Шог зураач Самандарын Цогтбаярын албан өрөөнд кофегоор дайлуулж, халуун яриа өрнүүлээд гарахад “Амьдрал ийм энгийн сайхан бил үү, аз жаргал бидэнд ямар ойрхон байдаг юм бэ” гэсэн хачин тунгалаг, өд шиг хөнгөн бодол тээлээ. Нүүрэндээ үргэлж инээмсэглэл тодруулж явдаг тэрбээр дотоод ертөнцдөө ч инээд цацруулан тархи, зүрх, сэтгэлээ дулаацуулах эрдмийг өөртөө суулгаж чадсан юм шиг. Тэрхүү дулаан энергиэс үйлдвэрлэгдэн гарсан аз жаргалын энгийн “жороо” бусдад харамгүй хуваалцдаг учраас орчин тойронд нь инээд тасардаггүй байх.
-Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, “Гамма” агентлагийн захирал С.Цацралт та хэд энэ намар СанктПетербург яваад ганзага дүүрэн ирж, ховор сонин гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргасан. Энэ ажлыг та бүхэн сайн дураараа хийж байна уу?
-Тийм ээ. Биднийг тэг ингэ гэж хэн ч тулгаагүй. Түүхч, гэрэл зурагчин, зураач гурав хообийгоороо нэгдээд, арт аялал гэдэг зүйл санаачилсан гэх үү дээ. Монгол Улс эртний их түүхтэй ч нүүдлийн соёл иргэншлийн хөлд олон сайхан өв соёл, эх сурвалж маань үрэгдэж, энд тэнд тарсан байдаг. Тиймээс ядаж л Москва, Санкт Петербург хотноо байдаг түүхийн эх сурвалжуудтайгаа танилцаж, оросуудтай олон талаар хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлье гээд бид өнгөрсөн жил энэ ажлаа эхлүүлсэн юм. Өнөө жил албан ёсоор гэрээгээ хийж, Козловын гэр музейгээс авчирсан ховор нандин гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргалаа. Удахгүй каталоги номоо гаргана. Энэ бол дөнгөж эхлэл. Дэлхийгээр нэг тарсан өв соёл, түүхийн дурсгалт эд зүйлс, эх сурвалжуудаа шууд буцааж авна гэж хоосон ярихаасаа түрүүнд эхлээд хаана, юу байна вэ гэдгийг мэдэж бүртгэлжүүлэх хэрэгтэй. Тэгсний дараа харин батаарын олдвор шиг буцаагаад авах боломж нь байгаа. Уг нь энэ ажлыг хувь хүмүүс ганц нэгээрээ хийх бус, төр засгийн бодлогоор хэрэгжүүлэх ёстой юм. Наад зах нь манай төр засаг хятадууд, эсвэл татарууд шиг санаачилга гаргаад эрт цагт Монголоор аялж, тэмдэглэл бичиж байсан 200 гаруй хүний бүтээлийг цуглуулах хэрэгтэй байна. 1700 онд хэвлүүлсэн номыг 500 ам.доллараар худалдаж авах нь улсад бол тийм ч их мөнгө биш. Харин хувь хүмүүст бол энэ бага мөнгө биш. Гэтэл манай төр засаг палентологийн олдвороор хаа сайгүй илэрч л байдаг динозаврын ясыг авчрах гэж хэдэн саяар нь зарцуулсан хэрнээ түүх, соёлын жинхэнэ үнэт эд зүйлсээ бүртгэх, цуглуулах талаар юу ч хийсэнгүй. Манайхан Вандан аваргын зураг байдаггүй л гээд байдаг. Гэтэл Козловын гэр музейд байж байна. Их хүрээнд анхны нисэх онгоц бууж байгаа зураг хүртэл байх жишээтэй. Хэтэвчин дэх мөнгөнийхөө боломжоор бид өөрсдөө очоод энэ мэт ховор нандин зургуудыг авчирч үзэсгэлэн, ном гаргаж байхад үүнийг төрөөс бодлогоор дэмжвэл илүү олон ажил хийх боломжтой.
-Уул уурхай шиг хөрөнгө оруулалт хийнгүүт тодорхой хугацааны дараа үр ашгаа өгдөг салбар биш учраас соёл урлагийг орхигдуулдаг юм болов уу. Нэг л их юм хийсэн хүн болж харагдах боломж өгдөггүй “дүлий” салбар гэдэг.
-Үнэн. Гэхдээ өнөө маргаашийн олох хэдэн төгрөгөөс илүү хойч үедээ үгээр илэрхийлэхийн аргагүй үнэ цэнэтэй зүйл үлдээхийн үндэс нь энэ шүү дээ. Бидэнд өнөөдөр бахархал алга. Ямар ч улсад манайх шиг Төв номын сангийнхаа баганат барилга дээр сурталчилгааны самбар байрлуулдагүй. “Зүлэг ногоон дэвжээ” хэмээн бэлгэддэг Төв цэнгэлдэх хүрээлэндээ бой хийж, хэдэн зуун хонины цус нөж, сэвстэй хутгадаг ард түмэн Монголоос өөр байхгүй. Тиймээс бахархлаа олох хэрэгтэй байна. Тэгэхийн тулд төрд сэтгэл, зүтгэл, мэдлэг, мэдрэмжтэй түшээд олон байх ёстой. Өнөөдөр манай төр засгийн түвшинд тийм хүн цөөн байгаа учраас л дунд сургуулийн монгол хэлний дүрмийн толийг солонгос хүнээр зохиолгож байгаа юм. Тэр солонгос хүн монгол хэл сайн мэддэг байж болно. Гэхдээ тусгаар тогтносон бүрэн эрхт улсад арай ч ийм зүйл байж таарахгүй. Хэчнээн мундаг монгол эрдэмтэн байлаа ч Солонгост очоод дунд сургуулийнх нь сурах бичгийг зохиоё гэвэл солонгосчууд өөдөөс нь “май” гэнэ дээ. Энэ бүхэн нь биднийг хангалттай боловсорч, иргэншээгүй, зөв мэдээлэл, ёс зүйд суралцаагүй байхдаа зах зээлийн нийгэмд шилжсэний горыг харуулж байгаа хэрэг. Энд яриад байгаа зөв, цэгцтэй мэдээлэл, боловсролыг номноос олж уншдаг болохоос интернэтээс биш гэдгийг залуус ойлгох байх. Өнөөдөр манайхан интернэтийг зугаа төдийхнөөр ашигладаг болцгоож.
-Та ч бас интернэтэд маш олон цагийг өнгөрүүлдэг хүн шүү дээ.
-Цахим ертөнцөд нэгдсэн миний гол зорилго нь хүмүүст хайр, инээд бэлэглэх. Анзаардаг бол миний жиргээнүүд улс төр, хэрүүл маргаан, хар бараан зүйлээс хол байдаг. Бас уран бүтээлч хүний хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, шинэ бүтээлээ үзэгч олонтойгоо хуваалцахыг зорьдог. Түүнээс биш цаг нөгцөөх, эсвэл зугаацахын тулд би интернэтэд ордоггүй. Надад тийм цаг зав, боломж байхгүй. Амьдралынхаа ихэнх хугацааг туулчихсан яваа учраас үлдсэн насаа илүү утга учиртай өнгөрүүлмээр байна.
-Үлдсэн амьдралаа утга учиртай өнгөрүүлэхгүй бол болохгүй нь гэдэг бодол танд хэдийнээс төрсөн бэ?
-Яг төдийд гэх хэцүү л дээ. Нас дагаж ухаарал ирдэг гэдэг. Тэр нь амьдрал хэмээх уулын оргил өөд өгсөх замдаа алдаж, онож байж хуримтлуулсан туршлага юм даа. Хүн нас ахих тусмаа уулын оргилд хэрхэн гарах вэ гэдэг арга замыг бусдад зааж өгөх жортой болно гэсэн үг. Тиймээс амьдрал үзсэн хүмүүсийн үг үнэ цэнэтэй. Харин тэртээ доор, уулын бэлд байгаа залуус бусдад заана гэдэг үлгэр. Амьдралын сайхан, муухайг амталж үзээгүй бацаан байж үсээ сүрхий гельдчихээд бусдын үгээр эшлээд цэцэрхээд байвал утгагүй.
-Цогтбаяр гэдэг хүний амьдрал хэр сонирхолтой, адармаатай өнгөрч байна вэ?
-Айхтар айхтар. Хүн амьдралаа сонирхолтой байлгахын тулд өөрөө бас хичээх хэрэгтэй. Тэр тусмаа уран бүтээлч хүн амьдралын бүх зүйлийг үзсэн байх ёстой гэж боддог. Тэгнэ гээд хар тамхи татна гэсэн үг биш л дээ. Би өөрийгөө амьдрал үзсэн хүн гэж хэлнэ. Гурван жил цэргийн алба хааж, 1985 оноос хойш төрийн төв хэвлэлд ажилласан. Майн баяраар “Коммунизм мандтугай” гээд улаан туг бариад жагсдаг байсан би 1990 онд Сүхбаатарын талбай дээрээ хүмүүс өлсгөлөн зарлаад суухыг нүдээр үзсэн.
-Гурван жилийн цэргийн алба хааснаараа хүмүүс бахархдаг. Энэ албыг хааснаар эр хүнд ямар өөрчлөлт ирдэг юм бэ?
-Бахархаад байх ч юу байх вэ. Цэргийн алба хаана гэдэг бол 18 нас хүрсэн эр хүн болгоны үүрэг байсан. Одоог бодоход хугацаа нь харьцангуй урт учраас эр хүнд үг даах чадвар, өл даах тэвчээр, аливаад арай өөрөөр хандах төлөвшил суулгадаг байсан болов уу. Шууд утгаар нь хэлэхэд олон эрс нэг дор цуглахаар ядаж л заримынх нь шалчгар зан хүртэл гайгүй болдог юм (инээв).
-Буян, нүглээс үл хамааран бурхан таныг хүссэн хугацаагаар хүмүүн заяанд төрүүлж өгье гэвэл дуртай зөвшөөрөх үү. Эсвэл хэдэн удаа хүн болж төрчихөөд дараа нь дээш, доошоо өөр төрлийг олох нь танд сонирхолтой байх уу?
-Энэ чинь татгалзахын аргагүй санал шүү дээ. Хүмүүн заяанд төрүүлж өгье гэвэл залбираад л аваад байхаас өөр аргагүй. Энэ бол том хувь тавилан. Урд насандаа хийсэн буяны үрээр бид энд төрж байгаа. Хүн болно гэдэг нь дээд, доод төрлийн яг дунд оршдог учраас хаашаа очих нь таны л сонголт. Буян, нүгэл хийх сонголт өөрт байна гэдэг чинь уран бүтээлч хүний хувьд их сонирхолтой биз дээ. Би долоо хоног архидаж цэнгээд тамын амьдралаар явсан ч болно. Эсвэл бүтэн сар бясалгал хийгээд буян номын мөр хөөж, бусдад сургаал айлдсан ч болно. Үнэхээр кайфтай. Бусад төрөл тэгэх боломжгүй. Буян, нүглийнхээ тэнцвэрийг хадгалаад явахад ер нь гайгүй дээ. Бид ямар алан хядагчид шиг олон хүний аминд хүрч, хулгай хийх биш. Хамгийн дээд нүгэл нь ууж идэх, наргиж цэнгэх, маазрах л юм даа.
-Шог зураач бусад зураачаас юугаараа өөр вэ?
-Шог зураг уран бүтээлчээс арай өөр сэтгэлгээ шаарддаг. Тийм ч учраас хэдэн зуу, мянган зураач байгаа хэрнээ шог зураг зурдаг хүн тун цөөн. Энэ бол байгалиас заяадаг ховор авьяас. Өөрөөр хэлбэл, шог зураг бол сурч болдоггүй мэргэжлүүдийн нэг. Зургийнхаа санаа олох гэж чухал юм бий. Манай зураач нар хэлдэг л дээ, “Би зурж чадна. Гэхдээ шог зургийн санааг олж чадахгүй юм” гэж. Тэгэхээр хүн өөрөө сонгох бус, хүнийг өөрийг нь сонгодог мэргэжил бол шог зураг.
-Намайг сонгосон юм чинь гээд шог зураг зураад байя гэхнээ зах зээлийн нийгэмд амьдрахад хэцүү биш үү?
-Тийм ээ. Энэ бол зах зээлийн нийгэмд амьдралаа аваад явчих мэргэжил биш. Шог зургийг хүн худалдаж авна гэж байхгүй. Тэглээ ч намайг эргэлт буцалтгүйгээр дурлуулсан эд дээ. Хоёр кг махныхаа мөнгийг өөр зүйлээс олчих боломжийг өөртөө бий болгож чадсандаа, хийх дуртай зүйлээсээ урваагүйдээ баярладаг юм. Хэрвээ би мөнгөнд дуртай байсан бол дизайны чиглэлээр ажиллах, эсвэл байшингийн ханан дээр зураг зураад ч юм уу амьдрах боломж надад бий. Гэхдээ тэгж өөрөөсөө урвааг үй, үнэнч яваа нь хамгийн сайхан санагддаг. Шог зургийг хар багадаа хайрлаж дурласан охин минь гэж зүйрлэвэл би эрийн цээнд хүрсэн хойноо загвар өмсөгч, мисс бүсгүйгээр түүнийгээ сольж чадахгүй. Өнгө, мөнгөөр арилжиж зүрхлэхгүй, үнэнч романтик харилцаа бидний дунд байна аа даа. Үүнийг ойлгохгүй зарим нь намайг тэнэг мангараар нь дуудах үе ч бий. Нөгөө талаар хүмүүст хэлэх гэсэн үгээ өөрийнхөө “хэлээр” ойлгуулж, нийгэмд сайх сайхан, гэгээтэй зүйлийг түгээх, тэр зүг рүү олон нийтийг уриалан дуудахад хувь нэмрээ оруулж байгаа нь үнэ цэнэтэй юм.
-Дуртай зүйлээ хийж, хообийгоороо амьдралаа залгуулах нь баргийн хүнд тохиодоггүй хувь тавилан гэдэг. Таныг тийм аз жаргалтай хүмүүсийн нэг гэж боддог. Хэнээс ч хараат бусаар дуртай зүйлээ хийж, хүссэн үедээ хөдөө, гадаагүй найз нөхөдтэйгөө аялж зугаалаад л...
-Аз жаргалтай байхад, тийм амьдралыг бүтээхэд тэгтлээ их зардал ордоггүй юм шүү дээ. Материаллаг бус зүйлээс таашаал авч, байгаа байдалдаа сэтгэл ханаж сурах хэрэгтэй. Заавал сархад ууж мансуурахгүйгээр сайхан хөгжим сонсох, гоё цуглуулгатай болох гээд амьдралаас таашаал авах зүйл олон. Цуглуулгатай болно гээд үнэт эдлэл, чулуун хөөрөг авах мөнгө мэдээж надад байхгүй. Тиймээс өөрийнхөө хэтэвчинд таарсан юмаа л цуглуулдаг. Хайлаастад дөрвөн ханатай гэрт амьдардаг хэрнээ Зайсангийн тансаг хауст оршин суудаг гэр бүлээс хэдэн арав дахин илүү аз жаргалтай айл манайд олон байгаа. Энгийн, тайван сайхан амьдралтай охид өөрийнхөө аз жаргалыг мэдэрч үнэлэхгүй, загвар өмсөгчид шиг болохыг мөрөөдөж бие, сэтгэлээ зовоох хэрэггүй шүү дээ. Гаднаас нь харахад сайхан амьдрал мэт боловч тэр загвар өмсөгч хэрүүл маргаан, атаа хорсол, эд мөнгөний төлөөх тэмцэлтэй “нүглийн хот”-д цаанаа хэчнээн их тарчилж байгааг бид мэдэхгүй. Тиймээс хэчнээн их жаргалтай байгаагаа мэдэрье гэвэл яг одоо байдалдаа л сэтгэл ханах хэрэгтэй. Эцэг, эхээс эрүүл саруул заяасан бие хаа байна, аяга ус ч олдохгүй Африкт төрсөн, үер усны аюулд өртөж гэр бүлийнхнээ алдсан, үзэл бодлоо илэрхийлэх нь битгий хэл залуу сайхан төрхөө ч ил харуулж чадахгүй гивлүүртэй яваа гээд дэлхийн хэдэн сая эмэгтэйгээс илүү жаргалтай байна гэдгээ олж харах ёстой юм. Аз жаргалыг хэмжихдээ материаллаг бус талаас нь хараад, тэр сэтгэлээ удаан хугацааны турш өөртөө хадгалж чадвал амьдрал сайхан шүү дээ. Машингүй байлаа гээд уцаарлаад байхын оронд явган явсан ч манай Улаанбаатар жижигхэн байхгүй юу.
-Та ихэнхдээ явган явдаг гэл үү?
-42-42 гэсэн азын дугаартай хоёр жийп байна, цаана чинь. Бүр хол газар явах бол, эсвэл их хүйтэн өдөр “Хүргээд өгөөч, хөгшөөн” гээд эхнэрийн машины ард суучихна. Ихэнхдээ л хөгжим сонсоод алхдаг даа. Гудамжинд хүмүүс хачин царай гаргаад хэрэлдэж муудалцаж байгаа л харагддаг. Би харин гоё хөгжим сонсоод, сайхан аялгуугаар биеийнхээ гадуур гэрлэн бүрхүүл үүсгээд алхаж явдаг. Амьдрал ийм энгийн сайхан гэдгийг л бид ойлгочихвол аз жаргалтай аж төрж болно. Нийгмийн амьдралын муу муухайг нь түүж сонсоод, “Нарантуул” захын хойд хаалга юм уу, Улаанчулуутын хогийн цэг дээр байнга очоод байвал би лав сэтгэлээр унаж үхнэ. Тиймээс аль болохоор гэрэл гэгээтэй талыг нь харж, олон хүн наранд гарах хэрэгтэй гэж боддог. Өөрөө наранд гарсан бол бусдыгаа бас гараач гэж уриалах нь чухал. Манайхны одоо яриад байгаа материаллаг зүйлийн гачигдал чинь бүх нийтээрээ өлс өж, үгүйрч, байгалийн гамшигт нэрвэгдэж, дайн дажинд өртсөн улс орнуудын дэргэд гарт өргөс орохын төдий зүйл шүү дээ. Бид зовлон үзээгүй болохоороо л жаахан шалчгар байгаад байна. Хүн бүр өөрийнх өө амьдралыг аваад явчихдаг болбол энэ улс их амархан хөгжөөд л ирнэ. Би чамд хөгжлийн жорыг хэлж өглөө шүү (инээв).
-Та эхнэрээ “Хангалттай инээдэг бүсгүй” гэж хэлсэн байсан. Угийн хошин шогийн мэдрэмжтэй хүн үү, эсвэл таны нөлөө байна уу?
-Би хүн инээлгэх их дуртай. Түүнд өртөж инээсээр байгаад сурчихсан юм болов уу даа. Манай хүн харьцангуй их инээдэг эмэгтэйчүүдийн тоонд орох байх аа. Цагаан хэл ам хүрчих вий дээ (инээв). Ер нь инээнэ гэдэг бол их гоё дадал юм. Миний эргэн тойронд инээд байнга байдаг. Хүнийг шүүмжилсэн ч хөнгөн, хөгжилтэй байдлаар хэлэх хэрэгтэй гэж боддог. Айхтар ноцтой царайлаад, амь нь гарах гэж байгаа юм шиг ойр орчиндоо хар энерги тараахын хэрэг алга.
-Амьдралдаа хамгийн их хүсэж, дурлан байж олж авсан зүйл юу вэ?
-Гэр бүлийн хүнээ сонгосон явдал. Энэ бол том зүйл шүү. Гал голомтоо бадрааж, үр хүүхэдтэй болсон нь энэ насныхаа амьдралд бүтээх ёстой зүйлийнхээ тавиас илүү хувийг биелүүлсэн гэсэн үг. Материаллаг зүйлийн тухайд хүн өөрөө хүсэх л юм бол бүхнийг бүтээж чадна.
Л.ГАНЧИМЭГ