Францын эзэн хаан Наполеон Бонапартыг адтай давжаа эрсийн эхэнд бичдэг. Гэвч энэ нь эндүүрэл бөгөөд 168 см өндөр байсан тэрбээр цаг үедээ дунджаас ч дээгүүр өндөртэйд тооцогдож байв. Хэвлэл мэдээллийнхний хандлага л сүүлийн үед өндөр, гоолиг хүмүүс рүү хэлбийгээд байгаа болохоос дэлхий нийтийн олонх нь намхан гэгдэхээр байгаа. Гагцхүү амьжиргаа сайжирч, анагаах ухаан хөгжсөнөөр л дундаж өндөртэй эрчүүд эдүгээ цагийн өсвөр насны охидоос өндөр болж эхэлжээ. Их Британийн Эссексийн их сургуулийн багш, эдийн засагч Тим Хаттон 1860-1980-аад оны үед амьдарч асан европ эрчүүдийн 20 насны үеийнх нь биеийн өндрийг судалж, өсөлт хөгжилтэй нь холбоотой мэдээлэл цуглуулан дүгнэлт хийснээ энэ оны эхээр танилцуулсан байна. Түүний тооцоолсноор европ эрэгтэйн дундаж өндөр 1870- 1970 он хүртэлх нэг зууны дотор 11 см-ээр нэмэгджээ. Энэ нь бусад тивийнхний дундаж өндөртэй харьцуулахад хамгийн “үсрэнгүй” өсөлт бөгөөд европчууд XX зууны эхээр буюу дэлхийн хоёр том дайны үед хамгийн хурдан “ургасан” байна. Тэр үед эрүүл мэндийн үйлчилгээ сул, эдийн засаг хямарч байсан ч хүний өсөлтөд сөргөөр нөлөөлөөгүй нь хачирхалтай.
Хаттоны үзэж буйгаар хоёр дайны хоорондох зэрвэс үед буюу 20-иодхон жилд хүнсний үнэ буурсан нь, тэр тусмаа сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ хямд байсан нь европчуудыг өсгөлүүн, нуруулаг болгосон байх талтай гэнэ. “Хүний бие махбодийг ойлгохын тулд түүнийг тоног төхөөрөмж шиг харах хэрэгтэй” гэсэн эдийн засагч Ричард Стекелийн үг бий. Хүний биеийг машин гэж үзвэл түлш нь өдөрт 1200-1400 байх учиртай калори. Калори нь амьсгалах, биеийн илчээ хадгалах, цус эргэлдүүлэх, халдварт өвчинтэй тэмцэх гээд биеийн бүхий л үйл явцыг хөтөлдөг. Тэрхүү калорийг үүсгэж, бидний дотоод хөдөлгүүрийг хөдөлгөгч нь хоол хүнс юм. Ауксологистууд буюу хүний өсөлт судлаачдын тогтоосноор хүн нуруулаг байх, эсэхийн 80 орчим хувь нь удамшлаас шалтгаалдаг бол 20-иод хувь нь эрүүл ахуй, хүнс тэжээлээс хамаардаг. Ямархуу орчин нөхцөлд төрж, өссөн нь тухайн хүний өндрийн 7-10 см-ийг “шийддэг” аж. Тэгэхээр хоол тэжээлийн дутагдалтай, цэвэр усны гачигдалтай орны иргэд бие жижиг, сульдаа байдаг нь үүнтэй холбоотой.
Жишээ дурдахад, НҮБ-аас Хойд Солонгост хийсэн судалгаагаар Солонгосын хойг хуваагдсанаас хойш мэндэлсэн тус улсын иргэдийн 90 орчим хувь нь Өмнөд Солонгосын иргэдээс дунджаар таван см намхан байна. Харин Америкт амьдардаг майя гаралтай өсвөр насныхан уугуул нутаг Гватемалдаа аж төрж буй майя хүүхдүүдээс дунджаар 10 см өндөр байгааг АНУ-ын Темплийн их сургуулийн антропологич Бэрри Богин тогтоожээ. Энэ нь дээр дурдсанаар эрүүл ахуй, хүнс тэжээлтэй холбоотой юм. Европчуудын өндрийг судалж байхдаа Хаттон хүний дундаж өндөр нэмэгдэхийн хэрээр дэлхий дахинд нярайн эндэгдэл буурсныг мөн тогтоожээ. Эх, нярайн эндэгдэл хаа ч нийгмийн гарал үүсэл, тухайн орны эдийн засагтай холбоотой байдаг тул Хаттон эдгээрийн холбоог илүү тодотгохоор Английн Эссексийн их сургуулийн Рой Э.Бэйли, Канадын Гелфийн их сургуулийн Крис Инвүүд нарын эрдэмтэдтэй хамтарч, дэлхийн I дайнд алба хаасан Британийн 2236 цэргийн төрсний гэрчилгээнд үндэслэн хэдэн кг жинтэй, хэчнээн см урт төрснийг нь судалсан байна. Энэ нь тэр цагийн англи эрчүүдийг бүрэн төлөөлж чадахуйц тоо бөгөөд 1890 онд Лондонд бүртгүүлсэн нийт эрэгтэй хүүхдийн гуравны нэг нь аж. (Тэр үед төрсөн хүүхэд бүрийг бүртгэх боломжгүй байлаа).
Зуу гаруй жилийн тэртээх англи хүүхд үүдийн биеийн өндрийг судлахдаа дээрх гурван эрдэмтэн хүүхдийн өсөлтөд ар гэрийнх нь амьжиргааны түвшин, эцэг эхийнх нь нийгэмд эзлэх байр суурь багагүй нөлөөлдгийг тогтоожээ. Тухайлбал сэхээтэн, сурвалжтануудын хүүхдүүд өндөр байсан нь амьдрах орчин таатай, хоол хүнс нь амин дэмээр баялаг байсантай холбоотой бол олон хүүхэдтэй, өрхийн орлого багатай айлын хүүхдүүд үеийнхнээсээ намхан байв. Эмэгтэй хүн бичиг үсэгтэй байх нь ховор байсан үед ээж нь уншиж, бичиж чаддаг, боловсролтой байна гэдэг хүүхэд өсг өл үүн байхын нэг шалтгаан байлаа. Энэ бүхэн өнгөрсөн зууны дунд үеэс өөрчлөгдөж, амьдралын хэв маяг нь төстэй болж ирмэгц дэлхий нийтийн дундаж өндөр ч ойролцоо болжээ. Өдгөө дэлхийн хамгийн өндөр үндэстэн бол нидерландчууд юм. Нидерланд эрчүүдийн дундаж өндөр 185 см бол эмэгтэйчүүд нь дунджаар 170 см байна. Гэхдээ тэд үргэлж өндөр байсанг үй. 1848 онд нидерланд эрчүүдийн дөрөвний нэг нь 158 см хүрэхгүй, нуруу намхан байснаас цэрэгт явж чадалгүй гэртээ харьж байж.
Харин одоо тус улсын 1000 иргэн тутмын ердөө нэг нь 160 орчим см, намхан нуруутай байгаа нь эдийн засгийн хөгжилтэй шууд холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг. Тэгэхээр хүний нурууны үе нугалам, өндрийг нь илтгэх см бүр өөр өөрийн түүхтэй гэсэн үг. “Ямар ч улсын иргэдийн дундаж өндрийг 50-100 жилд хэрхэн өөрчлөгдсөнийг судлахад тухайн орны эдийн засгийн түүхийг мэдэж болно” гэж эдийн засгийн нэртэй түүхчдийн нэг, Унгарын эрдэмтэн Жон Комлос бичсэн нь үнэний хувьтай болох нь үүнээс харагдана.
ХЭР ӨНДӨР БАЙХ НЬ ХУВЬ ЗАЯАГ ШИЙДДЭГ ҮҮ
• Хүн амьдралынхаа эхний жил хамгийн хурдан өсдөг.
• Биеийн өндөр цаг цагаар өөрчлөгддөг. Өглөө дөнгөж сэрэхэд хэвийн хэмжээнээсээ нэг см өндөр байдаг бол үдэш нь буцаад хэвэндээ ордог.
• Хүүхдийн өсөлтөд кофейн, тамхи, харшил хамгийн сөрөг нөлөөтэй. Эдгээрээс хамгийн аюултай нь тамхи. 12-17 настайдаа тамхи татсан хөвгүүд үеийнхнээсээ дунджаар таван см намхан байдаг нь тогтоогдсон.
• Хэт өндөр хүн хорт хавдар тусах эрсдэл их. Харин намхан, пагдгар байх нь зүрх, судасны өвчтэй болох эрсдэл дагуулдаг.
• Өндөр хүмүүс нуруу намхан хүмүүстэй харьцуулахад мөнгө их олдог.
• Удирдах албаныхны дийлэнх нь намхан юм уу, дундаж өндөртэй байдаг.
• Хүн 40 настайгаасаа “агшдаг”. 45 наснаасаа эхлэн 10 жил тутамд дунджаар таван см намхан болдог.
• Цэх зогсож, их алхах нь “агшихгүй” байх хамгийн үр дүнтэй арга.
• Тараг, бяслаг, тахианы мах, лууван, бууцай, шинэхэн жимс, жимсгэнэ өсөлтөд хамгийн тустай хүнс юм.
• Намхан эрчүүд өндөр эрчүүдээс илүү сайн нөхөр байдгийг Нью-Йоркийн их сургуулийн эрдэмтэд тогтоосон.
• Эцгийнх нь өндрөөс 12 см хасаж, эхийнх нь өндөртэй нэмэн, нийлбэрийг нь хоёр хувааж, таван см нэмэхэд эмэгтэй хүний дундаж өндөр гарна.
• Эхийнх нь өндөр дээр 12 см нэмж, эцгийнх нь өндөртэй нэмэн, нийлбэрийг нь хоёр хувааж, таван см нэмэхэд эрэгтэй хүний дундаж өндөр гарна.
• 16 хүртэлх насандаа хоногт дор хаяж 7-8 цагт унтдаг байсан хүн насанд хүрэхдээ нойр муутай үеийнхнээсээ 5-10 см өндөр болох 68 хувийн магадлалтай.
• 170 см ба түүнээс өндөр эмэгтэйч үүдийн гэр бүлтэй болох магадлал ердийн өнд өртэй эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад 25 хувиар бага байдаг.
• 158-172 см өндөр эрчүүд үүнээс намхан, эсвэл өндөр эрчүүдтэй харьцуулахад 75 ба түүнээс урт наслах магадлал нь 21 хувь илүү байна.
Г.ЛХАГВА