Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Сарьдагийн хийдээс олдсон эд өлгийн зүйлсийг энэ сарын 5-нд анх удаагаа олон нийтэд дэлгэн үзүүллээ. Өндөр гэгээн Занабазар өргөөгөө улам өргөтгөж, шарын шашны төв болгох зорилгоор 1654 онд Хэнтий уулын өвөрт “Рибогэжай гандан шадублин” хийд байгуулж, 1680 оны зун барьж дуусгасан түүхтэй. Гэтэл 1687 оноос Халх, Ойрадын дайн болж, Галдан бошигт Халхын гүнд цөмрөн Хэрлэн гол, Хэнтий уул хүртэл давших үеэр уг хийд сүйдсэн гэдэг. Өндөр Гэгээн энэ хийдэд 20-50 насандаа амьдарч, олон бурхан бүтээжээ. ССАЖЯ, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Богд хааны ордон музей хамтран, Сарьдагийн хийдийн тууринд энэ оны 8-9 дүгээр сард малтлага судалгаа хийж, эд өлгийн олон чухал дурсгал илрүүлсэн юм. Тухайн үеийн гангар шаазан, язгуурын таван бурхан, төмөр дуулга, дээврийн нөмрөг ваар, алх дөш, цүүц, жадны гилбэр, ялтсан хуяг, ханын чимэглэл зэрэг ховор сонин дурсгал нь Манжид эзлэгдэхээс өмнөх Монголын түүх, өв соёлын тухай үнэт мэдээллийг өнөөгийн бидэнд өгөх учиртай.