Нэгэн жүжигчний утас руу залгаж, шинэ жилийн үйл ажиллагааг хэдэн төгрөгөөр хөтлөхийг нь асуулаа. 1.5 сая төгрөг гэнэ. Арай хямдруулах арга бий юү гэтэл “Тэгэхээр бодсон хэмжээнд хүрэхээ больчихно шүү дээ” гэж хариулав. Учрыг лавлавал тэрбээр шинэ жилээр “халтуур” хийж байрны зээлийнхээ нэлээд хэсгийг төлөхөөр төлөвлөсөн гэнэ. Хүний амьдрал болохоор юу ч хэлэх билээ. Санал болгосон үнийг нь төлж чадах хүн л түүнийг урьж, баяраа “өнгө оруулна” шүү дээ. Энэ бол бас ч гэж нааштай ханш. Мэргэжлийн хөтлөгч нарын үнэ хоёр сая төгрөгөөс буух нь үгүй.
Шинэ жилийн баярын үеэр поп дуучид, хамтлагийн үнэ жинхэнэ “нисдэг”. Тухайлбал, өнгөрсөн жил гавьяат жүжигчин Б.Сарантуяа таван сая, хоёр жилийн өмнө Т.Ариунаа дөрвөн сая төгрөгөөр дуулж байсан. Өнгөрсөн жил дуучин С.Наран хоёр сая төгрөгөөр хоёр дуу дуулж байсан нь өнөө жил ч өөрчлөгдөөгүй бололтой. Түүнчлэн “Свийтимоушн”, “Люмино” хамтлаг гурван сая, “Киви” 2.5 сая, “Войс” 2.5 сая, “Анемоне” 1.4 сая төгрөгөөр дуулж буй аж. “Микс”, “Аiм4r” хамтлаг 800 мянган төгрөгөөр гурван дуу дуулах боломжтой гэнэ. “Universe best songs” наадмаа “төрсөн” залуу дуучдын ханш харьцангуй тогтвортой, боломжийн байгаа. Тухайлбал П.Баярцэнгэл, С.Хишигжаргал, А.Хишигдалай нар 800 мянган төгрөгөөр 2-3 дуу, Т.Цогсогмаа 500 мянга байна. Өвлийн өвгөний үнэ ханш 30-800 мянга төгрөг хүрч буй. Цэцэрлэгийн хүүхдүүдийн шинэ жилийн баярт уригдсан өвөө нар “хамгийн хямд” байгаа бол Хасар Жагаа, З.Жарантав нар хамгийн үнэтэй өвөө болжээ. Өвөөг дагаж баярт зочлох цасан охидын ханш 50.000 төгрөг байгаа аж.
Циркийн жүжигчид болон мэргэжлийн бүжигчид, дуурийн дуучид, хөгжимчид арай хямд үнээр тоглож байгаа юм билээ. Мэдээж гавьяат жүжигчин цолтой, олон улсын уралдаанаас шагнал хүртсэн дуучид өндөр үнэтэй байх нь ойлгомжтой. Тухайлбал, Г.Ариунбаатар, Ө.Уянга нар хамтдаа хоёр сая төгрөгөөр дуулж байгаа гэсэн. Тэд шинэ жилийн баярт зориулсан вальс дуулж, бүжигчдийн хамт баярт зочлохоор болжээ.
Багцын сонголттой шинэ жил зохион байгуулах багийнхан энэ жилээс тун идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. “Кабаре шоу”-г санагдуулам найруулгатай циркийн жүжигчид, бүжигчид, дуучдыг нэгтгэсэн хөтөлбөр бүхэлдээ 8-10 сая төгрөг байгаа бол “1001 шөнийн үлгэр” хэмээх циркчилсэн тоглолтыг найман сая төгрөгөөр тоглох аж.
“Халтуур” хийх цаг нэгэнт эхэлжээ. Шинэ он солигдох мөч ойртох тусам дуучид, жүжигчид, өвлийн өвгөдийн эрэлт нэмэгдэж, үнэ ханш буухгүй талдаа болдог. Үүнээс амжиж баярлаж байгаа хүмүүс бол “хямдруулчих” боломжтой л юм билээ.