Монголын орчин цагийн шилдэг хөгжмийн зохиолчдын нэг Х.Алтангэрэл сүүлийн үед тайзны том хэлбэрийн хөгжмийн бүтээл шаргуу хийх болжээ. Хэдхэн хоногийн өмнө түүний зохиосон “Төгсгөлгүй” танго балет үзэгчдийн хүртээл болсон бол өдгөө тэрбээр “Ганц цагаан шувуу” моно дуурь бичиж байгаа аж. Сюрреалист төрлийн ганц хүний дуурийг урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы захиалгаар бүтээж буй.
Уран бүтээлчид өөрсдөө санхүүжилтээ олж, дууриа тоглуулах учраас энэ дуурь хэзээ үзэгчдийн хүртээл болохыг тодорхой хэлэх боломжгүй ч дараагийн улиралд ДБЭТ-ын тайзнаа тоглоно гэсэн бодолтой байгаа юм билээ. Энэ дуурийн гол дүрд гавьяат жүжигчин Э.Амартүвшин дуулах гэнэ. Дуурь, балетийн гоцлоочдыг дублёртой сонгодог учраас Э.Амартүвшинтэй өөр нэгэн дуучин ээлжилж дуулах магадлалтай аж. Одоогоор энэ дуучнаа сонгож амжаагүй байгаа.
Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл хамгийн сүүлд ОХУ-ын Калуга хотноо болсон “XXI зууны хөгжмийн зохиолч” олон улсын хөгжмийн зохиолчдын уралдаанд Морин хуур симфони найрал хөгжимд зориулсан бүтээлээрээ тусгай байрын шагнал хүртсэн юм. Түүнчлэн өмнө нь хоёр ч олон улсын уралдаанд төгөлдөр хуур найрал хөгжимд зориулсан бүтээлээрээ оролцож шагнал авсан билээ.