Би цас орсон өглөө хамгийн эрт босох дуртай. Хэний ч гишгээгүй цагаахан цасан дээр хамгийн анх би л мөрөө гаргахгүй бол нэг л сэтгэл дүүрэн байхгүй юм шиг санагдаад байдаг юм.
Цас бид хоёр анх яаж танилцсаныг санадаггүй ээ. Тэр үед хүйтэн цагаахан цасан ширхэгийг хачирхан, атгаж аваад гараа хайруулан уйлж ч байсан юм болов уу?. Эсвэл нүдээ дараад цасны гялбах олон өнгөнөөс нуугдаж байсан ч байж магадгүй л дээ.
Харин цасны тухай анхны дурсамж бага ангид орсон үеэс эхэлнэ. Сургуулийн жижигхэн дөрвөлжин шар байшингийн ард талын налууг дагаад хүүхдүүд гулгаад л байна. Зарим нь цүнхээ тавиад, цаас, гялгар уут олж ирээд гулгана. Хичээл үд өнгөрч тарахад бүүдийсэн тэнгэрээс цас лавсаад л, хацар нь улайсан хүүхдүүд хашгиралдаад л. Завсарлагаанаар ангийн хэдэн сахилгагүй хөвгүүд цас атгаж орж ирээд хэдэн охидынхоо мууг нь үзэх гээд тэрүүгээр нэг орилолдоон болно. Харин хичээл тарахад хэд хэдээрээ нийлж байгаад хэний баг хамгийн гоё цасан хүн хийх вэ гэдэг бяцхан уралдаан зохионо. Түүндээ бүгд сэтгэл гаргаад л энд тэндээс ам хамар, гар хурууг нь олох гээд байдаг авьяас ухаанаа уралдууна. Цаснаас болж хэрэлдэнэ, муудалцана, талцана, эвлэрнэ, хөгжилдөнө, хамгийн ихээр догдолно.
“Өвлийн гутал өмсөхгүй, хүнд оргиод байдаг юм” гээд л аав ээжийгээ жил бүр зовооно. Харин цас орсон өдөр гутландаа хачин ихээр хайртай болчихдог сонин хүүхэд байлаа. Одоо бодоход гутал төвөгтэй гэдгийг нь мэдрэх зав байхгүй цастай тоголдог байсан болохоор л тэр биз ээ. Цасанд би дэндүү их хайртай болохоор дургүй зүйлээ хүртэл мартаж орхидог зан минь одоо ч хэвээрээ. Цас орохоор л сэтгэл сэргээд явчихна. Шөнө цас орж байвал хэдэн цаг болж байсан хамаагүй заавал гарч цасан дээр гишгэхгүй л бол санаа амрахгүй. Цав цагаан цасан дээр гишгэхээр амжилт дагах юм шиг санагддаг. Хаанаас хэзээ надад энэ мэдрэмж бий болсон юм бүү мэд.
Анхны хайр минь ч бас цастай ирсэн. Сургуулийн гадаа цасаар байлдан тоглож байхдаа би анхны хайрын захиагаа авсан юм. Нөгөө ангийн монхор хамартай хөвгүүн гүйж ирснээ “Өнөөдөр би чамтай нэг баг шүү гэж ирээд л гэнэт санаа тавиад явчихав. Би “Заа чи битгий худлаа ярь, намайг жаахан хүүхэд гэж бодоо юу, тэгж ч нүүрээ угаалгахгүй шүү” гэж хэлээд хоёр атгаараа дүүрэн цас нүүрлүү нь цацчихсан. Харин тэр цасны оронд цас шидээгүй. Монхор хамарт “Өө чи ямар өөдгүй юм бээ, би үнэнгээсэ хэлсэн юм” гээд нэг их гэм хийцэн юм шиг царай гаргаад “заза би явлаа, май энийг чамд өгөх гээд яахаа мэдэхгүй нэг баг болох гэсэн юм. Одоо харин бүтэлгүйтчлээ гээд халаасанд нэг зүйл хийчэхээд цаашаа хар хурдаараа гүйгээд явчихаж билээ. Харин тэр учир битүүлэг халаасан дахь зүйл бол миний анхны хайрын захиа, анхны хайрын минь эхлэл байсан юм.
Харин одоо цас орох тоолонд тэнгэрлүү хараад хамгийн гэнэн цайлган үеийн сайхан дурсамжуудаа бодон зогсох дуртай. Цаснаас хамгийн их аз жаргал авдаг хүн хорвоо дээр ганц би мэт.