийн 70 насыг хүндэтгэв.
Энэ хүрээнд Театрын музейд уран бүтээлчдийн амьдрал, уран бүтээлийг өгүүлсэн гэрэл зураг, хөргөөр үзэсгэлэн дэлгэж, бүтээсэн үйлсийг дурсан, арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээхээр “Ахмад үеийнхний арга, туршлага” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, “Алтан тайзны эзэд” хөрөг нэвтрүүлэг, “Буруугүй буруутан” жүжиг толилууллаа. Тэдний ойг хүндэтгэн ар гэрийнхнээс нь гадна ардын уран зохиолч Ш.Дулмаа болон ардын жүжигчин Г.Мягмарнаран, П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Лха.Долгор, Б.Тунгалаг тэргүүтэй театрын үе үеийн төлөөлөл иржээ.
Д.Мэндбаяр “Алтан үеийнхнээс одоо хуруу дарам цөөхөн үлдсэнд дотроо харамсаж явдаг ч тэдний хийсэн бүхэн нь хойч үедээ түүх болж үлддэг. Нас гэдэг амьдралаа эргэн харж, юу хийв гэдгээ эргэцүүлэх ухаарал өгдөг юм байна” гэв. Ардын жүжигчин Д.Дамдинсүрэнгийн охин, зохиолч Туяа аавынхаа 100 жилийн ойд зориулж амьдрал, уран бүтээлийг нь өгүүлэх ном гаргаснаа энэ үеэр нээлээ. “Аавтай минь хамтран тоглодог байсан, энд ирсэн уран бүтээлчдээс хамгийн ахмад нь Лха.Долгор гуай байна. Танаас аавын минь үнэр үнэртэх шиг болж байна” хэмээн тэрбээр нулимс унаган номынхоо дээжээс түүнд гардуулсан. Лха.Долгор гуай Мэндбаяр руу заан “Энэ хүүхэд 70 нас хүрчихсэн гэнэ. Үгүй мөн хачин аа, үнэмшмээргүй юм. Тэр үеийн анд нөхдөө ямар сайхан хүмүүс байсныг өдий хүртэл бодон бодон, санан дурсдаг хүний нэг нь би юм аа. Ертөнц хуурамч гэдгийг мэдрүүлж тэд одоо үгүй болсон ч тэнгэрээс хараад баярлаж байгаа биз ээ” гэв.
Б.ДӨЛ