“Бостон балет”-ийн гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин, “Балетийн хөгжил” сан үүсгэн байгуулагч Д.Алтанхуяг “Цөмөөхэй”-г тавихаа өнгөрсөн оны долдугаар сард амласан. Тэрбээр хэлсэндээ хүрч, 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр уг балетийг тоглохоор болжээ. Энэ сарын 24-нд нээлтээ хийх тоглолтын талаар түүнтэй ярилцлаа.
-ДБЭТ-ынхан жил бүрийн шинэ оны босгон дээр “Щелкунчик” тоглодог. “Балетийн хөгжил” сангийнхны тавих “Цөмөөхэй” юугаараа өөр бол?
- Шинэ жилд зориулсан цорын ганц балет бол “Цөмөөхэй”. Цас будраад л, Зул сар, шинэ жил тохиож байгаа үйл явдал дүрслэгддэг учир хүмүүсийн хамгийн их үзэх дуртай балет. Үзэгчдийн тоогоороо “Хунт нуур”-аас давсан юм билээ. “Бостон балет”-ийн тавьсан “Цөмөөхэй” 2009 онд Америкт шилдэг тоглолтоор шалгарч байсан. Уг балетийн зураач, загвар зохион бүтээгчийн зөвшөөрлөөр тайз, хувцас хэрэгслийг нь Монголд авчрах болсон. Манай захирал Микко Ниссинений дэглэснээр тавина.
-Гол дүрд хэн тоглох вэ?
- Олон орноос балетчин авчрахаар төлөвлөж байсан ч, эхний ээлжинд Японоос 12 бүжигчин урьсан. ДБЭТ-ын балетчид, симфони найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос гадна ХБК-ийн балетийн ангийнхан, СУИС-ийнхан, бүжгийн сургууль, дугуйлангийнхан гээд авьяастай, сонирхсон олон хүүхдийг хамруулах болсон. Шалгаруулалтад 250 гаруй хүүхэд оролцсоноос 180-ыг нь сонгож, гурван бүлэгт хуваасан. Тэднээс 13 хүүхдийг тусгайлан бэлдээд Кларагийн дүрд таван охин сонголоо. Уг нь гурвыг нь Кларад бүжиглүүлэх төлөвлөгөөтэй байгаа ч тавуулаа сайн байгаа.
-Найруулга, дэглэлт нь хэр өөр байх бол?
-Хэчнээн мэргэжлийн ангийнх байсан ч бага насны хүүхдүүд богино хугацаанд хэцүү хөдөлгөөн сурч амжихгүй. Тиймээс хүүхдүүдийнхийг арай хялбараар дэглэсэн. Энэ балетийг анх тавьснаас хойш энд, тэнд сайжруулж тоглосоор өдийг хүртэл хөгжлөө. Тэгэхээр найруулга, дэс дараалал бага зэрэг өөр, нэмж хасах зүйл байгаа ч сонгодог дэгийг нь алдагдуулахгүй. Ямартай ч ДБЭТ-ынхны тавьснаас өөр байна.
-Японоос урьсан бүжигчдээ танилцуулахгүй юү?
-Тэднээс гадна Японы эзэн хааны театрт байгаад одоо “Комаки” балетад багшилж, бүжиглэдэг Б.Батболд болон О.Лхагвасүрэн нар оролцоно. Б.Батболд Токиод сонгон шалгаруулалт зохион байгуулахад 10 гаруй балетийн компанийн 60 гаруй бүжигчин оролцсон. Шалгарсан бүжигчдээ Батболд тэндээ бэлдэж байгаа. Тэд энэ сарын 15-нд Монголд ирээд манай уран бүтээлчидтэй хамтарсан бэлтгэл хийх юм.
-“Цөмөөхэй”-г долоон өдөр дараалан тоглох юм билээ. Үзэгчдийн суудал дүүрэх, эсэхэд санаа зовж байна уу?
-Тасалбар 20 мянган төгрөгөөс дээш үнэтэй ч бид байж болох хамгийн доод ханшаа тавьсан. Уг балетийг шинэчлэн тоглосноор маш их алдагдалд орно гэдгээ анхнаасаа л мэдэж байсан. Олон хүний дэмжлэгээр зохион байгуулж байгаа ч толгой өвтгөсөн, шийдээгүй асуудлууд бий. Гэхдээ зорилго маань энэ золиосоос илүү том. Цаашдаа бүжигчин болохгүй ч байж мэдэх олон хүүхэд хамруулснаар урлаг ойлгодог, ирээдүйн үзэгчид бэлдэж байна. 2014 онд “Цөмөөхэй” балетад бүжиглэж байлаа гээд тэд хожим сайхан дурсамжтай үлдэнэ байх. Энэ олон хүүхдээс хамгийн чадварлагуудыг нээлтийн тоглолтод оролцуулна. Япон балетчид манай ДБЭТ-ынхнаас илүү байвал нээлтийн тоглолтод оролцуулахаас өөр аргагүй. Үзэгчид зөвхөн сайн тоглолт л үзэхийг хүсдэг учир гадаад, дотоодоор нь ялгаварлахгүй. Энэ мэтээр тэдний дунд өрсөлдөөн бий болгосноор бүжигчид нөөц бололцоогоо бүрэн дайчилна байх.
-Та өнгөрсөн удаа ирээд явахдаа Монголд “Цөмөөхэй”-г тоглоно гэж амласан. Давраад асуухад, цаашдаа юу хийнэ гэж амлах вэ?
-Миний төлөвлөсөн ажлууд олон шалтгаанаас болж хойшлогдох нь элбэг. Тэгэхээр тухай тухайн үед нь өөрийн болон бусдын цаг, боломж, бололцоог харж байгаад зорилгоосоо хэрэгжүүлэх нь зүйтэй санагдсан. Балетийн театрын шалны стандартаас эхлээд л техник технологи, сонгодог бүжигчдийн хэрэглэдэг бүхнийг дэлхийн түвшинд нэвтрүүлэхийг хүсдэг. Шууд л нэг хүн богино хугацаанд шийддэг асуудал биш болохоор боломжоороо, бага багаар ч болтугай ахиулж байгаа нь энэ. Гадаадын уран бүтээлчидтэй хамтран ирэх зургадугаар сарын 26-нд Монголдоо тоглолт зохион байгуулахаар товлосон. “Цөмөөхэй” төслөө дуусгаад л тэр ажлаа хөөцөлдөнө дөө. Гадаадын бүжигчид авчирснаар манай уран бүтээлчдийн болон үзэгчдийн нүд нээгддэг гэж би боддог. Тухайлбал, намайг багад гадаадаас балетчид ирдэггүй байсан болохоор өөрийгөө ямар түвшинд явааг мэддэггүй байсан. Балетчид тоглолтын өмнөх өдөр биеэ хэрхэн бэлддэг, халаадаг, юу иддэг гэх мэт багш нарын заадаггүй энгийн хэрнээ нарийн зүйлсийг гадаадад уралдаанд оролцоод л мэдсэн.
-Та олон орноос балетчин авчирч байсан. Тэднээс ярилцлага авахад “Монголд сонгодог урлаг энэ хүртэл хөгжсөн гэж бодсонгүй” гээд л ижил, энгийн хариулт өгдөг. Тэд дараа нь тантай дотно яриа өрнүүлэхдээ Монголын талаар юу гэдэг бол?
-Мэдээж хэн ч гэсэн хүний нутагт очихоороо сайн талыг нь л дурдана шүү дээ. Энэ урлагт амьдралаа зориулсан бүжигчдийн ажилладаг орчин нөхцөл, хэрэглэдэг зүйлс, тогтолцоо зэргийн талаар тэднээс асуух юм олон байдаг. Надаас ч асуудаг. Бүжиг, хөгжмөөс гадна хувцас, тайз гээд бүх юм нь үзэгчдэд сайхан сэтгэгдэл төрүүлж байж сайн балет гэгддэг. Гэтэл том хэмжээний балет тоглоход манай тайз бололцоотой юу, балетчид хүйтний улиралд ямар нөхцөлд ажилладаг билээ гээд эргээд харахад сэтгэл эмзэглүүлмээр асуудал олон. Ёстой л хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг нь болдог. Энгийн нүдээр харахад балетчид их амархан л бүжиглээд байгаа мэт боловч тэр гайхалтай хөдөлгөөнүүдийг сайн хийхийн тулд өдөр бүр давтана. “Булчин минь ээ, үүнийг хоёулаа тайзан дээр яг ингэж хийнэ шүү” гээд биеэ дасгадаг. Тайзнаа жаахан л алдаа гаргахад тэр олон өдөр нойр хоолоо хасан байж бэлдсэн нь талаар болдгоороо спорттой ижил хэцүү. Манайд балетийн урлаг хөгжөөд хагас зууныг илээсэн, түүх арвинтай ч 2000-аад онд намайг төгсөхөд ДБЭТ ямар байсан, одоо хэвээрээ л байна. Дэлхийн бусад балетийн театрт чийрэгжүүлж, иллэг хийн эмчилдэг тусгай өрөө байдаг. Манайд бол ДБЭТ-т ганц сувилагч ажилладаг. Гэтэл бүжигчид хөлөө нэг эвгүй болгоод тэр дороо арга хэмжээ авахгүй яваад байвал карьерээ ч орхиж мэдэхээр эрсэлд орно.10 гаруй жил зүтгэж, хувиас болон улсаас их хөрөнгө гаргаж хөдөлмөрлөчихөөд зорилгодоо хүрч чадахгүй бол харамсаад баршгүй. Манай театр ганцхан заставтай. Нэг нь бэртлээ гэхэд түүнийг орлох хүнгүй бол тайзнаа гарахаас өөр аргагүй болдог.
-Тарчиг амьдралтай, эсвэл гэрээ цэвэрлээгүй байхад зочин ирвэл ичмээр байдаг. Гадаадын бүжигчид ирэхэд таны нүүрийг улайлгамаар явдал тохиолдож байсан биз?
-Тийм зүйл байхгүй биш байгаа. Гэхдээ байлаа гээд бид ч, тэд ч ойлгож байгаа болохоор заавал ярих шаардлагагүй байх. Харин алдаагаа засаж байвал сайн хэрэг. Хаа газар л адилхан шүү дээ. Надад ч гэсэн өндөр хөгжилтэй орнуудын нөхцөл, байдлаас таалагдаагүй нь бий.
-Таны бодлоор тайз, амьдрал хоёр юугаараа ижил вэ?
-Ингээд яриад сууж байхад ч гэсэн амьдрал үргэлжилж байна. Тайзан дээр ч гэсэн амьдралтай адил алдах уу, эсвэл онох уу гэсэн шалгуур явагддаг. Гэхдээ би хаана ч өөрийнхөөрөө л байдаг.
Эзэндээ очоогүй олон асуулт үлдсэн ч тэрбээр цаг хугацаатай уралдаж яваа учир ярилцлагаа ийн өндөрлөлөө. Арга ч үгүй дээ. Бусад мэргэжлийнхэн нас ахих тусам ажилдаа туршлагаждаг бол балетчид 40 хүрээд л тайзнаас буудаг. Д.Алтанхуяг энэ насанд хүрэхэд хэдийгээр олон жил дутуу ч түүнд том зорилго бий...
Б.ДӨЛ