Авьяаслаг нэгэн хуучир хөгжимчинг та бүхэнд танилцуулъя. Түүнийг Э.Цэндсүрэн гэдэг. Мэргэжлийн хөгжимчид болон багш нарынхаа сэтгэлд нь хүрч, ур чадвараа тодруулж яваа охин. Хуучир хөгжмийн сургалтын урын санд шинээр оруулсан 20 гаруй зохиолыг анхлан тоглосноор нь түүнийг онцолж болно. ХБК-ийг онц дүнтэй төгсөж, одоо үргэлжлүүлэн бакалаврын зэрэгтэй болохоор суралцаж байгаа юм билээ. Түүнчлэн ҮДБЭЧ-д гэрээгээр ажиллаж мэргэжлийнхээ уралдаан, тэмцээнд тогтмол амжилт гаргадаг. 20 насны босгыг дөнгөж алхаад буй ч олон улсын болон улсын уралдааны тэргүүн байрын шагналаар авьяасаа үнэлүүлээд амжжээ.
ОХУ-ын Буриадын Улаан- Үд хотноо болсон “Найдал-2008” уралдааны IV, гавьяат жүжигчин, дэд профессор С.Цэвэлмаагийн нэрэмжит Өсвөрийн хуучирчдын улсын анхдугаар уралдааны тэргүүн, 2012 онд Төрийн шагналт, ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн улсын II уралдааны дэд тэргүүн, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын нэрэмжит Үндэсний хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдааны III, ОХУын Красноярск хотноо болсон “Надежда” олон улсын Х уралдааны тэргүүн байрын шагнал хүртсэн нь түүний амжилтын нэг л хэсэг нь. Сургуулийнхаа шилдэг оюутан, чадварлаг илтгэгч гээд түүнийг дагах тодотгол олон. Удахгүй тэрбээр “Folk meets classic” нэртэй дөрөв дэх бие даасан тоглолтоо Улсын филармонид хийх гэж буй.
-Хөгжим болгонд давтагдашгүй онцлог бий. Харин хуучир хөгжмийн сайхан нь чухам юу юм бол?
-Морин хуур хөгжим эрэгтэй хүнийг санагдуулдаг бол хуучир нь илүү эмэгтэйлэг. Уянгалаг зөөлөн аялгуутай. Бүсгүйчүүд аргадуулах дуртай шиг хуучрыг ч бас эвийг нь олж, аргадаж тоглодог. Ингэж тогловол бүсгүйн ялдам хоолой шиг уянгалаг аялгуу нь тодордог нандин хөгжим.
-Заримдаа гунигтай дуутай ч юм шиг санагддаг.
-Тоглож байгаа зохиолоосоо л хамаарна. Бас нумтай хөгжмүүд тоглоочоос мэдрэмж их шаарддаг онцлогтой. Сэтгэлдээ хэрхэн бодож тоглосноос аялгуу нь шууд хамаардаг. Хамаагүй зүйл бодвол хөндий хоосон л дуугарна.
-Онц сурч, уралдаанд түрүүлж, үргэлж бүхний манлайд явна гэдэг гайхалтай. Энэ эрч хүчийг юу бий болгодог юм бол?
-Миний өдий хүртэл гаргасан амжилтад гэр бүл, найз нөхөд, багш, эргэн тойрныхон маань чухал нөлөө үзүүлсэн. Би тэднээс эх аван урсаж байгаа жижигхэн горхи. Олон хүнд өртэй болохоор илүү хичээж, итгэлийг нь алдахгүй, ачийг нь амжилтаар хариулна гэж боддог юм.
-Тоглолт болох өдөр ойртож байгаа болохоор хичээнгүйлэн сургуулилалт хийж байгаа гэж бодож байна. Хоногт хэдэн цаг унтаж байна вэ?
-Урлагийн хүмүүс их завгүй байдаг шүү дээ. Хүмүүс ажлаа тараад гэртээ харьж, баяр наадмаар гэр бүлтэйгээ байдаг бол бид тэр үед ч ажлаа хийдэг. Бусдыг унтаж байхад хүмүүст хэрхэн уран бүтээлээ хүргэх тухай бодон бас л ажилладаг. Ажил, амралтаа зөв зохицуулахгүй бол ядаргаанд амархан орчихдог юм. Хоногт 6-7 цаг заавал унтах ёстой. Өглөө эрт босож хөгжмөө давтвал илүү үр дүнтэй байдаг.
-Гэртээ юү?
-Үгүй ээ. Сургууль дээрээ л давтана. Гэрт уур амьсгал нь нийцдэггүй. Бас хөгжмөө тоглож, бэлтгэхдээ аливаа зүйлд сатааралгүй, нэг үгээр бол бясалгаж, бодож давтах ёстой. Тийм болохоор ганцаараа л байсан нь дээр.
-Хуучир хөгжимчин болох шийдвэрийг чи гаргав уу, эсвэл багш нь шавийнхаа авьяасыг таньж чиглүүлэв үү?
-Зургадугаар анги төгссөн жилээ урлагийн хүн болохоор шийдэж ХБК-д шалгуулсан. Одоо бол энэ хөгжмийг тоглож, хөгжүүлж, таниулах нь миний амьдралын зам юм байна гэж боддог болсон. Хуучрыг хятад гаралтай хөгжим, Хятадад үйлдвэрлэдэг гэдэг утгаар манайхан жаахан гадуурхдаг. Гэтэл хөгжим судлаач, түүхчид болон БНХАУ, БНСУ-д сураад ирсэн хөгжимчин багш нар маань хуучир хөгжмийн эртний уг гарвал нь Монголтой холбоотой гэж сонссон гэсэн. Эртний монгол хувилбарыг нь мэдэж, түүнийгээ таниулж хөгжүүлэхийг хүсэж байна.
Тэр бэлтгэлээ 200 хувь хийж, тоглолтоо 250 хувийн чанартай үзүүлнэ гэж зорьж байгаа. Өөртөө өндөр хариуцлага оноож, түүндээ хүрэхээр шамдаж байгаа Э.Цэндсүрэнгийн авьяас бүр дөрвөн настай байхад нь тодорсон гэсэн. Хоёр утастай мандолин барьчихаад “Маамуу нааш ир” дууг тоглож суухыг нь хараад ээж нь шинэ хөгжим авч өгч, охиноо дэмжин, авьяасыг нь хөгжүүлсэн гэсэн. Урлагт элэгтэй аав, ээжийнхээ дэмээр уран бүтээлчдийг дэмждэг олон байгууллагын туслалцаатайгаар тэр ардын урлагийг сонгодгуудтай учруулан үзэгчдэдээ өргөн барихаар зэхэж байгаа.
Ж.СОЛОНГО