“Монголын дизайнеруудын холбоо”, “Шилмэл загвар” компаниас жил бүр зохион байгуулдаг “Гоёл-2015” загварын наадмын шилдгүүд тодорч, Х. Бадамгэрэл Топ модель боллоо.
Наадмын шилдэг оролцогчидыг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо.
Наадмын салхийг хагалан Оросын холбооны улсаас урилгаар оролцож буй загвар өмсөгч Ира Пантаева болон 2007-2014 оны зургаан топ модель Шилмэл загвар компанийн загвар зохион бүтээгч Өнөболорын гоёлын хувцасны коллекцийг өмсөж алхсан юм.
Харин өдөр тутмын хувцасны загварын төрөлд Шилмэл загвар компанийн дизайнер Х.Батзаяа, Лхагва-Эрдэнэ, Батзогсоол, Урангоо нарын бүтээлүүдийг загвар өмсөгчид үзэгчдэд хүргэлээ.
Түүнчлэн Ди Эф Ди Компани, Асрал төв ТББ, Precious fashion house, Хөх хотын “Эртний монгол” компани, ОТХУН загварын студи, Bess tailor загварын урлан, Говь ХК, Мастер Додо ХХК , Сити дээд сургуулийн Монголжингоо загварын товчоо, BGH ХХК, Ур ундрах ХХК, Монгол Солонгосын Политехникийн коллеж , Mon-couture загварын урлан, We are mods товчоо, Аяс кашимерын нийт 30 гаруй загвар зохион бүтээгчдийн урласан коллекц хувцасыг шилдэг 50 загвар өмсөгч амилууллаа.
Үүнээс:
Шилдгийн шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Г.Болор-Эрдэнэ
Шилдгийн шилдэг эмэгтэй загвар өмсөгч: Т.Халиун
Шилдэг үндэсний хувцасны дизайнер: Д.Өнөболор
Шилдэг өдөр тутмын хувцас загвар зохион бүтээгч: Б.Батзогсоол, И.Урангоо
Шилдэг уран сэтгэмжит зохион бүтээгч: Н.Энхсайхан
Шилдэг загварын товчоо: Сити дээд сургуулийн Монголжингоо загварын товчоо
Шилдэг нүүр хувиргагч: Н.Наранмандах
Шилдэг үсчин: Н.Баярчимэг нар тус тус шалгарлаа.
Харин шилдгийн шилдэг загвар зохион бүтээгчийн шагналыг "Эдүгээ" коллекцоор Говь ХК-ийн дизайнер Э.Батцэцэг авсан бол We are Mods загварын товчооны загвар зохион бүтээгч Томи ирээдүйтэй дизайнер шагналын эзэн боллоо.
Мөн энэхүү хувцас загварын наадмыг ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын эзэд энэ өдөр тодорлоо. Тодруулбал, Красис брэндийн нэрийн шагналыг загвар өмсөгч Билэгжаргал, Шүрэнцэцэг, Долгион, дизайнер Ариунзаяа нарт гардууллаа. Харин Лакме Монголиа брэндийн нэрийн бэлгийг дизайнер Түвшинзаяа ,модел Баярцацрал нарт өгсөн юм.
Ийнхүү 26 дахь жилдээ зохиогдож буй “Гоёл-2015” наадам шилдгүүдээ тодрууллаа.
Г. Оюунт
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ