Тоглолт түр завсарлалаа. Улсын филармонийн тоглолтын танхимд нэг зорилготой цугласан үзэгчид түр амсхийж, дарс шимэн, яриа дэлгэн зогсох нь тэр чигтээ сонгодог. Завсарлага болохоос өмнө ямар тоглолт болсныг хүүрнэхээ азнаад таныг дагуулан тайзны араар зочилъё. Оны шилдэг уран бүтээлчдийн “Виртуозо” тоглолтын зохион байгуулагчдын нэг, хөтлөгч М.Дөлг өөн тун завгүй, хөтөлбөрөө барьчихсан харагдав. Цаахна нь уртын дуучин Б.Мөнхбаатар морин хуурчтайгаа сургуулилна. Үндэсний хувцастай бүжигчид, хөгжимчид болон хар, цагаан хослолоор жигдэрсэн сонгодог хөгжимчид сүлжилдсэн нарийн хонгилд үзэсгэлэн үзэж байгаа юм шиг л хэсэг зогслоо. Энэ хавьд байгаа бүх хүн нүдэнд торж, нэр нь санаанд орж, энэ жил хийсэн тоглолт болон гаргасан амжилт нь санаанд буух нь шилдгүүд цугласны илэрхийлэл биз ээ. Тэд намайг танихгүй ч би тэднийг таньдаг юм шиг л дотно. Тэднийг хамтад нь тайзнаа гаргаж, амжилтаар нь бахархаж, бусдыг ч бахдуулж чадсан хүмүүс нь “Виртоузо” академийнхан.
12 жилийн түүхтэй гарамгай уран бүтээлчдийн “Виртоузо 2014” гала тоглолт өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Улсын филармонид боллоо. Хүмүүс гэртээ баярын уур амьсгал оруулахаар сүлд модоо засаж, хүүхдүүдээ баярлуулдаг энэ үеэр тус академийнхан урлагт элэгтэй үзэгчидтэйгээ оны шилдгүүдээ уулзуулдаг уламжлалтай. Баяр талархал, урмын үг, алга ташилтаар хөгл өгдсөн үдшийн тоглолт сайхан сэтгэлтэй фэнүүдийнхээ илгээмжээр өнгө нэмдэг юм. “Виртуозо” академийн амжилтын “сүлд мод”-ыг хэн чимснийг сонирхуулъя. Тоглолтын салхийг ”UB ballet” сургуулийн суралцагч Хуягийн Тамир хагаллаа. Тэрбээр БНСУ-д болсон өсвөрийн балетчдын уралдаанаас алтан медаль хүртэж, тус улсын Урлагийн академид 50 хувийн хөнг өлөлттэй суралцах урилга хүлээж аваад байгаа залуу авьяастан билээ. Түүний мэргэжлийн багш нь балетийн жүжигчин Ц.Жаргалан. Хүлээлтээр дүүрсэн үзэгчдээ баясгаж, уран бүтээлээ сонирхуулчихаад гэнэн томоогүй инээмсэглэл тодруулан хэдэнтээ мэхийн ёслох энэ хүү удахгүй Монголын балетийн урлагт цахиур хагалах биз ээ. Түүний үйлс бүтээлийг урамшуулан “Гранд” сэтгүүлийн эрхлэгч М.Уранчимэг шагнал гардууллаа. Нэгдүгээр хэсэгт өсвөрийн болон залуу авьяастнууд бүтээлээ сонирхуулсан юм.
Уг наадмын эхний хэдэн жилийн түүх нь сонгодог урлагтай холбогддог байсан бол сүүлийн жилүүдэд Монголын үндэсний урлаг олон улсад танигдаж, уран бүтээлчид авьяас чадвараа гайхуулах болсноор “Виртуозо” наадамд үндэсний болон сонгодог урлагийн шилдгүүд сүлэлдэн оролцдог болжээ. Ятгачин Ч.Мөнх-Эрдэнийн шавь Б.Номууны тоглолт энэ удаа олныг алмайруулав. Хятадын хөгжмийн зохиолчийн бүтээлийг монгол хөгжимчин тоглож, тэгэхдээ мэдрэмж, сэтгэлээ нэгтгэсэн болоод ч тэр үү үзэгчдэд хүрэхдээ ямар нэгэн цочрол, гайхашрал болон хувирч байв. Түүнд “Тод арт” агентлагийг төлөөлөн Б.Намуун шагнал гардуулсан. Дорнын аялгууны араас хаан хуурын намуун аялгуу түрэн орж ирсэн нь ХБК-ийн төгөлдөр хуурын нэгд үгээр курсийн оюутан Ү.Уртнасангийн тоглолт байлаа. Тэрбээр өнгөрсөн жил ч бас амжилтаараа ялгаран энэ наадамд уригдсан. 2014 онд Ф.Шопены нэрэмжит төгөлдөр хуурчдын олон улсын II уралдааны B ангилалд дэд байрын шагнал хүртсэн учраас төгөлдөр хуурч Ч.Тунгалагийн шавь Ү.Уртнасан дахин гарамгайчуудын эгнээнд багтжээ. Түүнд АНУ-д ажиллаж, амьдарч буй дуучин Э.Саран бэлэг илгээсэн байв. Дуучин Э.Саран энэ наадмыг дэмжин, зургаа дахь жилдээ уран бүтээлчдийг урамшуулж буй юм. “Хуурын утсыг тасартал тоглоно” гэдэг зүйрлэл энэ өдөр биеллээ олсон.
Б.Мөнхбаярын тоглолт илүү удаан үргэлжилсэн бол яг л тийм зүйл болох байсан болов уу. Мэдээж хөгжим нь “асуудалтай” болоод ийм зүйл болсон гэж бүү эндүүрээрэй. Түүний тоглож байгаа хэмнэл, эмоци л ийм бодол төрүүлээд байсан юм. Морин хуурыг хийлээс дутуугүй нарийн дуугаргаж байсан нь хөгжимчний ур чадварын илэрхийлэл биз ээ. “Карнеги холл”-ын тайзнаа тоглож асан Б.Билгүүн өдгөө ХБК-ийн хоёрдугаар курсийн оюутан болжээ. Авьяас нь багаасаа тодорч, гарамгай хэмээх алдраа олон жилийн турш хадгалж яваа түүнийг л сонсох гэж энд ирсэн үзэгч ч байсан. “Виртоузо” наадамд зөвхөн монгол уран бүтээлчид оролцдоггүй. Манай улсад суралцахын зэрэгцээ, энд болсон уралдаанд амжилт гаргасан гадаадын хөгжимчдийг ч тоглолтдоо оролцуулж хүндэтгэл үзүүлдэг.
Төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн шавь Хо Инжэ төгөлдөр хуурч Т.Пүрэвс үхийн санаачлан, ХБК-той хамтарч зохион байгуулдаг, төгөлдөр хуураар суралцагч оюутан, сурагчдын тоглох техник, ур чадварыг хөгжүүлэх зорилготой ”Виртуозо-3” уралдааны гран при шагналыг хүртсэн юм. Шилдэг тоглооч энэ удаа ноот харалг үй тоглож, үе тэнгийнхэн болоод хөгжмийн хорхойтнуудын анхаарлыг татав. Түүнд “D light” компанийнхан шагнал гардуулсан юм. Тайзны ард болсон үйл явдлыг хүүрнэх хүртэл эдгээр залуусын тоглолтыг үзэгчид сонордлоо. Завсарлагааны 10 хором ч тэдний тухай яриагаар хөгл өгдөж байсан билээ. Тоглолтын хоёрдугаар хагаст уртын дуучин Б.Мөнхбаатар, Морин хуурын чуулгын хөгжимчин Н.Жигжиддорж, “Түмэн эх” чуулгын бүжигчин Т.Содгэрэл, Улсын филармонийн хөгжимчин Д.Сугархүү, “Хөсөгтөн” хамтлагийн ятгачин Ч.Амарбаясгалан, “Unico ensemble”, утсан хөгжмийн “La Campanella” дөрвөл гээд амжилттай ажиллаж яваа шилдгүүд багтжээ. Тэдний тоглолт угаас гайхалтай байдаг. Түүнчлэн уран бүтээлчид нь “Виртуозо”-д уригдсан учраас “Түмэн эх” чуулгын хөгжимчид болон бүжигчид, “Арга билэг” хамтлагийнхан ч энэ тоглолтод оролцож, баяр нэмэв. “Дурсах, дурсагдах зүйлтэй наадам боллоо” хэмээн наадмыг зохион байгуулагч, сэтгүүлч Р.Оюунжаргал онцолсон байсан.
Урлагийн төлөө цохилох зүрхтэй, уран бүтээлч сэтгэлгээтэй, нэгэн гэр бүл, том хамт олон энэ наадмыг зохион байгуулж, жилдээ нэг удаа урлагийн гялалзсан чимэглэлээр сэтгэл дэх модоо чимэх боломж олгодогт үргэлж талархдаг, баярлалаа. Тэд тайзны ард, хөшигний цаана завгүй бас сэтгэл хангалуун зогсож байгаа.
Ж.СОЛОНГО