Гавьяат жүжигчин Дугараагийн Алтанхуягийн шинэчлэн найруулсан “Цөмөөхэй” бүжгэн жүжиг энэ сарын 24-28-нд үзэгчдээ угтан авна. Үлгэрийн ертөнцийг тайзнаа амилуулж, бүжгийн “хэлээр” үйл явдлыг хүүрнэх энэ балетийн гол дүрийн жүжигчид хэдийнэ тодорчээ. Харин Кларад бүжиглэх бяцхан охидын сонгон шалгаруулалт саяхныг хүртэл үргэлжилсээр өдгөө таван охин сонгогдоод байна. Анх 230 хүүхэд шалгаруулалтад оролцож, 13 охиныг сонгон авсан юм билээ. Бэлтгэлийн явцад тоглолтод оролцох гоцлоочдоо тодруулсан нь энэ.
Кларагийн дүрд 93 дугаар сургуулийн 4б ангийн сурагч Ганбаярын Хүслэн, “Шинэ үе” дунд сургуулийн 4б ангийн сурагч Батсайханы Анхзул, “Орчлон” сургуулийн 6с ангийн сурагч Ганбатын Үлэмжтанан, хоёрдугаар сургуулийн 5а ангийн сурагч Дарханбаярын Энх-Уянга, “Шинэ-Эрин” сургуулийн есдүгээр ангийн сурагч Лхагважавын Уянга нар бүжиглэх аж. Аварга том гацуур мод, бэлэг болон амттаны мухлагаар “гоёсон” шинэ жилийн хамгийн гайхалтай тоглолтын нэг нь яах аргагүй “Цөмөөхэй” билээ.
Дэлхийн олон оронтой хөл нийлүүлэн монгол багачууд ч сонгодог тоглолттой шинэ оноо угтах боломж олгосон “Балетийн хөгжил” сангийнхан тоглолтынхоо хувцас, хэрэглэлийг АНУ-ын “Бостон” балет компаниас авчирчээ.
Ж.СЭЛЭНГЭ