Германы Бремен хотноо өнгөрсөн бямба гаригт болсон Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулан тэмцээнд Монголоос анх удаа хоёр хамтлаг амжилттай оролцлоо. Монголын бүжгийн спортын холбооны “Star”, “Moon dance” хамтлагууд арван орны шилдэг 18 багтай авьяас чадвараа сорин өрсөлдөж, хагас шигшээд үлдэн улмаар найм, есдүгээр байрт шалгарсан байна. Хэдийгээр шилдэг зургаан багын тоонд багтаагүй ч гэлээ бүжгийн спорт өндөр хөгжсөн Европын шилдэг хамтлагуудтай халз өрсөлдөн дэлхийн аваргын тэмцээнд ийм амжилт үзүүлснээр тэд улсынхаа өмнөх рекордыг эвдэж чадсан аж.
Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Star” хамтлаг дөрөв дэх удаагаа оролцож, хагас финальд шалгарч байгаа бол “Moon dance”-ийн анхны их сунгаа энэ байлаа. Дашрамд сонирхуулахад, “Star” хамтлагийнхан өчигдөр дэлхийн гурван удаагийн аварга Германы “Grun-gold glub” багтай хамтарсан бэлтгэл хийсэн бол өнөөдөр “Moon dance”-ийнхэн алдарт дасгалжуулагч, багш Роберто Албанесаас зөвлөгөө авах гэнэ. Тэд Монголоос очихын өмнө тус хамтлагийнханд хүсэлт тавьсан байсныг нь ийнхүү хулээн авсан аж.